Монгол Улсын тусламжид Талархлаа

Цагаан сарын дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд халдварт өвчинтэй тэмцэхэд нь туслах үүднээс 30 000 хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн. БНХАУ-ын иргэд монгол түмний тусад талархаж буй тухай Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Үндэстний цөөнхийн хэл утга зохиолын сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Х.Хувьсгалт мэдээлэв. Тэрбээр “2020 оны Цагаан сарын үеэр БНХАУ-ын Үхань хотод коронавирусийн халдвар газар авч, Хятадын ард иргэдийн сэтгэл санааг зовоож байсан. Халдварын эсрэг БНХАУ эрчимтэй тэмцэж, ялалт байгууллаа. БНХАУ-ын короновирустэй тэмцэх үйлсэд Монгол Улс хамгийн түрүүнд тусалсан. Хятад ардын зүйр үгэнд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монгол Улс нь БНХАУ-ын нөхөрсөг хөршийн хувьд эн тэргүүнд өвчин зовлонтой тэмцэх “дайнд” нэгдэн, эд хөрөнгө, мал ахуйгаар тусалсан нь Хятадын ард түмний сэтгэл зүрхийг догдлууллаа. Монголын ард түмний сэтгэлийн дэм, тусламжид Хятадын ард түмэн талархаж байна. 30 000 хонины хандив нь Хятадын ард иргэдийн зүрх сэтгэлийг өндөлзүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Хятадын ард түмэн “Холын төрлөөс ойрын хөрш гэдэг. Мөнхийн хөрш Монголын ард түмний тусламжид талархаж байна. Хятад, Монгол хоёр улс хамтран коронавирустэй тэмцэж буй нь зөвхөн хоёр орны ард түмний эрүүл мэнд, энх тунх амьдралын төлөө биш, цаашлаад бүх дэлхийн ард түмний ашиг тусын төлөө юм. Хоёр орны ард түмний хамтын хичээл зүтгэлийн дүнд коронавирустэй тэмцэх “дайнд” ялалт байгуулж, хоёр орны нөхөрсөг харилцааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” хэмээн доктор Х.Хувьсгалтад талархлын үг дайжээ. 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг тунхаглаад удаагүй байхад, мөн оны аравдугаар сарын 16-нд Хятад Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь БНХАУ-ын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс орнуудын нэг. Хятад, Монгол хоёр улс өнгөрсөн зууны дунд үеэс харилцан туслалцаж, өөр хоорондын бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлж байсан уламжлалтай. Жишээ нь, өнгөрсөн зууны 50-иад онд БНХАУ 5000 гаруй ажилчин ирүүлж, Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцуулж байсан. Харин Монгол Улс нь хариу болгож тус улсад 15 000 адуу хандивлаж, Хятадын тариалан үйлдвэрлэлийг дэмжсэн түүхтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)