Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг танилцуулна

-Хохирогч төвтэй хандлагад суурилсан эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээг сайжруулна-

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь 2019 оны есдүгээр сарын 10-13-ны хооронд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах семинарыг зохион байгуулах гэж байна. Тус семинарт Улаанбаатар хотын болон 19 аймгийн нийт 45 иргэний нийгмийн байгууллагын 60 гаруй төлөөлөгчид оролцох юм.

2017 оны НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болж гэр бүлийн хүчирхийллийн асуудал, цар хүрээг ил болгож, хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээ нэмэгдсэн. Хууль зүйн салбараас гадна иргэний нийгмийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод дэмжлэг туслалцаа үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү семинар нь тэдэнд хохирогч төвтэй хандлагад суурилсан анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх арвин туршлагатай сургагч багш нар семинарыг хөтлөн явуулж өөрсдийн мэдлэг, туршлагыг оролцогчидтой хуваалцах болно. Энэхүү семинарыг Канад улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй ОУХЭЗБ-аас гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулах юм. Тус төсөл нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхээ эдлэхэд нь тулгарч байдаг бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцааны үйлчилгээг өргөжүүлэн сайжруулах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хохирогчдын эрхийн таалар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм.ОУХЭЗБ нь хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх замаар охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр ажилладаг. Одоогоор ОУХЭЗБ нь олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендэрт суурилсан эрх зүйн орчин, институцыг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)