Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулсан хятадуудын хэргийг шүүх удахгүй хэлэлцэнэ

  Олны анхаарал татсан маш олон хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэн, зарим холбогдогчийнх нь гэм бурууг тогтоож, ял шийтгээд буй билээ. Тэгвэл өнгөрсөн сараас хойш хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Мөн шүүхэд олон жилийн өмнө шилжүүлсэн ч танил тал, ар өврийн хаалгаасаа болдог юм уу, хэлэлцэлгүй өнөөг хүрсэн тохиолдол ч гарсныг эх сурвалжууд мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доор хүргэе.

НЭГ ЯЛЛАГДАГЧ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫГ ҮЛ ХҮНДЭТГЭВ

Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасныг уншигчид санаж буй биз ээ. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес болон аравдугаар сараас хойш сууж байсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өдгөө шүүхүүд хянаж, удахгүй урьдчилсан хэлэлцүүлгийг нь товлохоор болжээ. Бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын хоёр ч том гэмт бүлэглэл манай улсад орж ирж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ.

Нэгийг нь Дундад улсын иргэн Лиу Тинхуа (Liu Tinghua) гэгч толгойлсон аж. Уг хоёр бүлгийн нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Юнион бюлдинг” цогцолборын III, IV, VI, VII, XII давхрын өрөөнүүдийг түрээслэн өндөр хүчин чадалтай цахим төхөөрөмж, компьютер, гар утас ашиглан бусдыг залилж, мөнгө угаасан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр төлөвлөж буй бололтой. Прокурорын байгууллагаас тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, улмаар түүнийгээ хятад хэлээр орчуулуулж, холбогдогч нарт өгсөн аж. Тэдний бүлэглэлд багтсан нэг холбогдогч нь батлан даалтад байгаа бол бусдыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч батлан даалтад буй хятад эр манай хууль сахиулах байгууллагынхны дуудсан цагт ирэхгүй, өмгөөлөгч нар ч нийлж, бусад холбогдогчийг нь суллуулахаар ажиллаж байсан гэнэ. Прокурорын байгууллагаас батлан даалтад байгаа хятад эрийг цагдан хорих хүсэлт шүүхэд хүргүүлснээр манай хуулийн байгууллагынхныг үл ойшоож байсан тэр иргэн хүрч ирсэн аж.

Харин нөгөө зохион байгуулалттай бүлэглэлийнхэн нь дээр дурдсан бусад зочид буудалд нутаг нэгтнүүдээ байршуулж, хэрэг үйлдсэн хүмүүсийн гэм бурууг аль шүүхээр шийдвэрлүүлэх харьяаллыг Улсын дээд шүүх тогтоосон байна. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дахь зочид буудал дамжин хэрэг үйлдсэн учраас дээрх дөрвөн дүүргийн шүүхийн аль нэгт хэргийг хэлэлцэх шаардлага тулгарсан тул ийнхүү харьяалал тогтоолгохоор хандсан аж. Улсын дээд шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хүргүүлснийг тус шүүх хянаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдсон. Ингээд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынхан энэ хоёр бүлгийнхний өдүүлсэн хэргийг шалгахад манай цагдаа, тагнуулынханд дэмжлэг үзүүлж, мөрдөгчдийн гаргасан хүсэлтүүдийг шуурхай биелүүлж, хариу ирүүлээд зогсохгүй, “Дундад улсын нэрийг дэлхий дахинд сэвтүүлсэн энэ хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой” гэдгээ ч илэрхийлсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, прокурорын байгууллагаас энэ хоёр бүлгийнхэнд гадаад улсад гэмт хэрэг үйлдэж, залилан мэхэлсэн мөнгөө Монгол Улсад оруулан ирж угаасан, манай улсын нутаг дэвсгэрт гэмт бүлэглэл байгуулан үйл ажиллагаа явуулсан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэх зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.

МААЭШХ-ГИЙН ЗАХИРАЛ Т.БАТСҮХЭД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд зодуулан хохирогчоор тогтоогдон, түүнд холбогдох хэргийг шүүх хуралд оролцож буй Т.Батсүхийн өдүүлсэн авлигын хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн наадмын өмнөхөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажилладаг түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад нэлээд олон жил болсон бөгөөд гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор ийнхүү дээрх шүүхэд хүргүүлээд байна. Т.Батсүхийг албан тушаалаа ашиглаж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлсэн хэд хэдэн төслийн хөрөнгөөс завшсан, хүрээлэнгийнхээ орон нутгийн салбаруудад данстай малыг хувьдаа авч ашигласан гэх хэрэгт холбогдуулсан талаар нэлээд олон жилийн өмнө эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын “...батлагдсан журам, заавар, аргачлалыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгоор үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулж, гэрээ байгуулахад мөрдөж ажиллахыг бүх шатны захиалагч нарт даалгасугай” гэсэн заалтыг зөрчсөн олон үйлдлийг нь нэгтгэн шалгаж дууссан аж.

“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ ЭХНЭРИЙНХЭЭ ХАМТ МӨНГӨ УГААСАН УУ

“Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэргэлэнгийнх нь хамт бусдыг залилсан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж, яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх баасан гаргийн 13.30 цагт хэлэлцэхээр товложээ. Тэд шүүгдэгчийн ширээнд суух болсон шалтгаан нь “Номин холдинг”-ийн Ш.Баярсайханыг залилснаас болсон юм. Тодруулбал, тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар түүндээ тусгасан байдаг. Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банканд “Номин холдинг”-оос оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан хэмээн буруутгагдаж буй юм.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй билээ. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 10-нд болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хурлыг дээр дурдсанаар товлоод буй юм.

УСАЛГААНЫ МАШИНЫ ОРОНД БОХИР СОРУУЛАХ ТЕХНИК АВСАН ЗАСАГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жаргалант сумынхаа Засаг дарга Ц.Ганданповронд холбогдох хэргийг гурван жил шахмын хугацаа өнгөрч байхад огт шийдсэнгүй. Ийм олон жил өнгөрөхөд яагаад шийдэхгүй байгааг орон нутгийнхан нь л мэдэх биз. Танил тал, нутаг нугынхан учраас шийдэж чадахгүй өдий хүрч байж ч болох. Ховд аймгийн Жаргалант сум буюу аймгийн төвийн Засаг дарга Ц.Ганданповронг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тус газраас 2018 онд орон нутгуудад шалгалт хийж явахдаа дээрх Засаг даргын хууль бус үйлдлийг илрүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Жаргалант сумын ЗДТГ-аас 300-гаад жилийн түүхтэй Ховд хотынхоо Тохижилт, үйлчилгээний газарт ногоон байгууламж услах усалгааны машин авах тендер 2017 онд зарласан аж. Гэвч сонгон шалгаруулалтад оролцогч байхгүй гэх шалтгаанаар тус аймгийн эрх бүхий албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий, ойр дотнын хүнд уг машиныг нийлүүлээч гэсэн санал тавьсан байдаг. Ингээд 29.8 сая төгрөгөөр 1999 онд Японд үйлдвэрлэсэн, бохир соруулж зайлуулах зориулалттай машин худалдан авч, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр Ц.Ганданповронг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлснээс хойш цөөнгүй жил өнгөрч байна.

Ташрамд дурдахад, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх орон нутгийнхаа удирдах албан тушаалтнуудын хэргийг шийдвэрлэх сонирхол байдаггүй бололтой. Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондогт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон дээрх шүүхэд шилжүүлсэн ч хэргийг нь шийдвэрлээгүй. Улмаар манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр томилсноос хойш яаж ч чадахгүй байгаа юм. Д.Галсандондогийг Ховд аймгийн Дөргөн сумд нөхөн сэргээлт хийхээр нэгэн иргэнээс 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд авсан гэх хэрэгт буруутгасан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)