Монгол уламжлалт ёс: Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйн баримтлах зүйлс

Жирэмсэн эмэгтэйн баримтлах ёс

Шинэ хүн мэндэлж удам залгах үртэй болно гэдэг монгол гэр бүлийн онцгой баяр байдаг. 

Хүүхдийг эсэн мэнд төрүүлэх үүднээс, хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас зарим нэг цээр хориог сахиж, сахиулж ирсэн уламжлал бий. 

Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ хүүхдийн хүй орооно хэмээн эрчилсэн дээсэн дээгүүр алхах, дээс эрчлэх, дээс томох зэрэг орооцолдож, мушгиралдсан үйлийг хийдэггүй байна.

Зүүний хор гүйнэ гэж оёж хатгах үйл хийлгэдэггүй 

Сэтэрхий уруултай хүүхэд төрнө хэмээн цээрлэж тэмээ болон туулайн мах идэхийг хатуу хориглодог байжээ. 

Мөн хүүхэд удаан тээнэ, төрөлт удааширч, хүндэрнэ хэмээн тэмээ унадаггүй байсан. Хүүхдийн хүйс солигдоно гэж хоёр жирэмсэн эмэгтэй хоорондоо золгохыг хориглодог. 

Жирэмсэн үед ойр зуурын ажил хийх ба голдуу араг үүрүүлж аргал түүлгэдэг байжээ. Учир нь араг эмэгтэй хүн хоёрын зовлон жаргалаа хамт үүрэлцдэг мөн араг үүрч аргал түүх нь жирэмсэн эмэгтэй биеийн дасгал болдог гэж үздэг байжээ. 

Жирэмсэн эх олон айлаар орж гарч, орой үдшийн цагаар найр наадам хэсэхийг цээрлэнэ. Харин бусад хүмүүс жирэмсэн эмэгтэйг айлгаж цочоох, уурлуулахыг тэвчих ба хуурч мэхлэхийг маш хатуу цээрлэдэг байжээ. 

Төрсний дараа сахих цээр гам

Монголчууд эмэгтэй хүнийг амаржсаны дараа идэж уухыг хэмжээлэн, цээжин биеийг чанга ороож долоо хоног хөлөө жийлгүй хагас суугаа байдлаар хэвтүүлдэг байжээ. Энэ нь цус, савны хий хөөрч буухаас сэргийлж буй хэрэг юм. 

Төрөхийн өмнө 3 халбага бүлээсгэсэн шар тос уулгадаг байсан өнөөгийн "савны хий" гэж ярьдаг хий байвал алга болгодог гэнэ. 

Толгой түрүү гар хөлийг нь битүү боож салхи авуулахгүй байлгах ёстой. Энэ бол Монгол орны хөл доогуур хүчтэй салхилдаг, эрс тэрс уур амьсгалтай холбоотой. 

Гашуун шорвог зүйл идэх, хатуу ширүүн хөдөлгөөн хийх, хэншүү хярвас үнэртэх зэргийг мөн цээрлэнэ. Усанд угаасан өөхгүй махаар шөл хийж иддэг байсан нь амаржсан эх дөнгөж төрсөн нярайтай адил гэж үздэг ёс юм. 

Ийнхүү нэг сарын турш гам барихыг "сард суух" гэж нэрлэдэг бөгөөд төрсөн эхийн хамаг яс салж, шүд нь хүртэл сулардаг гэж үздэг учраас ингэж асарч тойглодог учиртай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)