Монгол залуу барилга, зам, гүүрийн инженерийн тэргүүн зэргийн цолыг жил дараалан хүртлээ

Техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч арлын орны “Хонда” корпорацад барилгын инженерээр ажиллах явцдаа Японы барилгын инженерийн тэргүүн зэргийн цол хүртсэн анхны монгол хүн болж, ийм болзол хангахаар шалгалт өгсөн 30 мянган хүнээс 5500-д шигшигдсэн Н.Баянмөнхийг монголчууд эчнээ мэднэ. 

Ямар ч томоохон барилга, бүтээн байгуулалтад ахлах инженерээр ажиллах онцгой эрхээ өнгөрсөн онд “өвөртөлсөн” тэрбээр “Зам, гүүрийн инженерийн тэргүүн зэрэг авчихаад эх орондоо ажиллана” хэмээн ярьж байв. Инженер залуугийн мөрөөдөл шинэ оны эхэнд биелжээ. Энэ тухайгаа “Хүсэж байсан хоёр зэргээ богино хугацаанд авч чадлаа. Япон инженерүүд энэ зэрэгт хүрэх гэж 5-10 жил зарцуулж, шантралгүй ахин дахин шалгалт өгдөг юм билээ. Анхны оролдлогоороо богино хугацаанд ийм хүндтэй зэрэг хүртсэндээ баяртай байна. 

Энэ жилээс Монгол руу чиглэсэн төслүүдээ эхлүүлж, ажил хэрэг болгохын төлөө хичээнэ” хэмээн нүүр номдоо бичжээ. Ташрамд дуулгахад, зам, гүүрийн инженерийн тэргүүн зэргийн цолны болзол хангах шалгалтыг 40 000 гаруй хүн өгснөөс 9521 нь тэнцэж, зам, гүүрийн салбарт ямар ч хязгаарлалтгүй ахлах инженерээр ажиллах эрхтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)