Монгол судлаач 30 эрдэмтэн Булган аймгийг зорино

монгол судлаач

Олон улсын монгол судлаач, залуу эрдэмтдийн зуны сургуулийн нээлт өчигдөр боллоо. Жил бүр зохион байгуулдаг тус сургуульд энэ зун ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцар, Япон, Энэтхэг, Герман, Унгар, Турк, Польш, Лаос, Солонгос зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвийн 30 судлаач, оюутан иржээ. Монгол судлаачид нь гадаад улсуудад манай орны тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс 1988 оноос санаачлан эхлүүлсэн уг зуны сургуулийн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд улам идэвхжүүлж, олон орны эрдэмтэн, судлаачдыг хамруулах болсон аж. 

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулж буй гэнэ. Залуу судлаачид Булган аймгийн Сайхан сумд малчны ахуй амьдралын дунд монгол ярианы хэл, нүүдлийн уламжлалт соёл, ёс заншилтай танилцах юм байна. Тухайлбал, гэр барих, буулгах, морь унах, мал маллах, үнээ, гүү саах, хонь хяргах, дэмбээдэх, сур элдэхэд суралцана. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн, МУИС, СУИС, МУБИС-ийн монгол судалын сургалт, эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтдийн лекцийг сонсох юм.

Залуу судлаачдыг монгол ахуйтай танилцуулж, хэл, соёлын харилцаанд оруулах зорилгоор зохион байгуулж буй уг сургалтын дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, манай улсыг дэлхий дахинд таниулахад ахиц гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)