“Монгол наадгай” өдөрлөгт оролцоорой

БСШУСЯ-наас өрнүүлж буй “Монгол наадгай” аян ирэх сарын 15-16-нд нийслэлд болох эрдэм шинжилгээний хурал, өдөрлөгөөр үргэлжлэх аж. МУИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд 20 гаруй эрдэмтэн, судлаач монгол наадгайн чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг өдрийн турш танилцуулж, хэлэлцүүлнэ. Энэ үеэр монголчуудын соёлын өв болсон уламжлалт наадгай цуглуулагчид, түүгээр наадагчид болон уламжлалт тоглоомд тулгуурлан орчин үеийн хүүхэд, залуусын сонирхол, оюуны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэлэг байдлаар тоглоом бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид, иргэд өөр өөрсдийн хадгалж, уламжлуулж, мөн худалдан борлуулж буй наадгай болон түүнтэй холбоотой түүх, соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн гаргаж, үзэгчдэд танилцуулах юм байна. Өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн V-VII ангийн сурагчдыг анги хамт олноор нь, эцэг, эх, гэр бүлийнхний хамт оролцуулан түүх, соёлын өвийн боловсролын танилцуулга хичээл зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс тоглоом, наадгай, бүтээлээ сурталчлан таниулах хүсэлтэй байгууллага, иргэд, судлаач, өвлөн уламжлагчдыг өдөрлөгт оролцохыг урьж, бүртгэж буй аж. Бүртгэлийг ирэх сарын 10 хүртэл цахимаар явуулах юм байна.

Тус яам “Монгол наадгай” аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлжээ. Тэр үед Монголын үндэсний музейгээс Цагаан сарын баярт зориулан “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн зохион байгуулжээ. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалж буй эртний шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг тоглоомын олдворуудыг анх удаа үзүүлсэн нь сонирхолтой байж. Ард түмний дунд өнөө хүртэл уламжлагдан ирсэн хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг олон нийтэд танилцуулжээ.

Ардын уламжлалт тоглоом, наадам нь соёлын биет бус өвийн олон ай савд хамаардаг. 15 төрлийн 3000 шахам тоглоом, наадам байдаг аж. Үүнд шагайн, хөлөгт, оньсон, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг, хуруу гараар наадах, тооцоолох, эвхэх, хайчлах, илбэ, мэргэ болон эрийн гурван наадам зэрэг багтдаг байна.

Бэлтгэсэн: Р.Оюунаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)