Монгол киноны Генерал

“Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Үер”, “Хүргэн хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Өнөр бүл”, “Жаргал даахгүйн зовлон”...

Танил сонсогдож байгаа биз. Өнгөрсөн зуунд бүтээж, өдгөө Монголын кино урлагийн сор болсон эдгээр бүтээл Төрийн шагналт, Ардын жүжигчин, гарамгай найруулагч Дэжидийн Жигжидийн ухаанаас ургаж, авьяасаас үндэслэсэн юм. 70 наслахдаа 50-иас илүү жилийг нь кино урлагт зориулсан тэр эрхэм хүн “Уран бүтээлч хүн цаг үе, нийгэмтэйгээ хөл нийлүүлж явдаг юм.

Иймээс би цаг үеэ харуулах, ялангуяа тухайн үеийн амьдралд байгаа зөрчил, тэмцэл, чухал асуудлуудыг уран сайхны аргаар үзүүлж, олон түмэндээ таниулах шаардлагатай байдаг” хэмээсэн байдаг. Аливаад шударга, үнэнч байхыг өөрөөрөө үлгэрлэн алхам тутам сургадаг байсан нь одоо ч үр хүүхдүүд, шавь нарынх нь ажил, амьдралын мөрдлөг болжээ.

ЭРДМИЙН МӨР ХӨӨВ

1919 оны тавдугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг, Зөөлөнгийн хүрээнд малчин Дэжидийнд Монголын киноны анхны уран бүтээлчдийн нэг найруулагч, зураглаач Д.Жигжид мэндэлжээ. Тэрбээр аавыгаа огт мэддэггүй тул ээжээрээ овоглосон аж. Түүний ээж таван хүүхэд төрүүлсэн ч, амьдралын эрхээр гурвыг нь хүнд өргүүлсэн юм билээ. Д.Жигжид отгон нь. Тэрбээр хожим нь бүтээлүүддээ Хорьдол Сарьдагийн нуруу, Шишгэдийн гол зэрэг дархад зоны нутаг, олон уул даваагаа мөнхлөн үлдээсэн. 

Д.Жигжид сумынхаа бага сургуулийг дүүргээд, хотод багшийн сургуульд сурахаар явахад ээж нь эвхэж, хадгалсан тавьтын хуучин дэвсгэрт өгөөд “Замдаа сайн явж, эрдэм сураад ирээрэй” гэжээ. Хотод нэг жил сурахдаа нөгөө мөнгөндөө гар хүрэлгүй хадгалсаар, зуны амралтаар нутаг буцахдаа гэрийн цагаан бүрээс худалдаж авсан тухайгаа их найруулагч хүүхдүүддээ хуучилжээ. 

Багш бэлтгэх сургуулийн оюутан байхдаа кино урлагт хөл тавих завшаан тохиосон аж. Энэ тухайгаа тэрбээр “Жирийн малчин ардын хүү хоцрогдсон Монгол оронд Ардын засаг төр, хувьсгал ялсны ач тусаар 1930-аад оны дундуур алс холын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас нийслэл Улаанбаатар хотод эрдмийн мөр хөөж, тэр үеийн багшийн сургууль хэмээх соёлын томхон сургуулийн хаалга татаж билээ. Удалгүй бидний хэдэн хүүхдийг Монголд цоо шинээр байгуулах кино үйлдвэрт ажиллуулахаар багш нар шилж, сонгон авсны дотор миний зурсан хэдэн гар зургийг үзээд намайг дагалдан зураглаач болгохоор авсан. 

Нэлээд олон хүүхэд ирсний дотор кино үйлдвэрт зургийн дарга хийж буй Н.Гомбосүрэн бид хоёр үлдэв. Ингэж “Монгол кино” үйлдвэрт ирэхэд намайг Зөвлөлтийн мэргэжилтэн, зураглаач С.Гусевийн дагалдангаар ажиллуулсан. Би ор хоосноос эхэлж, кино гэгч юмыг бий болгосон юм. Тэгэхэд үндэсний киноны мэргэжилтэн манайд байсангүй. Техникийн хувьд ч нэлээд хоцрогдсон аргаар кино хийж сурч эхэллээ. Хэдэн арван метр хальс гараар угааж, буулгаж, зөвхөн гараар эргүүлдэг аппараттайгаар киноны зураг авах мэргэжлийг эзэмшсэн. Ер нь ор хоосноос юмыг бий болгоход ямар хэцүү байдгийг биеэр амссан. Гэвч бид хүнд хүчир бэрхшээлүүдээс ер хойш суусангүй” хэмээн 1981 оны тавдугаар сарын 20-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржид хэлж, бичүүлсэн дурсамждаа өгүүлсэн байна. Ингэж 16 настай Д.Жигжид амьдралаа кино урлагтай салшгүйгээр холбожээ.

ТҮҮХИЙН ХОВОР БАРИМТЫГ АВЧ ҮЛДЭЭЖЭЭ

Д.Жигжид зураглаачийн сургалтад сууж, дүүргээд, мэргэжлийн үнэмлэх авснаас хойш тэр үед хийсэн бараг бүх киноны тайлбар, танилцуулга, өргөмжилсөн нэрийг бичиж, зураг авснаас гадна баримтат кинонд ч ажиллаж, мэдсэн, үзсэн зүйлийнхээ ид шидийг харуулахаар чармайдаг байжээ. 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авсан талаараа “Миний уран бүтээлийн эх болсон” гэж ярьжээ. Үргэлжлүүлэн 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” уран сайхны киноны зураглаачаар ажиллаж, 1941 онд Бүгд Найрамдах Монгол Улсын 20 жилийн ой, 1943 онд ”Монгол Улс”, 1945 онд Маршал Чойбалсангийн 50 насны ой, 1946 онд “Тусгаар тогтносон Монгол Ард Улс”, Эх орны дайны үеэр фронтод бэлэг хүргэсэн нэг, хоёр, гуравдугаар цувааны тухай, 1945 оны чөлөөлөх дайнд Долнуур, Жэхэ хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж, түүхийн ховор баримтыг авч үлдээжээ.

Тэрбээр 1945 онд “Цогт тайж” уран сайхны киноны ерөнхий зураглаачаар томилогдон ажиллажээ. Түүнтэй хамт С.Гусев, А.Лебедев нараас кино зураглаачийн эрдмийг суралцсан Б.Дэмбэрэл, ЗХУ-ын нэрт зураглаач А.Головнягийн цор ганц монгол шавь Д.Ганжуур нар зураглаачаар ажилласан гэдэг. Тухайн онд Д.Жигжид 26-хан насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна.

НАЙРУУЛАГЧ БОЛСОН НЬ

Бодол санаагаа шингээсэн уран сайхны кино хийх хүсэлдээ хөтлөгдөн явсаар 1959 онд Ч.Ойдовын зохиолоор “Ардын элч” кино бүтээсэн нь Д.Жигжид найруулагчийн авьяас билгийг харуулжээ. Тус кино үзэгчдийн сэтгэлд хүрч, мөн онд Москва хотод болсон олон улсын кино наадмаас гол баатар Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн мөнгөн медаль хүртсэн нь Монголын киноны түүхэнд анхны шагнал байв.

Кино зохиолч, судлаач Д.Мягмарсүрэн “Д.Жигжид гуай дүрийнхээ жүжигчнийг олохдоо маш нүдтэй найруулагч. Энэ бол сайн найруулагчийн нэг гол шинж бөлгөө. Жишээ нь, “Өглөө” кинондоо дуурийн театрын дуучин Ц.Дашнамжилыг Сүхбаатарын дүрд тоглуулахад нь их жанжинтай хамт Ардын хувьсгалыг мандуулж явсан хүмүүс хүртэл гайхаж, “Жанжинтай үнэхээр адилхан хүүхэд байна” хэмээн бахархсан гэдэг. Тэрчлэн “Хүргэн хүү” кинонд баримтат киноны найруулагч Д.Довдон, телевизийн хөтлөгч С.Батсүрэн нарыг гайхалтай сонгон тоглуулсан нь тэрхүү уран бүтээлчийн жүжигчнээ дүрд нь маш нарийн тохируулж чаддаг байсныг харуулдаг” гэсэн байна.

Д.Жигжид үргэлжлүүлэн 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”, 1962 онд “Түмний нэг”, 1965 онд “Хүний мөр” киногоо бүтээв. Монголын анхны кино роман гэгдэх эдгээр бүтээл дэлгэцийн урлагт туульсын бүтээлийн эхлэл тавьсан гэдэг. 1968 онд “Өглөө”, 1971 онд “Тэмцэл” кинонд урлах эрдмээ улам чамбайруулж, туульсын бүтээл туурвих арга барилаа улам далайцтай болгожээ. Тэрбээр “Өглөө” киноны хоёрдугаар ангийг хийх тухай санал оруулахад МАХН-ын Төв хорооныхон “Юу гэсэн үг вэ. Ямар энэтхэг кино биш” хэмээн үл ойшоосон гэдэг. Гэтэл Ю.Цэдэнбал дарга “Ийм сайхан киног үргэлжлүүлэх нь зүйтэй” гэснээр Ч.Чимид зохиолч Л.Ванган багшийнхаа хэлж ярьсныг үндэслэн зохиол бичиж өгснөөр “Тэмцэл” кино бүтэж, олны хүртээл болжээ. Эдгээр шилдэг бүтээлээрээ Д.Жигжид Төрийн соёрхол хүртсэн юм.

Найруулагч Д.Жигжид уран бүтээлийн төрөл зүйл, арга барилаа өөрчлөхөөр шийдэж, 1980 онд “Өнөр бүл” инээдмийн киног үзэгчдэд хүргэсэн. 1985 онд тэрбээр Ардын жүжигчин цолоор энгэрээ мялааж, уран бүтээлийн чиг хандлага, арга барилаа алдахгүйгээр түүхэн туульсын том бүтээл туурвихаар эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн” романыг сонгон авчээ. Тус романаар кино бүтээхээр сэтгэл шулуудан уйгагүй хөөцөлдсөний эцэст эхэлчихээд, эхний хоёр бүлгийн зураг авсан боловч бие нь эрс муудаж, хоёрдугаар эмнэлгийн магадлагаагаар ажлаасаа чөлөөлөгдөн, найруулагч Б.Балжиннямд тухайн үеийн МАХН-ын Төв хороо болон Соёлын яамны шийдвэрээр хүлээлгэн өгчээ.

“ХАР АЖИЛД НУХЛУУЛСАН ХҮН”

Алдарт найруулагчийн талаар олон хуудас тэмдэглэл, алдартнуудын дурсамжаас гурвыг л жишээ татъя. Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба “Д.Жигжид найруулагчийн хувьд олон сайн талтай. Үүний дотроос онцолж хэлэх нэг зүйл байдаг. Энэ бол аливаа зүйлийг түргэн сэтгэдэг, юмны учрыг сайтар тунгаадаг, хурц ухаан, гүн гүнзгий мэдрэмж, бусад уран бүтээлчийг зохион байгуулах чадвартай, тэднийгээ удирдан манлайлахдаа ёстой л генерал билээ” гэжээ. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэв “1939-1984 онд баримтат кино 70 гаруй, мөн төдий тооны орчуулгын, уран сайхны кино 20 гаруйг бүтээхдээ зураглаачаас найруулагчийг хүртэл урлагийн жинхэнэ “хар ажил”-д авьяас, ухаан, хичээл чармайлтаараа зүтгэсэн ийм хүн манай урлаг соёлын түүхэнд хуруу дарам цөөхөн бөгөөд монгол кино урлагийн түүхэнд ганц хуруу дарах нэгэн байсан. Д.Жигжидийн гавьяа нь зөвхөн ХХ зууны монголчуудын оюуны баялгаар барахгүй, цаг хугацаа улиран удах тусам үнэд орсоор байх нандин өв юм” гэжээ.

Ардын жүжигчин, алдарт найруулагч С.Гэндэн “Д.Жигжид ямар ч нөхцөлд ямар ч жүжигчинтэй ажиллаж чаддаг. Үүний зэрэгцээ тэр бол шантаршгүй, ухаршгүй. Ажлынхаа эцсийн үр дүнг заавал үздэг уран бүтээлч” гэсэн байна.

ХХ зууны манлай найруулагч Д.Жигжид кино урлагийн тод од төдийгүй ардын багш байв. Түүнийг кино үйлдвэрт багш гэж дуудахгүй хүн байсангүй. Энэ ховор хүн өөрийн бүтээл, туурвилаараа, ажил үйлсийн зам мөрөөрөө, зүтгэл хөдөлмөрөөрөө олон зуун шавь төрүүлсэн гавьяатай. Гарынх нь шавь нараас цухас дурдахад л Р.Явуухүү, О.Уртнасан, М.Дүйнхэр, Г.Цэрэн, Д.Давааням нарын алдартай зураглаачийг нэрлэж болно. Мөн нэрт зураглаач Х.Дамдин, Л.Шаравдорж, З.Сүхбаатар, М.Зундуй, Б.Балчинпүрэв, Л.Лхагвадорж, төрсөн хүү Ж.Биндэр, Ж.Отгонбиндэр нарыг ч дурдахгүй өнгөрч боломгүй. Тэднээс гадна Д.Жигжидийн уран бүтээлээс эчнээ суралцсан шавь тоогүй олон. Ингээд харахад Д.Жигжид бол киноны зураглаач, найруулагчийн дэг сургалтыг бий болгож, хөгжүүлсэн багш.

ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ААВ

Д.Жигжид, Д.Бадамсүрэн нарынх 11 хүүхэдтэй өнөр бүл. Найруулагчийн өмсөх хувцас хунараас эхлээд эрүүл мэндийн төлөө хань нь байнга санаа тавьдаг гэрийн эмч байсан гэдэг. Тэрбээр эхнэрээ ихэд хүндэлдэг, шинэ бүтээлээ заавал үзүүлдэг байв. Түүнд ханиас нь илүү дотно, шударга зөвлөгч байгаагүй гэдэг. “Ээжид нь л нэг киногоо үзүүлэх юм сан. Ээж нь яг ямар болсныг үнэнээр нь хэлнэ дээ” гэж хүүхдүүддээ ярьдаг байжээ. Хань нь ч киног үзээд “Сайхан болжээ. Гэхдээ тэр чинь жаахан үнэмшил багатай болж, амьдрал дээр тийм байдаггүй шүү дээ, хө” гээд л ярихад “Дараа дараагийнхаа уран бүтээлдээ анхааръя” гэж бахархан хүлээн авдаг байсан гэнэ. Д.Жигжидийн том охин Ж.Навч “Аав гэм хийвэл нясалж, гавьяа байгуулбал үнсэж шагнадаг байлаа. 

Аав минь хэн ямар хэрэг мандуулсныг нь сонсож, шийтгэл, шагналыг дор нь өгнө. Эгч нарынхаа үгэнд оролгүй залхуурвал “Алив духаа” гээд нясалж шийтгэнэ. Гавьяа байгуулсныг нь “Алив, миний хүү” гээд үнсэж шагнана. Би анхных нь хүүхэд болоод тэр үү, нэгдүгээр ангид ороход минь хичээл давтуулахад их анхаарна. Нэг ийм явдал болсныг би мартдаггүй юм. Зөв, сайхан бичигтэй болгох гэж 12 хуудастай дэвтрийн ар, өвөргүй бичүүлнэ. Би муухай бичихээрээ дэвтрийнхээ хуудаснаас ураад хаячихна. Хуудасны тоо багасна гэдгийг мэдэхгүй тэнэг байж. Орой нь бичсэнээ шалгуулж байтал хэрэг мандаж, дэвтрийн хуудас дутаад, би урсан хуудсаа пийшин дотроос гаргаж, няслуулж л явлаа. Алив муу зүйлийг ахин хэзээ ч давтагдахгүй болтол ойлгуулж байгаа хэрэг” хэмээн дурсав. Мөн “Солонго бид хоёр бага ангид байхдаа ааваар үсээ самнуулах дургүй байдаг сан. Ээж дүү нарын хоол, унд гээд завгүй болохоор аавын л царайг харна. Аав үсгийг минь яг мод шиг чанга сүлждэг байсан. 

Аав минь үүрийн таван жингээр босож, ажил цуглахаас өмнө очдог байлаа. Хөдөө ажиллаж байхдаа орой болсон хойно хот орж, авсан зургийнхаа хальсыг угаалгаж үзээд, дахин авах, эсэхээ шийддэг байж. Ингэхдээ аав заавал гэр лүүгээ утсаар ярьж, ирснээ мэдэгддэг байв. Бид ч аавыгаа санасан улс шөнө дүл болтол унталгүй хүлээнэ. Аав үргэлж л хөдөө явдаг болохоор ирэх бүртээ амттай юм авчирч сургаагүй. Бид ч нэг их горьдохгүй. Гэсэн ч юмыг яаж мэдэх вэ гээд цүнхийг нь ухаж үзнэ. Хаяа ааруул, бяслаг, өрөмтэй ирнэ. Аав хаалга тогшиход бүгд л тэрхийн хаалга руу тэмүүлж, хээрийн салхинд борлочихсон царай, очтон гэрэлтэх нүдийг нь харах гэж, “За та нар минь сайн сууцгааж байсан уу” гэх сүрлэг сайхан дуу хоолойг нь сонсох гэж, хамгийн гол нь бүгдээрээ дараалан үнсүүлэх гэж догдлон зогсож байснаа санахад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэдэг. Аавын үнсэлт юутай ч зүйрлэшгүй сайхан байжээ” хэмээсэн.

2009 онд Д.Жигжид найруулагчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулж хүүхдүүд нь “Аавын минь нөмөр” дурсамж ном гаргажээ. Эл номд “Аав хүнд нэр хоч сайн өгнө шүү дээ. Биндэрийг үдийн хар, Цэцэгмааг шударга бор гэхчлэн хочилно. Биндэр зусланд гэрийн бараа харахгүй гадаа тоглож байгаад гэдсээ өлсөхөөр гэртээ орно. Тэгээд л тийм нэр авахгүй юу. Цэцэгмаа гэрт хэн, юу хийв, яав гэдгийг яг үнэнээр аавд хэлдэг болохоор ийм нэр авсан байх. Солонго, Цэцгээ бид гурвыг хашир хандгайнууд гэнэ. Ажилдаа явахдаа “За, хашир хандгайнууд минь, ээждээ сайн туслаарай. Гэрээ сайн цэвэрлэ, ийм тийм хоол хийгээрэй” гэж захина. Дүү нараа орон дээр суулгачихаад, аав, ээж шиг л шалаа савандаж, угаагаад хаттал нь хэнийг ч буулгахгүй. 

Аавыг ажлаас ирэх дөхөхөөр нэг дүүгээ цонхон дээр харуулд гаргана. “Аав ирлээ” гэнгүүт бүгд түргэн авч, дор бүрнээ ажилтай болно. Аавын цувны хормой салхинд дэрвээд л, бүрх малгайгаа гараараа дарсхийгээд, том том алхаж яваа нь сүрлэг харагддаг байж билээ. Одоо бодоход аавын дүр төрх “Аминаас чухал үйлс” киноны гол баатар Ганс Клосстой тун адилхан. Өтгөн, долгионтсон үстэй, алхаа гишгээ нь шалмаг. Бидэнд боловсрол эзэмшүүлэхийг аав, ээж минь их л чухалчлан үздэг байлаа. Арван нэгүүлээ л гадаад, дотоодын их сургууль төгссөн. Аав минь биднийг заавал тийм юм сур гэж албадахгүй харин өөртөө хэрэгтэйгээ л авч үлдэнэ шүү гэж захидаг байлаа” хэмээн дурсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)