Монгол залуугийн автомашины загвар олон улсад хүлээлт үүсгэж байна

Монголын анхны автомашины загвар зохион бүтээгч Дациа Дюстерийн, Сандеро автомашины загварыг зохиосон  дизайнер бол  Тунгаа Эрдэ (Эрдэнэчулуун) юм. Тэрээр хэрхэн  СУВ Дациа Дюстер (SUV Dacie Duster) машины загвар зургийг гарын үсгээрээ батлан суудаг мэргэжилтэн болж чадсан бол? Одоо Парист амьдарч буй түүний бүтээл 2010 онд үйлдвэрлэсэн цорын ганц загвар төдийгүй 2018 оны нэгдүгээр сард зах зээлд гарах хоёр дахь үеийн загварыг нь гаргахаар төлөвлөж буй юм байна. Тэрээр Рено(Renault) машины толгой зохион бүтээгчдийн нэг төдийгүй, Ниссаны Инфинити (Infiniti) машины загвар дээр ажиллаж байсан.

Чехийн "Актуалне" сонин-д өгсөн Монгол залуу зохион бүтээгчийн ярилцлагыг хүргэж байна.

Та бол автомашины загвар зохион бүтээгч хамгийн алдартай Монгол хүн лавтай мөн... Ямар мэдрэмж төрдөг вэ?

-Автомашины үйлдвэрлэлийн салбарт амжилт дүүрэн яваа өөр олон нутаг нэгтэн байгаа.

Улаанбаатараас ирсэн залуу хэрхэн ийм амжилтад хүрсэн бол?

-Хүүхэд байхдаа л автомашин шохоорхож эхэлсэн. Зохион бүтээгч болох мөрөөдлийг минь дэмжтэл нь эцэг эхээ ятгаж чадсан шүү.Тэгэхэд хэн нэгэн хүн надад Чехословакийн Урлаг, архитектур дизайнерын сургуулийг санал болгож билээ. Чингээд Монгол, Чехословакийн сайн харилцааны буянаар 1989 онд, 19 насандаа Прага хотноо суралцахаар ирж байлаа. (сурв: Англиар эхэлсэн бидний ярилцлага ярианы энэ үед  чех болж өөрчлөгдөв)

Та ч гэнэтийн зүйл дүүрэнтэй хүн байна шүү. Прагад хэдэн жил амьдарсан бэ?

-Миний хувьд ч энэ нь бас гэнэтийн гайхам зүйл болсон. Эхлээд чех хэл сурах гэж жил болсон. Ческа Липа, Теплице, Подебрады хотуудад амьдарч байлаа. Чехословакийн Хилэн хувьсгалыг ч үзлээ. Тэгээд нөгөөх Урлаг, архитектур дизайнерын сургуульдаа элсэх авьяасын шалгалт өгч хоёрдугаар байр эзэлж тэнцтэл улс орны байдал өөрчлөгдөж үнэгүй суралцах боломжгүй болсон. Надад ч сургалтын төлбөрийн мөнгө байсангүй. Харин дараа нь Карлын Их сургуульд элсэн орж Урлагын түүх ба гоо зүй (эстетика) мэргэжлээр сурч төгссөн дөө. Нийтдээ Прагад 9 жил амьдарсан, тэр үеэ дурсан санах дуртай. Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Чех орон, чех хүмүүст хайртай, мэдээж бас чех пивонд дуртай.

Дараа нь яаж Рено автомашины багт орсон бэ?

-Эхлээд загвар зохион бүтээх янз бүрийн тэмцээнд ордог байлаа. Шкода автомашины үйлдвэрийн зарласан уралдаанд ч орж байсан. Рено байгуулагдсаны 100 жилийн ой (ред: 1899 онд байгуулагдсан)- д зориулсан дизайнерийн тэмцээнд оролцсоны дараа тэд намайг сонгон авсан юм. Тэгээд Ковентри Их сургуульд загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцахаар явснаас хойш өнөөг хүртэл Рено кампанид зарим нэг завсарлагатайгаар нийт 17 жил тасралтгүй ажиллаж байна.

Шкода компанид ажиллах сонирхол төрөөгүй юу?

-Санамсаргүй тохиолдлоор саяхан Млада Болеслав хот дахь үйлдвэрт нь очсон. Нээлттэй хаалганы үеэр нь миний нэг найз дагуулж очсон юм. Шкода машин хайрладаг, маш чадварлаг үйлдвэр, сайн ч машин хийдэг.

Ажиллах хугацаандаа ямар автомашин зохион бүтээсэн бэ?

-Миний анхны ажил бол хожим нь “Рено Салхи” (Renault Wind) нэр авч цуврал үйлдвэрлэлд орсон автомашины төсөөлөл байсан юм.Тэгээд бас олон газар аялж, ажиллажээ. Тухайлж хэлбэл, Барселоны загвар зохион бүтээх урлан, Итали, мөн Самсунг(Samsung), Токиод очиж Инфинитид ажиллаж байлаа.

Эцэст нь Дасиаг зохион бүтээж эхэлсэн үү?

-Бүр 2008 онд гарсан Сандеро автомашины нэгдүгээр үеийн загварыг нь зохион бүтээсэн. Инфинитид бол хожуу очсон л доо. Удалгүй намайг Дюстерийн нэгдүгээр үеийн автомашины загварыг хийлгэхээр эргүүлэн Европ руу татчихсан юм.

Хамгийн хямд төсөр автомашин зохион бүтээх ёстой гэсэн үүрэг хүлээх болдог нь дизайнерийн хувьд юу гэсэн үг вэ гэсэн асуулт үүсэж байна. Санхүүгийн ийм хатуу хязгаар ер нь ажиллах урам зориг, сонирхол төрүүлэх юм уу? 

-Тиймээ, санхүүгийн тодорхой хязгаартай байна гэдэг үнэхээр хүнд.Онцгой загвар зохион гаргахад саад болдог тал бий. Гэвч энэ бол сорилт. Энд ганц би биш олон сайн хүмүүсийн баг ажиллаж байгаа гэдгийг хамгийн гол нь ямагт санаж байх хэрэгтэй. Тэдэнгүйгээр ажил явахгүй.

Дациагийн загвар өөр брендийн автомашинд зориулсан загвараас ондоо байдаг уу?

Бусад автомашины үйлдвэрлэгч ч ялгаагүй санхүүгийн хязгаартай байдаг. Бид Дациад хямд төсөр, шударга, эдэлгээ сайтай машин бүтээхийг зорьж байна. Дизайны хэт илүүц элдэв маяггүй. Брендийн философи ч ийм юм.

Яг энэ жороор шинэ үеийн Дациа Дюстерийг зохион бүтээсэн үү?

-Тиймээ, авсаархан, хямд төсөр мөртөө бөх бат, гарын ая даах машин бүтээнэ гэж бид толгойдоо байнга бодож хийсэн. Гэхдээ бас бага зэрэг орчин үе тал руу нь хандуулна. Зорьсондоо хүрсэн эсэх маань удахгүй харагдана байх. Би хувьдаа хийсэн ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

Шинэ Дюстерийн арын гэрэлтүүлэг шил Ренигэйд жиип (Jeep Renegade) эсэхүл зарим итал, франц машиныхтай төстэй харагдаж байна. Тэндээс онгод, урам зориг авсан уу?

-Хүмүүс тэгж хэлдэг л юм. Гэхдээ маш адилхан шилийг уг машины нэгдүгээр үеийн загварт зориулан аль эрт хийчихсэн байсан юм. Тэвшний арын гэрэлтүүлгийн шилийг тээшний тагны хэсэг рүү нь сунгаж оруулсан маягийн загвартай байсан. Энэ нь нөгөө үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлээд байсан элемент юм. Арын гэрэл бол тэвшний хажуу талд л байрлах ёстой. Одоо бол эл байдлыг анхаарч Дюстерийн хоёр дахь үеийн загварт сайжруулсан байгаа нь зах зээлийн сонирхолд нийцэж буй юм.

Өөрөө ямар машинд илүү дуртай вэ?

-Рено, Дациад ажилладаг учир энэ тухай ярих нь зохимжгүй. Надад бол энгийн машин таалагддаг. Рено 4 (Renault 4)машины том шүтэн бишрэгч,бас Фиат Панда (Fiat Panda), 1960 – аад оны сүүл үеийн Итали машинууд, мөн Японы Кей (Kei) машинд дуртай. Элдэв маяггүй байгаагаараа л байдаг машин таалагддаг.

 

Сэтгүүлч : Эва Српова ярилцсаныг Б.Содномжамц орчуулав. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)