Монгол Улсад анх удаа сургалтын арга зүйн үр дүнгийн судалгаанд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын боловсролын хөтөлбөр арав, арван жилийн хугацаатай өөрчлөгдөж ирсэн бол сүүлийн жилүүдэд тав, зургаа, дөрвөн жилийн хугацаатай шинэчлэгдсэн байна. Учир нь сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн, өөрчлөх шаардлага тулгардаг аж. Мөн гадаад орнуудын сургалтын арга барилаас ч тусгах элбэг байлаа. Гэхдээ өдий хүртэл сургалтын арга зүйн үр дүнгийн судалгаанд суурилсан шинэчлэлийг хийн, явц дунд нь засах арга зүйн боломж байгаагүй гэж болно. Харин энэ жил оруулсан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл бол сургалтын арга зүйн байдлын судалгааны үр дүнд түшиглэн гаргаснаараа онцлогтой аж.

Энэ жилээс сургалтын хөтөлбөрт хичээлийн агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн зассан, шинээр томьёолсон зэрэг өөрчлөлт оржээ. Энэ нь бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсныг 755 болгож бууруулсан зэргээс харагдах юм. Энэхүү сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт багш нарын ажлын ачааллыг багасгах юм. Ингэснээр хичээлээ сурагчдад илүү сайн ойлгуулах, хүүхэд бүрийн онцлог, сонирхолд нийцүүлэн заах боломжтой болж байна. Мөн багш гэлтүй сурагчид, эцэг эхчүүд хөтөлбөрөө ойлгоход дөхөм болно гэж үзэж буй.



Шинэ хөтөлбөрөө таниулан сурталчилах үүднээс, мөн 2019-2020 оны хичээлийн жилийн эхлэхтэй холбогдуулж БСШУСЯ-наас сургалтын хөтөлбөрийг сайжруулах арга зүйн өөрчлөлтийг сурталчилах арга хэмжээг эхлүүлж байна. Энэхүү “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтаар 550 багшийг бэлдэх бөгөөд тус багш нар Нийслэл болон орон нутагт сургалтын хөтөлбөрт орсон өөрчлөлтийн талаар цаашид сурталчилан таниулах юм. Сургалтад мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар болон ажил эрж буй багш нар ч хамрагдах боломжтой.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол зорилго бол чанарын сайжруулалт юм. Өөрөөр хэлбэл үндсэн агуулга, гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгосон байна. Мөн бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуурын төвшингийн асуудлыг ч тусгасан аж.
Орон нутгийн багш нарын хувьд сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээлийн зорилго, зорилт зэргийг ерөнхийд нь ойлгодог ч  суралцагчид хэрхэн хүргэхээ мэдэхгүй бэрхшээл байдгийг ч уг сургалтаар хэлэлцэх юм байна.





Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)