МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б. Буяндэлгэрээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 33 дугаар тогтоолыг хүлээн авлаа. Хэдийгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 4 дүгээр заалт – “уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа” бол “Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж... маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана” гэж байгаа ч, бидний гаргасан өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан уг шийдвэр нь дараах учир шалтгаанаар үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 04 дүгээр дүгнэлтийг зааж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 4 дүгээр заалтыг журамлаж байгаа нь буруу зүйлчилсэн хэрэг мөн. Учир нь, тус маргаанд Ө. Сэргэлэн, Н. Баасанжав нар нь бидний гаргаж буй өргөдлийн эсрэг утгатай өргөдөл гаргаж, харин УИХ нь сонгуулийн мандатуудын тоог сонгуулийн тойргийн хүн амын тоонд нь хувь тэнцүүлэн хуваарилах нь зүйтэй гэсэн бидний эдүгээ сахихыг шаардаж буй зарчмыг баримталж, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тэр байр суурийг мөн дэмжсэн билээ. Иймд, 1993 оны 04 дүгээр дүгнэлт нь бидний өргөдөл зөв болохыг батлах ач холбогдолтой нотлох баримт болохоос, няцаах үндэслэл биш болно. Түүнээс эшлэн дурьдваас:

a. “Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан /Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга/, Ц.Товуусүрэн /Улсын Их Хурлын гишүүн/ нараас бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо дараах тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

... Сонгуулийн хуулийг Улсын Бага Хурлаар хэлэлцэх үед энэ асуудлыг (Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хангах талаар) онцгой анхаарч үзсэн юм. Сонгуулийн тойргийг тогтоохдоо засаг, захиргааны нэгжийг баримтлах ёс дэлхийн олонх оронд байдаг тул хэрэглэсэн билээ. Харин ойролцоо тооны хүмүүс сонгуулийн нэг мандатад оногдож байхаар дараах аргачлалыг хийсэн. Тэр үеийн мэдээгээр 18 наснаас дээш насны хүмүүс 1,098,743 байсан. Үүнийг 76-д хуваахад нэг мандатад ногдох сонгогчийн тоо 14,457 болж байв. Тойрог тус бүрийн сонгогчийн тоог энэ дундаж тоонд хуваахад уг тойрогт оногдох мандатын тоо гарч байгаа юм. Гарсан тоог ойролцоолж дээш доош нь орон дэвшүүлэх замаар бүхэл тоо болгосон. Ийнхүү нэг мандатад ногдох сонгогчдын тоо нийт тойрогт ойролцоогоор ижил байхад тойрог, тойрогт мандатын болон сонгогчдын тоо өөр өөр ч гэсэн нэг саналын хувийн жин бүх тойрогт бас ойролцоогоор ижил байдаг учраас сонгуулийн тэгш эрх огт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ. 

Дээрх тодорхойлолт нь 1992 оны УИХ-ын ээлжит сонгууль нь сонгуулийн мандат бүр тэнцүү тооны сонгогчийн төлөөлөлтэй байх нэгдмэл улсын сонгуулийн зарчмыг баримталсан гэх бидний үндэслэлийг ийн нотлохын сацуу, УИХ энэ зарчмыг тохиолдлоор сонгосон бус, тэгш эрх ба шударга ёсны зарчмуудыг харин ч онолын түвшинд ухамсартайгаар хэрэглэж, сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хэрхэн тооцон гаргасныг гэрчилсэн чухал нотлох баримт мөн.

b. Мөн дүгнэлтийн 6 дугаар нүүрэнд:“... Д.Лүндээжанцангаас: ...Хэлэлцэж буй асуудлыг тодруулахын тулд би түүхэн зарим баримт сөхвөл 1991 оны 10 дугаар сард Улсын Бага Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед гишүүн Очиржав санал гаргаж сонгуулийн тэгш эрхийн зарчмыг байх хэрэггүй гэж санал хураалгаж шийдвэрлэжээ.” гэж тодорхойлсон нь сонгуулийн тэгш эрхийн зарчмыг үгүйсгэсэн хэрэг биш билээ.

Тэгш эрхийн зарчим нь ардчилсан аливаа улсын Үндсэн хуульд ерөнхий, том утгаараа агуулагдаж, хамгаалагдаж байдаг. Libertй (эрх чөлөө), йgalitй (тэгш эрх), fraternitй (ахан дүүсийн барилдлага буюу манайд эв нэгдэл гэж орчуулагдаж ирсэн) хэмээх 1789 оны Францын хувьсгалын уриа нь орчин үеийн АРДЧИЛЛЫН онол, практикийн тулгуур зарчмууд болж хувирсан юм. Хүн төрөлхтний энэ эрхэм зүйлсийг манай Үндсэн хууль ч хүлээн зөвшөөрч, преамбула буюу тус Үндсэн хуулийг чухам юуны төлөө зохиож, баталж буйгаа илэрхийлсэн урьтал хэсэгтээ “МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД” гэсэн титэм дор ёс төгөлдөр тунхагласан байдаг. Мөн, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт ч: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны ҮНДСЭН ЗАРЧИМ мөн” гэсэн нь үүнийг давхар баталгаажуулсан хэрэг билээ. Цаашилбал, төрийн эрх зүйн онолд эрх чөлөө, тэгш эрх нь хүний эрх, ардчилсан ёс болон шударга ёсны суурь, үндэс гэж үздэгийг эрхэм Цэцийн гишүүд андахгүй биз ээ. Ялангуяа, эрх чөлөө, тэгш эрхийг нотлох ямарваа шаардлагагүй, бурхнаас хүнд заяасан, салшгүй эрх гэж төр эрх зүйн онолын тулгуур эх сурвалжуудад хэдэн зуун жилийн тэртээгээс тэмдэглэн үлдээсэн ба одоо ч нотлох шаардлагагүй илэрхий үнэн мөн. Иймд, мандатыг сонгуулийн тойрогт хэрхэн хуваарилах нь хэзээд тэгш эрхийн асуудал мөнөөс мөн байхын сацуу түүгээрээ улбаалан ардчилал, хүний эрх, шударга ёстой хүйн холбоотойгоос гадна, ардчилсан төрийн зохион байгууламжийн асуудалтай давхар холбогдохоос өөр аргагүй юм.

Төрийн зохион байгуулалт тэгш эрхийн зарчимтай холбогдох тухайд. Холбооны улсын субъект нь мужууд байдаг учир тэдгээрийн тэгш эрхийг хангаж ижил тооны сонгуулийн мандат хуваарилдаг. Тухайлбал, АНУ-ын Сенатад 50 муж улс (State) болгоныг хоёр мандатаар төлөөлүүлдэг, ОХУ-н Холбооны Зөвлөлд (Совет Федерации) мөн л тус бүр хоёр мандатаар Холбооны 85 субъект (Субъект Федерации) болгоноос томилдог ба чингэхдээ мужуудын хүн амын тоог үл харгалздаг билээ. Харин Монгол шиг нэгдмэл улс орнууд зөвхөн засаг захиргааны нэгжид л хуваагдах учир тус улсын иргэд нь сонгуулийн шууд эрхтэй ба түүнийгээ тэгш эдэлдэг болно. Монгол Улс нь нэгдмэл улсын хувьд чухам энэ зарчмаар сонгуулийн мандатуудаа хуваарилах учиртай бөгөөд үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ч 1993 оны 12 дугаар сарын 22-ны 04 дүгээр дүгнэлтээрээ баталгаажуулсан юм. Гэтэл УИХ-ын 2020 оны 15 дугаар тогтоол нь энэ зарчмыг эвдэж, сонгуулийн мандатуудыг Монгол Улсын иргэдэд илтэд харилцан эрх тэнцвэргүй, шударга бусаар хуваарилсан нь манай улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, мөн 2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийг буюу “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөн хуралдаанд УИХ-ын Тамгын газрын ажилтан Б. Энэбиш тайлбар өгөхдөө:

“Аливаа ардчилсан сонгууль нь:

Сонгуулийн бүх нийтийн зарчим

Шууд сонгох зарчим

Сонгууль чөлөөтэй явуулах зарчим

Сонгуулийн тэгш эрхийн зарчим гэсэн дөрвөн үндсэн зарчимтай байна...

...тэгш эрхийн зарчмыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх, тойрог, хэсэг байгуулахдаа оршин суугчдын харьцааг адил байлгах, төлөөлж буй хүмүүсийн тоо нь тэнцүү байх, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүдийн ашиг сонирхлыг нь төлөөлж буй хүмүүсийн тоо нь ойролцоо байх, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн кампани зэрэг тэгш, аливаа ялгаваргүй оролцох, сонгогч бүрийн санал өгөх боломж адил хангагдсан байх зэрэг болно... Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд мөн хуулийн 14 дүгээр зүйлд буй “эрх тэгш байх” зарчмыг улам тодотгожээ. Түүнийг хязгаарлаагүй байна.” гэж тодорхойлсон нь энэ маргааны мөн чанар, утга агуулгыг онож хэлжээ. 

c. Мөн дүгнэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлан заагаагүйн гадна уг хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын хуралдааны удаа дараагийн протоколд сонгуулийн тэгш эрхийн зарчмын талаар ямар нэгэн санал гараагүй байна.” гэсэн нь сонгуулийн тэгш эрхийн зарчмыг мөн үгүйсгэсэн хэрэг биш юм. Онолын хувьд, сонгуулийн тэгш эрхийн тухай Үндсэн хуульд оруулаагүй нь – эрх зүйд тавталоги буюу нэг зүйлийг олон удаа давтахыг цээрлэдэгтэй холбоотой. Иймд, эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдлийг нэгэнт Үндсэн хуулийнхаа суурь зарчим болгон тунхагласан учир зүйл заалт болгонд түүнийгээ ахин дахин дурьдаад байх шаардлагагүй юм. Үнэндээ, нийт 70 зүйлтэй Үндсэн хууль дотор “тэгш эрх” болон “ялгаварлан үл гадуурхах” гэсэн үг ердөө 14, 16 дугаар зүйлүүдэд л илэрхий таардаг ч, Үндсэн хууль маань бүхэлдээ бидний эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдлийг зүйл бүрээрээ батлан хамгаалсан суурь баримт бичиг билээ.

Дүгнэлтэд энэ өгүүлбэр орох болсон шалтгаан нь Ө. Сэлэнгэ нарын өргөдөл нь өөрөө эрх зүйн логик алдаатай байсантай холбоотой гэж үзэж байна. “1992 оны сонгуулийн хуульд сонгогчийн тоог мандатад тэгш хуваарилах коммунист аргыг хэрэглэснээс төлөөллийн зарчим алдагдав” гэх зэргээр – нэг талаас, хүн амын тоог үл харгалзан засаг захиргааны нэгжүүдэд ижил тооны мандат хуваарилахыг шаардах атлаа, нөгөө талаас, үүнийгээ тэгш эрхийг хамгаалах талаас тайлбарласан нь эрх зүйн логикийн дотоод зөрчил үүсгэжээ. Өргөдөл гаргасан этгээд “Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд сонгуулийн тэгш эрхийн зарчим тусгагдаагүй орхигдсон юм” гэх зэрэг үндэслэл гаргасан тул сонгуулийн тэгш эрхийн зарчим ямарваа нэгэн тусгай томьёоллоор Үндсэн хуульд тусгагдаагүй, хэлэлцэгдэж ч байгаагүй тул ердийн утгаар ойлгож, хэрэглэх ёстой гэдгийг Цэц ийн томьёолсон гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, “... тэгш эрх нь... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг замын хөдөлгөөний тэгш эрх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш эрх, цэрэг, цагдаагаар хамгаалуулах тэгш эрх, сонгуулийн тэгш эрх гэх мэтээр Үндсэн Хууль дотор бүгдийг задлан тоочих нь боломжгүй, бас утгагүй юм. 

Харамсалтай нь, Монгол Улсын гавьяат хуульч Г. Совд агсаны даргалж байсан анхны Үндсэн хуулийн цэцийн энэхүү 04 дүгээр дүгнэлтийг дараа дараагийн Үндсэн хуулийн цэцүүд буруу тайлбарлан хэрэглэж, утгыг завхруулсан гэж үзэж байна. Тус дүгнэлтийг дээр дурьдсан гол утга агуулгыг таягдан хаяж, гагцхүү “Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлан заагаагүй” гэсэн өгүүлбэрийг дотроос нь сугалан авч, түүгээрээ УИХ нь шударга ёс, тэгш эрхийг үл хэрэгсэн сонгуулийн тойргуудад мандатуудыг ямар ч байдлаар дур зоргоороо хуваарилах хэмжээлшгүй эрхтэй мэт тайлбарлаж иржээ. Яг энэ мэтийн туйлын казуалист аргаар Үндсэн хуулийг тайлбарлахдаа хүрвэл түүний бусад бүх зарчмуудыг адил гутаан гуйвуулж болно. Тухайлбал, “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй л гэж байдаг болохоос амьсгалах эрхтэй гэж ганц ч заалт байхгүй” гээд энэ өгүүлбэрийг чухам яаж ч төгсгөж болох бус уу?

2. Энэ завхралын эхлэл суурийг Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны 11 дүгээр дүгнэлт тавьжээ. Яагаад гэвэл, түүнээс хойш энэ дүгнэлтийг эшлээд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 4 дүгээр заалтыг журамлан: “Үндсэн хуулийн цэцийн өмнө шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд ижил байна. Өөрөөр хэлбэл уг маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан дүгнэлт хүчинтэй байна” гэж элдэв хэцүү асуултад хариулахгүй, хэрэг үүсгэхээс татгалзах боломжийг бүрдүүлсэн байна. Түүний холбогдох хэсгийг судалж, эрх баригчид ямар эрх зүйн гаргалгаа хийн үндэслэлээ олсныг нягтлахад: “Гурав... УИХ-н гишүүн нь зөвхөн тойргийн сонгогчдын эрх ашгийг бус Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг билээ. Иймээс ... аймаг, нийслэлд амьдарч байгаагаар нь ялгавартай хандаж шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан хэрэг биш юм.” хэмээн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дондог, С. Баярцогт, Ц. Мөнх-Оргил нарын гишүүд тодорхойлжээ. Энэ бол логикийн хэд хэдэн алдаатай, хүчингүй үндэслэл юм. Үүнд:

a. Энэ нь логикийн индукцийн аргыг буруу хэрэглэсэн сонгодог жишээ мөн. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн бүр хүүхэд байсан, тийм болохоор хүүхэд болгон эрэгтэй хүн болно гэсэн ташаа дүгнэлттэй утга нэг. Улсын Их Хурлын гишүүн нь жалга довны үзэлд автахгүй, нийт ард түмний ашиг сонирхлыг илэрхийлэгч байх ёстой гэж Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг нь эрхэм гишүүдэд үүрэг болгосон болохоос биш иргэдийн тэгш эрхийг өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн шамшигдуулахыг тэдэнд зөвшөөрсөн заалт биш юм.

Нөгөөтээгүүр, бид бүгд эцэг эхээсээ төрөхдөө өөр, өөр мөрөөдөлтэй, царайтай, бодолтой. Оршин суугаа газраа ч сонгохдоо өөр өөрийн бодол, ажил амьдралын хэмнэл, хэв маяг, итгэл үнэмшил, таашаал, эргэн тойрныхоо хүмүүс, орчноо харж байж сонгодог. Гэтэл “та нарын хэний ч саналыг яаж ч авах ялгаа юу байсан юм, бүгд ижил” гэсэн цаад утгатай энэ үгс иргэд ба эрх баригчдын тойрон хүрээлэл гэж биднийг шууд ялгаварлан дорд үзсэн дэндүү дээрэнгүй, өршөөж боломгүй мэдэгдэл түүхэнд хар бэхээр бичигдэж үлджээ. Магадгүй, энэ бол бидний өнөөгийн нийгмийн бодит тусгал мөн байж болох ч түүнийг Үндсэн хуулиар зөвтгөх эрх хэнд ч үгүй билээ.

b. Хэрэв УИХ-н гишүүд тус бүртээ хэдэн хүнийг ч төлөөлж байсан эцэстээ ялгаагүй, нийтээрээ бүх ард түмнийг төлөөлдөг л юм бол, цорын ганц сонгогчтой сонгуулийн тойрог байгуулж ч болох бус уу? Дэгстүүлж байна гэвэл хэдэн хүн байвал дэгстэхгүй, зөв болох юм бэ? Хоёр? Гурав? Эсвэл 100? 1000? Гэх мэт үргэлжлүүлэн мэтгэлцэх юм бол сонгуулийн мандат бүрт сонгогчдын тоо эн тэнцүү байх ёстой гэсэн логик ба ёс зүйн хувьд цорын ганц зөв дүгнэлт аяндаа гарах болно. (Contradiction in contrari-um буюу эсрэгээс нотлох арга). Эцсийн дүндээ, Үндсэн хууль маань чухам ийм завхралыг бий болгохгүйн тулд оршиж, бүх иргэдийнхээ тэгш эрхийг хамгаалдаг хамгийн том норматив акт билээ.

c. МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИДЭНД энэ ямар ач тустай вэ? гэж хамгийн түрүүнд асуух ёстой асуулт юм. Ингэж тэгш бус хуваарилах бодит хэрэгцээ яг юу байсан юм бэ гэдэг энгийн логикийн асуултад УИХ ч, Үндсэн хуулийн цэц ч хариулахгүй байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс бидэнд хүргүүлсэн 33 дугаар тогтоолын 2-т УИХ нь “... Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтоох онцгой бүрэн эрхтэй...” гэсэн нь мөн л логикийн алдаатай байна. Энэхүү онцгой бүрэн эрх гэдэг нь Улсын Их Хурлаас өөр аливаа этгээд сонгуулийн хууль, түүний дагалдах журам, дэглэм сэлтийг тогтоож болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт болохоос Үндсэн хуулиар дархалсан ард түмний эрхийг УИХ дураар хөсөрдүүлэх бүрэн эрх олгосон хуулийн заалт огт биш билээ. Хэрэв сонгуульд тэгш эрхийн асуудал ямар ч хамаагүй бөгөөд хууль тогтоогчид гагц өөрийн дур зоргоор яаж ч шийдвэрлэх бүрэн эрхтэй гэх дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гаргаваас энэ нь хүн төрөлхтний орчин цагийн хууль эрх зүйн түүхэнд цоо шинэ прецендент үүсгэх биз ээ.

3. Хүн төрөлхтний ардчилсан хөгжлийн олон зуун жилийн туршид сонгуулийн тойрог болон мандатуудыг энэ мэтээр өөртөө ашигтай болгон гуйвуулах хомхой санаа нэг бус мэргэн улстөрчийн толгойд төрж байсан нь ойлгомжтой. Үүний нэгэн тод жишээ бол жерримандеринг1 (АНУ-ын Массачусетс мужийн амбан захирагч Gerry Elbridge үүнийг анх сэдсэн бөгөөд саламандер буюу өнгө зүсээ хувиргадаг домгийн гүрвэлийн нэртэй түүний нэрийг нийлүүлж энэ нэр томьёо анх үүссэн түүхтэй.) гэсэн нэрээр алдаршсан мэх юм. Шударгаар ялах боломжгүй нам сонгуулийн тойргийн хилийг этгээд хэлбэрээр тэглэн зурдаг энэ залийг эдүгээ хүн төрөлхтөн ардчиллыг гутаан завхруулсан процесс гэж үздэг. Гэтэл энэ зальхай аргыг хэрэглэгчид хүртэл сонгогчийн саналын тэгш эрхэд халдаж зүрхэлдэггүй, зөвхөн тойргийн хилээр тоглодог билээ. Жишээ болгож зургуудыг хавсаргав.

(Зураг 1. 50 хороог дотроо 10 хороо бүхий 5 сонгуулийн тойрогт хуваах ёстой. Эдгээр 50 хорооны 60% нь шарыг, 40% нь ногооныг дэмждэг.)

(Зураг 2. Тойргуудыг хэрхэн хувааснаас хамаарч ногоонууд 0, 3, 3 эсвэл 2 суудал авна. Гэхдээ аль ч хувилбар нь сонгогчдын тэгш эрхэд шууд халдаагүйг анхаарна уу.)

Манайд ардчилсан ёс дөнгөж тогтоод гучхан жил болж, бид нар бүхнийг шинэ тутам сурч яваа ард түмэн билээ. Манай ээдрээтэй түүхийн нэгэн хэсэг хэмээн үзэж, бид өмнө гаргасан алдаа дутагдлаа аль болох хурдан засаж залруулж явах учиртай. Үүнийг хэлэхийн ялдамд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 4 дүгээр заалт нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг үр ашиггүй олон өргөдлөөс хамгаалж, татвар төлөгч бидний мөнгийг гамнах арга хэрэгсэл болохоос, онол практикийн чухал асуудлуудыг хэзээ ч дахин сөхөхгүй болгох “тамын цоожны” үүрэг гүйцэтгэгч биш юм. Учир нь: 

a. Үндсэн хууль нь олон арав, магадгүй зуун жилийн настай эрх зүйн үндсэн баримт тул сүүлд төрсөн үеийн иргэд өөрсдийн Үндсэн хуулиар дархалсан эрхээ хамгаалах боломжоо нэг мөр хаалгах учиргүй билээ.

b. Тухайн улс орны улс төр, нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд Үндсэн хуулийн яг нэгэн зүйл заалтыг ойлгож, тайлбарлах байдал орвонгоороо өөрчлөгдөж болдог бол тэр боломжийг хааж, боомилох ёсгүй юм. Хэрэв тийм биш байсан сан бол хүн төрөлхтөн одоо ч арьс өнгөөр, хүйсээр нэгнээ ялгаварласаар л байх байсан бус уу? 

Бусад улс орнуудын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцүүд нь өөрсдийнхөө өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдээ цуцлах нь хэвийн үзэгдэл. Харин үүний тулд шинээр үүсгэж буй маргаан нь нэг асуудлыг өөр өнцгөөс дэвшүүлсэн байх ерөнхий, бичигдээгүй шаардлага байдаг. Иймд, бидний энэ өргөдлийг чухам энэхүү саарыг засах түүхэн боломж гэж үзэн, гарздалгүй ашиглахыг Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын иргэд бид шаардаж байна.

ӨРГӨДӨЛ ГАРГАСАН

Т.Бат-Оргил Д.Миеэгомбо

ЖИЧ: Бидэнд хүргүүлсэн 33 дугаар тогтоолд 2008 оны 85 дугаар тогтоол, 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн магадлал зэргийг дурдсан боловч Үндсэн хуулийн цэцийн цахим хуудсанд ч, legalinfo.mn цахим санд ч хайгаад олдохгүй байгаа тул бид хариулах боломжгүй байна.

1Зургуудын эх сурвалж: By M.boli - Own work. Derived from an image by Steven nAss, CC BY-SA 4.0


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)