Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.7 хувиар өснө

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас манай улсын болон Ази тивийн 2019, 2020 оны эдийн засгийн төлөвийг гаргаснаа өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, инфляц зорилтот түвшинд буюу 6.8 хувь байв. Тэгвэл энэ жил ДНБ-ий өсөлт өмнөх жилийнхээс буурч 6.7, ирэх онд 6.3 хувь болно хэмээн таамаглажээ. Харин инфляц энэ жил 8.5, 2020 онд 7.5 хувьтай байна гэж тооцоолсон.

Эдийн засгийн өсөлт 2019-2020 онд бага зэрэг буурах ч өнгөрсөн оны макро эдийн засгийн эерэг үр дүнгийн нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсний ачаар хөгжлийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэхийг АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен онцлов. Түүнчлэн дээрх хугацаанд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт өсөн, тээврийн салбарын орлого сайжрах гэнэ. Мах боловсруулах, экспортлох зах зээл тэлж, үйлчилгээний салбарын хөгжилд ч ахиц гарах боломжтой гэв. 

Ингэснээр төсвийн хөрөнгийн хэмжээ өсөн, барилгын салбарын үйл ажиллагаа ч сэргэх төлөвтэйг дурдлаа. Харин Засгийн газраас төсвийнхөө санхүүгийн удирдлага, сахилга батыг сайжруулах, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаа болон хөрш орнуудын эдийн засгийн төлөвөөс үүдэх санхүүгийн эмзэг байдлыг тооцох, макро эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэйг дурдав. Мөн томоохон төслүүдээ амжилттай үргэлжлүүлж, татвар болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлбэл эдийн засгийн болзошгүй хүндрэлээс сэргийлэх боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)