Монгол Улсын эдийн засаг дахь гадаад нөлөө-2017 онд

Монгол Улсын эдийн засгийн 2017 оны төлөвийг эдийн засагчийн зүгээс бус гадаад харилцааны талаас судалж, дүн шинжилгээ хийн, таамаг гаргав.

Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монгол Улсын хүн ам цөөн, эдийн засгийн хувьд ч жижигдээ орно. Хүн ам цөөн учир нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өслөө ч хөрш болон бүс нутгийн бусад орны хэмжээнд дөхөж очихгүй нь ойлгомжтой. Олон улсын тавцан дахь бичигдээгүй хуулийн дагуу хөрш, бүс нутгийн ба дэлхийн хэмжээнд нөлөөтэй орнуудын бодлогын манай улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээ нь хамаагүй их юм.

Иймээс цуврал нийтлэлээр дамжуулан эдгээр орны гадаад бодлого 2017 онд манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалж, дүн шинжилгээ хийн, таамаг гаргалаа. Ингэхдээ дэлхийн хамгийн том эдийн засагтай, өргөн хэмжээнд гадаад бодлого хэрэгжүүлдэг, ихээхэн гадаад худалдаа хийдэг АНУ-аас эхэлье.

Юуны өмнө энэ оны нэгдүгээр сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Дональд Ж.Трамп тангаргаа өргөж ажилдаа орсныг онцлох хэрэгтэй. Шинээр сонгогдсон өмнөх ерөнхийлөгч нар уламжлалт түншүүдээ хаялгүй, уламжлагдан ирсэн гадаад бодлого, улс орны эрх ашгаас хол хазайхгүйгээр гадаад бодлогоо тодорхойлдог байсан. Харин Дональд Трамп АНУ болон дэлхий даяар шинэ эрин эхэлснийг зарлан, эдийн засгийн хувьд гадагшаа нээлттэй биш, дотогшоо чиглэсэн бодлого барина гэдгээ зарласан.

Чөлөөт худалдааны гэрээнүүдийг цуцалж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихээ ажил авсан эхний долоо хоногтоо харуулсныг энд жишээлж болно. Гадаад бодлогын хувьд уламжлалт холбоотнууддаа найдахаасаа илүү харилцаа нь Хүйтэн дайнаас хойш хамгийн “доод” хэмжээнд очсон, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь чухал гэж үзэж байгаагаа батлан ерөнхийлөгч Владимир Путинтэй нь утсаар ярьсан. Ингэхдээ тэрбээр алан хядах үйл ажиллагаатай тэмцэх тэмцэлд ОХУ-ыг гол хамтрагчаа хэмээн үздэгээ илэрхийлжээ.

Нөхцөл байдлыг нэгэнт судалсан юм чинь одоо дүн шинжилгээ хийж таамаг гаргая. Монгол Улс, АНУ-ын хоорондын гадаад худалдаанд тийм ч их өөрчлөлт гарахгүй байх. Өнгөрсөн онд Монгол Улс АНУ руу 10.461.500 ам.долларын бараа үйлчилгээ экспортлосон нь нийт экспортын 0.2 хувийг эзэлжээ. Тэгвэл АНУ-аас 139.229.300 ам.долларын бараа үйлчилгээ импортолсон нь нийт импортын дөрвөн хувийг эзэлсэн нь гуравдагч хөрш, чухал түнш гэж үздэг орны хувьд чамлахааар үзүүлэлт юм. Монгол Улс АНУ-аас авдаг бараа бүтээгдэхүүнүүдээ авсаар байх болно.

Нэн ялангуяа “Apple”, “Microsoft” зэрэг технологийн салбарынхны үйлдвэрлэж, борлуулдаг бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр.  Монгол Улс гадаад худалдааныхаа дийлэнхийг хоёр хөрштэйгөө хийдэг. Үнэндээ Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаанд анхнаасаа улс төрийн шинж давамгайлсан байсан. АНУ-ын хувьд барууны үзэлтэй, ардчилсан, либерал холбоотон хэрэгтэй байсан бол Монгол Улсын хувьд хоёр хөршөөсөө хэт хамааралтай байдлаас гарах гарц хайж байсан нь харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх боломж бүрдүүлсэн.

Уг харилцаа ч энэ хэв байдлаа алдалгүй өдийг хүрсэн (зарим жижиг хөрөнгө оруулагчдыг эс тооцвол шүү дээ). Монгол Улс АНУ-аар дамжуулан холбоотон нь болох Европын холбоо, Япон, БНСУ болон АСЕАН-ы орнуудтай харилцаагаа бэхжүүлэх арга зам болгож ашигладгаараа энэ харилцаа нэн чухал юм. Гэхдээ энэ байдал цаашид хэвээр хадгалагдах магадлал багасаж байна. Тодруулбал, нэгдүгээрт, хэрвээ АНУ-ын гадаад бодлого дотогшоогоо харсан байдлаар цаашдаа үргэлжилнэ гэвэл газар зүйн байрлалын хувьд алслагдмал Монгол Улстай харьцах харилцааны эрч сулрах магадлал өндөр юм.

Монгол Улс байтугай Европын орнуудтай харьцах харилцаа ч эрчээ алдах талтай байгаа. Хоёрдугаарт, ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа ерөнхийлөгч Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Путины хуучин ЗХУ-ын үеийн нөлөөллөө бүс нутагтаа сэргээхийг санаархсан байдалд хориг үйлдэл үзүүлэх магадлал тун бага болж байна. Ийм тохиолдолд Монгол Улсын зөвхөн АНУ-тай харьцах харилцаа ч биш, бусад гуравдагч хөрштэй харьцах харилцаа цар хүрээний хувьд хумигдах юм. ОХУ-ын талаас өөрийн улс төрийн нөлөөг ихэсгэхийн тулд эдийн засгийн арга хэмжээ авахаас буцахгүй гэдгийг Гүрж, Украинд болсон үйл явдлуудаас харж болохоор байгаа юм.

Гэвч Монгол Улс урд талаараа өөр нэг их гүрэнтэй хиллэдэг нь Бүгд найрамдах Хятад ард улс. БНХАУ-ын дарга Ши Жинпин 2017 оны Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ Дональд Трампын бодлогоос сөрсөн утгатай үг хэлсэн бөгөөд дэлхий нийтээрээ хөгжихийн тулд нээлттэй байх ёстой (Энэ талаар дараа дараагийн дугаарууд дээр дэлгэрэнгүй бичнэ) гэсэн нь БНХАУ АНУ-ын ямар бодлого барихаас үл хамааран өөрсдийн бие даасан чиглэлтэй гадаад бодлогоо явуулна гэдгээ зарласан.

Энэ нь Монгол Улсын хувьд нэг боломж мэт харагдах ч зөвхөн Хятад улсаас эдийн засаг, худалдааны хувьд хамааралтай болох аюул дагуулж буй. Мөн монголчууд хэзээнээс хятадуудтай харьцахдаа нэн болгоомжтой хандаж ирсэн нь саад болж болзошгүй юм.

Үүнээс дүгнэхэд АНУ-ын шинэ засаг захиргааны баримтлах бодлого Монгол Улсын хувьд эдийн засаг талаараа ч, гадаад харилцааны талаараа ч нааштай харагдахгүй байна. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч зөвхөн бодлого тодорхойлдог. Харин АНУ Конгресс хууль баталж, шийдвэр гаргадаг тул Сенат болон Төлөөлөгчийн танхим ерөнхийлөгч Дональд Трампын эрс хувирсан бодлогуудын заримыг зогсоож, өөр гарц олж чадна гэдэгт найдаж болох юм. Мөн хэрэв Монгол Улс дотоод улс төрийн тогтворгүй байдал, хээл хахуулийн асуудлаа шийдэж, хөрөнгө оруулагчдад ашигтай орчин бий болгож чадвал АНУ-ын хувийн хэвшлийн корпорациуд Монгол Улсад хөрөнгө оруулах магадлал нэмэгдэнэ.

Үргэлжлэл бий.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)