Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардуулж өгөв

2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч,  НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна гэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотолсон. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай явж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавин, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон дурдав.

В.Энхболд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)