Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүсжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг зөвшилцсөн.

Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцөж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Прокурорын байгууллагын шинэ үеийн түүхэнд бараг анх удаа прокурорын байгууллага дотроос нь тус байгууллагын удирдлагыг бүрдүүллээ хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр Монгол Улсын хууль дээдлэх ёсны үзүүлэлт Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар доогуур гарсныг дурдаад, Дэлхийн банк, олон улсын болоод хөндлөнгийн байгууллагуудын зүгээс манай улсын хууль дээдлэх ёс, авлигын асуудлаар хийсэн судалгааны дүнгээр та бүхний ажил үнэлэгдэх болно гэдгийг анхааруулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, зөвлөгөөг анхаарч, Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)