Монгол Улсын Засгийн газрын бодлого, хүч чармайлтыг Япон Улс тууштай дэмжинэ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 27-29-ний өдрүүдэд Япон улсад айлчилж байна. Тэрээр Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишидатай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, хүч чармайлтыг Япон Улс тууштай дэмжихээ илэрхийлэв. Хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ “Дунд хугацааны хөтөлбөр” байгуулах бэлтгэл ажлыг шуурхайлж, дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр тохиролцов. Мөн олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцож, олон талт хамтын ажиллагааны хүрээнд нягт хамтран ажиллахаар тогтов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо-той уулзаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр ярилцав.  Мөн Японы парламент дахь Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгүүдийн удирдлагатай уулзаж, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх талаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил Японы Ардын дипломатын нийгэмлэг, Япон, Монголын Эдийн засгийн хороо, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Японы Олон Улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/-ны удирдлагуудтай уулзаж, Японы хувийн хэвшил, эдийн засаг, санхүүгийн байгууллагуудад хандаж Монголд хөрөнгө оруулахыг  уриалав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)