Монгол минь диваажин бус уу

Европоос ажлаар ирсэн загвар өмсөгч бүсгүй манай оронд гуравхан хоног саатаад буцахдаа “Дахиж ирэх юм сан. Ямар сайхан орон бэ” гэж байж. Европын загварын сэтгүүлүүдэд зураг нь тасардаггүй тэр эмэгтэйг өнөөх байгууллага дахин урих юм гэж санаагүй байсан биз. Буцсанаас нь хойш сар гаруйхны дараа дахин ирж ноолууран бүтээгдэхүүний сурталчилгааны зураг авхуулаач гэхэд нь худалч хүнд хагартлаа баярлаж гэнэ. Тэрбээр Монголын байгальд гэхээс илүү аж ахуйн онцлогт татагдсан тухайгаа байн байн илэрхийлж, малчны хотонд өссөн аятай аливаад сэтгэлээсээ хандаж, мал бүрийг хайрлаж, илж таалах юм гэнэ. Адуунд илүү сонирхолтой. Ажлын шаардлагаар ч юм уу, амьдралын эрхээр малчин болох бол адуучин болно гэж нууцхан хүслээ хэлж. Дэлхийн хүмүүсийн таалдаг ноолууран хувцас Монголд, малчид ямаагаа самнахаас эхэлж бүтдэг гээд бодохоор энэ үйлдвэрлэл, бизнест татагдаад буй тухайгаа ч ярьжээ. Энэ бол гадаадынхан манай сайхан улсад анхны мэдрэмжээр дурладаг тухай нэг л жишээ.

Улаанбаатарын номын баяраар манай улсад зочилсон Москвагийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн проректор С.Ф.Дмитренкогийн гэргийгээс Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн тухай асуухад “Танайх сайхан гэхэд багадахаар, онц сайхан улс орон юм аа. Тэнгэр нь цэлмэг, ийм уужим, хүмүүс нь амгалан тайван, найрсаг юм. Улс үндэстэнд үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Та нар ийм оронд төрснөө аз гэж боддог байх. Би олон оронд зорчсон. Ирланд, Шотландад ч амьдарч байлаа. Тэдгээр улс гоё л доо. Гэхдээ Монгол хамгийн гоё нь юм байна. Бид давчуу хугацаатай ирлээ. Чингис хааны морьт хөшөө л хүрч амжлаа. Дараа ирэх завшаан тохиовол хөдөө явна гэж бодож байна. Тэнд илүү сайхныг мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж байлаа.

Түрүү жил аялал жуулчлалын сэдвээр бичсэн нэгэн нийтлэлдээ нэрийг нь дурдсан санагдана. Дахин бичихэд буруудахгүй байх. Манай оронд дурласан израил эр Илан сайн дураараа Монголд аялах сонирхолтой израилчуудыг жилийн өмнөөс бүртгэж, цуглуулан, мэдээлэл өгч, дасгалжуулж байгаад нааш нь илгээдэг болсоор арав гаруй жил болсон. Түүний хөтөлдөг блог тэр чигээрээ монгол өнгө, “амт”, “Монголд ирээрэй” гэх шиг даллага. Иланы гэргий “Хүн дурласан зүйлдээ юугаа ч хайрладаггүй гэдгийг нөхрийнхөө Монголыг гэсэн сэтгэл, зүтгэлээс мэдэрдэг” гэж ярьж байсан. Монголд дурлагч дэлхийн олон улс, үндэстнээс яагаад Монголд татагдсан, дурлаж, хайрласан тухай асуухад “Баруунаас эхэлье. Алтай Таван Богд, Хөвсгөл нуур, Хан Хэнтийн уулс, говь, алтран шаргалтах элсэн манхан, тэмээн аялал, Архангай аймаг, Булган гээд тойроод үзье. Зөвхөн байгалийн сайхан гэхгүй. Очсон газар бүрт зочломтгой найрсаг монголчууд байдаг. Байгалийн үзэсгэлэн, таван хошуу мал, малчин монголчуудыг нэгийг нөгөөгөөс нь салгахын аргагүй тансаг нэгдэл. Ийм сайхан оронд хэн дурлахгүй байх вэ” гэлээ.

Монгол сайхан оронд минь гадаадынхан дурлачих юм. Уугуул иргэд, монголчууд бид тэдэн шиг ийм хүчтэй дурлаж, хайрлаж чаддаг уу. Хайртай л байх л даа. Хааяахан мартчихаад, эх орон, улс түмэн, иргэд, олон нийтийнхээ эрх ашгийн эсрэг ёс бус, зүй зохисгүй үйлдэл хийгээд байдаг болохоос биш. Диваажин гэж байдаг бол Монгол минь сайхан орон юм биш үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)