Монгол Улсыг зургаан бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгажээ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр уулзлаа. Түүнээс гадна бүх сайд, дэд сайд, яамдын удирдлага тэдэнд мэдээлэл өгч, ярилцсан. Өвөлжилт, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож, Хэрэг эрхлэх газрын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэг үзүүлэхээ сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулсан “Алсын хараа-2050”- ын төслийг танилцуулсан юм. Уг төсөлд суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилт тусгасан бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орон болох гэнэ. Орон нутгийн удирдлагуудтай уулзсаны хувьд бүсчилсэн хөгжийн талаарх зорилтыг илүүтэй онцолсон. Тухайлбал, манай улс цаашид зургаан макро бүстэй байх бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд зүүн, говийн, алтайн, баруун, хангайн, Улаанбаатарын гэж хуваах нь. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учир аймаг, нийслэлийн удирдлагууд сайтар танилцаж, өөр өөрсдийн орон нутгийн онцлог, иргэдийнхээ санаа бодлыг сайтар тусгуулах шаардлагатайг анхааруулсан. Мөн аймаг бүр алсын хараагаа тодорхойлж, нутаг нутгийн онцлог, хөгжиж болох шийдлүүдээ оновчтой тодорхойлохыг чиглэл болголоо. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын цөм нь монгол хүн байж, зорилго бүр нь тэднийг сайн, сайхан амьдрахад чиглэх ёстойг онцолсон. Бүсчилсэн хөгжлөөс гадна амьдралын чанар ба дундаж давхаргатай холбоотой зорилтод аймгийн дарга нар онцгой анхаарч, санал, шүүмжлэлээ заавал ирүүлэхийг үүрэг болгосон юм. Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр 14 аймаг эл баримт бичигт тусгуулах саналаа бичгээр ирүүлээд буй аж.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)