Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Standard & poor’s” хэвээр үлдээв

Олон улсын үнэлгээний “Standard & poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B буюу тогтвортой хэвээр үлдээжээ. Манай улсын эдийн засаг тогтвортой өсөж, Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй, түүхий эдийн үнэ өндөр байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн аж. Макро эдийн засгийн болон төсвийн үзүүлэлтүүд сайжирсан ч ирэх жил болох сонгууль, гадаад өрөө эргэн төлөх, түүхий эдийн ханшаас хамаарч ДНБ-ий өсөлт саарч болзошгүй зэрэг эрсдэл нь зээлжих зэрэглэлийн төлөвийг 2020 онд тогтвортой хэвээр үлдээхэд голлон нөлөөлсөн гэнэ.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тухайн улс зээлдүүлэгчид төлбөрөө эргэн төлөх чадвар, эрсдэлийг илтгэдэг билээ. Энэ нь тухайн улсын аж ахуйн нэгж, байгууллагын зээлжих зэрэглэлийн үнэлгээний үндсэн жишиг болдог. Гадаадын хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа улсынх нь зээлжих зэрэглэлийг чухалчилдаг юм. Олон улсын үнэлгээний байгууллагууд тухайн улсын зээлжих зэрэглэлийг эдийн засаг, санхүүгийн статистик, улс төр, нийгмийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийг нь харгалзан тогтоодог байна. Тэгвэл зээлжих зэрэглэлийн төлөв нь тухайн улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог аж.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)