"Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа ба өндөр хүүтэй зээлүүдийн өртгийг бууруулах менежмент хэрэгжүүлж байгаа"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулсан. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. 

Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүний 61.2 хувь буюу 18.2 тэрбум ам.доллар нь Оюутолгой, Энержи ресурс, Саус гоби сэндс, Хөгжлийн банк, Монголын алт, МИАТ, Алтайн хүдэр, Ачит эхт гэх зэрэг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байгааг тайлбарлав. Арилжааны банкуудын гадаадаас авсан 2.2 тэрбум ам.доллар, Монголбанкны 2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үлдсэн 7.2 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нийт гадаад өрийн 24.4 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр гэлээ. Үүний 1 тэрбум ам.доллар нь “Чингис” бондын өр бөгөөд 2021 онд төлөгдөх бол 2022 онд төлөгдөх “Мазаалай” бондын 500 сая ам.доллар,  2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын өр, тэдгээрийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг мөн барагдуулах ёстойг дэлгэрэнгүй тайлбарласан. Эдгээрээс гадна 4 орчим тэрбум ам.доллар нь 1990 оноос хойш авсан эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад авсан зээлүүд байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийг барагдуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Гадаад өрүүдийн өнөөдрийн үнэ цэнэ, төлөгдөх үеийн ханш өөр байдгийг Ч.Хүрэлбаатар сайд дурдаад, өндөр хүүтэй зээлүүдийг өртгийг бууруулах менежмент хэрэгжүүлж байгаа гэлээ. 

Сангийн яам сүүлийн жилүүдэд улсын төсвийг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа гэв. Гаалиар бүртгэлгүй, зөвшөөрөлгүй нүүрс гардаг гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр гаалийн шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Энэ ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа Монгол Улсын бүх боомтыг хууль зөрчсөн үйлдэл бүрийг шуурхай илрүүлдэг хэмжээнд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн бөгөөд холбогдох журмуудыг боловсруулах, сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэж байнаа гэнэ. Мөн даатгалын тогтолцоо, хөрөнгийн биржийг цэгцлэх, шинэчлэх, санхүүгийн зах зээлийг зөв гольдролд нь оруулж хөгжүүлэх ажлыг 10 орчим хувьтай гүйцэтгэж байгаа гэлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ажил эрхлэлт, үйлдэрлэл зэргийг зохицуулахад чухал нөлөө бүхий гадаад худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Мөн өнгөрсөн жилийн эдийн засгийн идэвхжил нийслэлд өрнөсөн байдалд дүн шинжилгээ хийж, орон нутгийн эдийн засгийг сэргээх, орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах, хямралын эсрэг менежмент хэрэгжүүлэх зэрэг саналыг хэлж байсан. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодорхой саналуудыг хэлсний дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 38 буюу 67.9 хувь нь дэмжснээр дээрх тогтоол батлагдав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)