‘‘Монгол ноолуурын дэлхийн зах зээл дээрх нэр хүнд ба чанарын үнэлгээ нь малчны хотноос эхэлнэ’’

Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл (ТННЭ) нь 2015 онд Их Британи улсад байгуулагдсан бөгөөд ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох сонирхогч талуудын нэгдэл юм. Энэхүү эвслийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Б.Батхишигтэй ноолуур бэлтгэх чанарын үнэлгээ болон бусад асуудлын талаар ярилцлаа.

-Монгол ноолуурын нэр хүнд, үнэ цэнийг юу бүрдүүлдэг вэ?

-Монгол ямааны ноолуурын ширхэгт нь торгомсог хирнээ дулаахан, уян зөөлөнхирнээ бат бөх, суналт сайтай байдгийг бид сайн мэднэ. Мөн цахилгаан эсэргүүцэх, ус чийг ба үрчилтийг эсэргүүцэх, дуу тусгаарлах, амьсгалах гээд олон гойд шинж чанарыг дурьдаж болно. Энэ нь ноолуурын ширхэгийн дотоод бүтэц нарийн, олон хэмжээстэй байдагтай шууд холбоотой бөгөөд ноолууран бүтээгдэхүүний нэр хүнд ба үнэлгээг тогтоох гол шалгуур үзүүлэлт болдог юм.

-Монгол ноолуурыг дэлхийн түвшинд баталгаажуулан таниулах ямар боломж бидэнд байна вэ?

-Үүний тулд Монголын ноолуурын үйлд­вэрлэл бүх шатанд хариуцлагатай явагдаж байгаа гэдгээ олон улсын стандартаар нотолж батлах шаардлагатай юм. Учир нь орчин үед хэрэг­лэгчид аливаа бүтээгдэхүүн худалдан авах­даа чанараас гадна түүний гарал үүслийг чухалчлах болсон төдийгүй үйлдвэрлэх үйл явц нь хүн ба байгальд ээлтэй юу гэдгийг анхаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд зөв өрсөлдөж нөлөөтэй болохын тулд олон улсын худалдан авагчдын шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн үг. Энэ нь дэлхийн зах зээлд богино хугацаанд танигдах хамгийн найдвартай гүүр нь болох юм.

Одоо яг ноолуурын улирал ирж буйтай хол­богдуулан малчид маань дээр дурдсан ноо­луурын гойд тансаг чанарыг бодолцоод хавар ямаагаа самнаж, ноолуур бэлтгэхдээ хог, хольц багатай, нас зүсээр ангилан уутлах зэрэгт анхаарах шаардлага зах зээлээс урган гарч байна.

-Ноолуур бэлтгэлийн чанар сайжруулах арга хэмжээг хэн хариуцах вэ?

-Самнах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах зэрэг бүх үйл явцад бэлтгэн нийлүүлэлтийн чанарын стандартыг чандлан баримтлах явдал нь малчны хотноос эхлээд хоршоо, үйлдвэрүүд, арилжаа эрхлэгчдийн хамтын үүрэг хариуцлага юм.

-Малчин өрх, хоршоо ноолуур бэлтгэлийн чанараа сайжруулахад юуг анхаарах вэ?

-Гол нь ямаагаа нас, зүсээр нь ангилан самнахын зэрэгцээ бохирдлыг хамгийн бага түвшинд байлгахад зайлшгүй анхааран зөв дадлуудыг хэвшүүлэх нь зүйтэй. Хэдийгээр ноолуур самнах нь малчдын хийж заншсан ажил хэдий ч ямаагаа самнахдаа хайхрамжгүй биш, илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Тухайл­бал, малчид маань ямаа самнах байр, орчин нөхцөл, багаж хэрэгсэл зэргийг бэлдэнэ. Самнасан ноолуураа хийх даавуун болон тааран шуудайтай байх зэрэг ажлын бэлтгэлтэй байна.

-Ноолуур самнах үеэр малчид маань ямар зөв дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, ноолуур самнах хугацааг оновч­той төлөвлөх, хоёрдугаарт, доор нь дэвсгэр дэвсэж бууц, шорооны бохирдол бага­тай самнах, малын арьсыг урж гэмтээхгүй байх. Гуравдүгаарт, уут, шуудайнд савлахдаа ноолуурын өнгө ба эм ямааны ноолуур, борлон шүдлэнгийн ноолуур, эр, сувай ямааны ноолуур гэх мэтээр ангилан хийх дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй юм л даа.

Мөн хамгийн чухал нь хоршоо, хэсэг бүлгээрээ түүхий эдээ нэгдсэн арга барилаар хамтран бэлтгэж чадвал борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, байнгын худалдан авагчдыг татах зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх боломжтой. Хамтын зохион байгуулалтаар зөв дадлуудыг хэрэгжүүлж хэвших нь хариуцлагатай үйлдвэр, арилжаа эрхлэгчдийн найдвартай түнш болно гэсэн үг юм. Мөн нэг өрхөд ноогдох зардал, худалдааны эрсдлийг бууруулахад шууд нөлөөлнө.

-Ингэж худалдаанд зохистой бэлтгэснээр малчдад ямар үр ашигтай вэ?

-Малчид ноолуураа чанартай бэлтгэснээр ноолуур боловсруулах үйлдвэрийн нарийн төвөг­тэй олон ажлыг хөнгөвчилж, ноолуурын үнэ ханшийн уналтаас сэргийлэх, ноолуураа ахиу буюу өртөг шингэсэн үнээр борлуулах боломжтой.

Ноолуурын арилжаа эрхлэгчид, боловс­руу­лах үйлдвэрүүд хоршоодоос чанартай түүхий эдийг их хэмжээгээр тогтмол худалдан авах сонирхолтой байдаг. Энэ эрэлт хэрэгцээг ойл­госон тохиолдолд малчны байгууллага хор­шоод нь зах зээлийн нийлүүлэлтийг тогтмол хангах боломж бүрдэнэ.

-Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл нь ямар гишүүнчлэлтэй байгууллага вэ?

-Дэлхийн нийт ноолуурын нийлүүлэлтийн 80 гаруй хувийг хариуцдаг брэнд, үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн гишүүнчлэлтэй, ашгийн бус олон улсын байгууллага юм. Тухайлбал, Burberry, Marks & Spencer, Johnstons of Elgin, LVMH, Alex Begg, John Lewis, J.Crew, Ордос гэх мэт. Мөн үндэсний Говь ХК, Ханбогд Кашимер, Эвсэг зэрэг том жижиг үйлдвэрүүд багтдаг.

-Энэ дэлхий брэнд үйлдвэрүүд яагаад Монголыг сонирхох болов?

-Эдгээр байгууллагууд нь байгальд ээлтэй, хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэлийг эрхэм­лэн үйл ажиллагаа явуулахыг зорьж буй бөгөөд энэ чиг хандлагад нь манай малчны хотноос гарч буй цэвэр ноолуурын үйлдвэрлэл нийцэж байгаа хэдий ч энэ чиглэлийн олон улсын худалдааг хийхэд салбарын өмнө шийдвэрлэх олон асуудлууд байгаа.

-Тухайлбал энэ асуудлыг шийдвэрлэхэд танай байгууллагын зүгээс ямар алхамуудыг хийж байна вэ?

-Манай орны хувьд малчдыг үндэсний үйлдвэрүүдэд, үндэсний үйлдвэрүүдийг дэл­хий зах зээлд холбох тогтолцоо шудрага, хүртээмжтэйгээр хөгжөөгүй нь энэ салбарт тулгамдаж буй асуудал болж ирсэн. Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд бодит хувь нэмрийг оруулж буй анхдагч байгууллага юм. Тухайлбал, жирийн малчны хотонд мал маллах арга туршлагаас эхлээд хоршоо, боловсруулах, ээрэх, сүлжих, цаашлаад эцсийн бүтээгдээхүүн хүртэлх ноолуур нийлүүлэлтийн дамжлага бүр дээр сургалт, зөвлөгөө, үнэлгээ явуулж олон улсын тохирлын гэрчилгээгээр баталгаажуулдаг.

-Танайх Монголд төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд мэргэжлийн баг ажилладаг уу?

-Байгууллагын төв оффис нь Англи улсад байр­ладаг бөгөөд энэ салбарт туршлагатай олон улсын мэргэжлийн багийг бүрдүүлсэн. Мөн үйлдвэр брэндүүдийн мэргэжилтнүүд зөв­лөгөө өгч байнгын харилцаатай ажилдгаараа онцлогтой. Монголд 2015 оноос эхлэн туршилт судалгаа хийгдэж, 2018 онд албан ёсны салбар байгуулагдаад ажиллаж байна. Мөн гишүүн компаниудын хүсэлтээр Өвөр Монголд салбараа нээхээр холбогдох судалгаа, уулзалтуудыг хийж байна.

-Дэлхий ихэнх улс орноор тархаад байгаа энэ вирусын дэгдэлт нь тус салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Бүх түвшинд нөлөөлж байгааг бид ажиглаж байна. Европын улс орнууд тэр дундаа Итали, Англи улс, мөн Хятад улс хагас боловсруулсан ноолуурын гол худалдан авагч юм. Өнөөдрийн байдлаар гадаадын захиалга, эрэлт эрс буур­сан явдал нь үндэсний үйлдвэр, арилжаа эрхлэгчдийн хувьд ноолуур татан төвлөрүүлэх хэмжээ, цаашлаад зах зээлд борлуулах үнийн хувьд тодорхойгүй байдлыг үүсгэсэн. Энэ жилийн хувьд ноолуур болон ноолууран аливаа бүтээгдэхүүний нийлүүлэлт дэлхийн зах зээлд илүүдэл үүсэх магадлал өндөр байгаа.

Малчдын хувьд мөнгөн орлогын дийлэнх хувь нь ноолуурын борлуулалт эзэлдэг тул тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мон­голын Засгийн газраас ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь цагаа олсон явдал хэдий ч гадаадын зах зээлийн эрэлт огцом буурсан гэдгийг зайлшгүй тооцоолох нь чухал.

Энэ цаг үед шинэлэг бодол санаачлагаар зөв аргачлалыг шийдэмгий нэвтрүүлээд, ха­риуц­лагатай ноолуурын нийлүүлэлт ба үйлд­вэр­лэлийг дэмжээд зах зээлийг өөртөө татах, бор­луулалтын хэмжээгээ бууруулахгүй байхад анхаарах нь зүйтэй.

-Монголын малчдын хоршоо болон ноо­луурын үйлдвэрүүдийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Малчдын хоршоо болон ноолуурын үйлд­вэрүүд хүн-байгальдаа ээлтэй арга барилаар аж ахуй болон бизнесээ хариуцлагатайгаар эрхэлж, худалдаан дахь тех­ни­кийн саад тотгорыг даван туу­лах чанарын түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээснээр энэ салбарын хөгжил тогт­вортойгоор явагдаж, эдийн засгийн урт хуга­цааны өсөлтийг бий болгоход бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)