Монгол Улсаас 200 оюутан Унгар улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

Манай улс анх 1957 онд Унгар улстай боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд анх 15 оюутныг Унгар улсад сургаж, хэл соёлтой нь танилцуулсан байна. Харин 2013 оноос манай хүүхэд, залуус Унгар улсын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр 100-200 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.

Энэ жилийн хувьд тус хөтөлбөрт манай улсаас 200 оюутан тэнцжээ. Тэгвэл өнөөдөр тэдгээр оюутнуудад “виз авахын тулд ямар материал бүрдүүлэх, Унгар улсад очоод хэрхэн дасан зохицож суралцах” талаар мэдээлэл өгөх арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд Элчин сайдын яамны дэд тэргүүн Борбала Обрушанский болон Монгол Улсын БШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны үүргийг орлон гүйцэтгэгч Д.Гарди, Унгар улсын консул Ч.Гантулга нар оролцлоо.

Энэ үеэр Элчин сайдын яамны дэд тэргүүн Борбала Обрушанский “Энэ жил 761 оюутан тэтгэлэгт хамрагдан, суралцах хүсэлт гаргасан. Үүнээс бид 200 оюутныг тэнцүүлсэн. Одоогоор оюутнуудын суралцах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Унгарын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд манай веб хуудаст нэвтэрч мэдээлэл авах боломжтой. Шаардагдах баримт бичгээ бүрдүүлээд өргөдлөө гаргаад сонгон шалгаруулалтад оролцож болно. Ингэхийн тулд англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.

Мөн хурлын үеэр энэ жил Монгол болон Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлов. Энэхүү ойн баярын хэмжээг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах юм байна.

Д.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)