Монгол дахь “олигархи ажиллагаа”-4

-“Багануур”-ын хувьцааг биш, ордыг нь авчихъя-

Төвийн бүсийн эрчим хүчний системийн илч гэрлийг 40 жил нүүрсээр хангасан Багануурын уурхай руу хөнгөн тэргээр довтолгож явах зуурт шувууны хүзүү мэт налуу хэлбэрээр тэнгэр өөд “тэмүүлсэн” хоёр хоолойтой, цэнхэр байгууламжийн дэргэд сунайсан галт тэрэг зогсох нь холоос хүүхдийн тоглоом мэт харагдана. “Багануур” хувьцаат компанийн нүүрс булталж ачих цех тэр гэнэ.

Хоногийн 24 цагийн турш ажиллах тус цехийнхэн тасралтгүй урсах эрчим хүч үйлдвэрлэх нүүрсийг бутлан галт тэргэнд ачдаг юм. Нүүрс бутлан ачих ийм байгууламж тэднийд хоёр байдгийг дууллаа. Багануурын уурхай өнгөрсөн жил 3.6 сая тонн нүүрсийг “ДЦС-4”, “ДЦС-3”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-д нийлүүлжээ. Энэ нь төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангасан гэсэн үг.

Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бизнесийн бүлэглэлийн оролцоотой “Алтайн гянт” компани Багануурын ордын нөөцийн талаас илүүг өөрийн болгохоор зүтгэж байгааг манай сонин “Монгол дахь “олигархи ажиллагаа” цуврал нийтлэлээр хөндөж буй. Өмнө нь “Алтай гоулд” компани Багануурын ордоос башир аргаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан, түүнийгээ “Алтайн гянт”-д хэрхэн шилжүүлсэн, шүүхийн маргаан яаж өрнөсөн, лицензийг Ашигт малтмалын газрын даргын шийдвэрээр яагаад цуцалсан, хэрэг явдал ямар учир шалтгаанаар дахин сэргэсэн талаар мэдээлсэн.

“Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 49 хувийг худалдан авсан “Монголын зэс корпорац”-ын “цаасан дээрх эзэн” Ц.Пүрэвтүвшин 2016 онд “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш Ашигт малтмалын газрын даргын 2012 онд хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр цуцалсан Багануурын ордоос хувийн хэвшилд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх “олигархи ажиллагаа” идэвхжсэн юм. Дээд шүүх хүртэл үргэлжилсэн энэ маргаан дахин анхан шатны шүүхээсээ эхлэхээр болоод буй. Эл ээдрээтэй хэрэг явдлын талаар уншигчдад илүү бодитой мэдээллийг газар дээрээс нь хүргэхээр Багануурын уурхайг зорьсон маань нь энэ.

Шүүхийн шийдвэрээс хамаарч, ордынхоо нүүрсний нөөцийн талаас илүүг хувийн хэвшлийн компанид алдах нөхцөл үүссэн нь багануурчуудад тулгарсан бэрхшээл гэхээсээ “том айдас” юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компанид хандсанаа уурхайн удирдлага ярив. Сайд, дарга нар лицензийг нь алдахгүйн төлөө дэмжиж ажиллахаа амлажээ. Гэвч тэд дэмжих нь нэг хэрэг. Харин шүүх ямар шийдвэр гаргах нь өөр хэрэг.

“Багануур” компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун “Алтайн гянт” компанийнхан манай уурхайн үүцийг л авах гээд шүүхдэлцээд байгаа юм” гэв. Тодруулбал, Багануурын нийт нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрс булаацалдаж буй талбайн хөрсөн доор бий. Багануурын ордын талаар нарийн мэдээлэлтэй компани хөрс хуулалт багатай, нөөц ихтэй талбайг яг онож, тусгай зөвшөөрөл авсан гэнэ. Бага хөрс хуулж, их нүүрс олборлох учраас маш бага зардалтай ажиллана гэсэн үг.

Цагаан саарал хөрсийг энд, тэнд овоолж, уул, толгод үүсгэсэн уурхайн дотор сайтар зассан замаар давхисаар нэгэн буланд хүрэв. Шүүхийн маргаантай талбайгаас нүүрс олборлож буй хэсэг гэнэ. “Алтайн гянт” компанийн булаан авахаар заргалдаж буй талбайгаас өнгөрсөн жилүүдэд “Багануур”-ынхан найман сая тонн нүүрс олборложээ. Энэ жил хоёр сая тонныг олборлохоор төлөвлөсөн байна. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, маргаанд хэн нэг нь ялахад “Багануур”-ынхан аль хэдийнэ тэндээс 10 сая тонн нүүрс олборлочихсон байх нь.

Хэрэв шүүхийн шийдвэр “Алтайн гянт”-ын талд гарвал “Багануур” компани 290 тэрбум төгрөгийн өрөнд унана. “Техникүүдийнхээ хүчин чадалд тохируулахын тулд маргаантай талбайгаас нүүрс олборлохоос өөр арга алга. Эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэж буй станцуудыг нүүрсээр байнга хангахын тулд ингэхээс өөр зам байхгүй” гэж “Багануур” компанийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Ч.Наранбат ярилаа. Гэхдээ нүүрс олборлож буй талбай одоохондоо “Багануур” компанийн эзэмшлийнх учраас хэн нэгнээс зөвшөөрөл авах үндэсгүй гэнэ.

“Багануур” компани Багануурын ордод 4800 га талбайг хамарсан гурван лицензтэй. Тэднийх социализмын үед багахан талбайгаас нүүрс олборлож байжээ. Ингээд 1300 орчим га талбайг хамарсан 1371А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1998 онд авсан байна. Улсын хөрөнгөөр хайгуул хийж, зарцуулсан мөнгийг нь “Багануур” компани төлчихсөн талбайд тухайн үед Ашигт малтмалын газрын дарга байсан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Л.Болд 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгочихсоныг бид өмнө нь мэдээлсэн.

Нэг ч өрөм тавьж, хайгуул хийгээгүй учраас “Багануур”-ынхан лиценз олгосныг нь мэдээгүй аж. Харин мөнөөх Л.Болд “Алтай констракшн” компанийн эзэн Х.Бат-Эрдэнэ нарын гурван хүний нийлж байгуулсан “Алтай гоулд” компанийн Багануурын ордод хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлийг ашиглалтынх болгож өөрчлөхөд нь “нойр”-ноосоо сэржээ. Тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хандаж, цаадуул нь уг зөвшөөрлийг Кадастрын газрын даргаараа цуцлуулсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа буюу 2008 оны тавдугаар сард “Багануур” компанийнхан ордынхоо олборлоход ашигтай бүх нөөцийг хамруулан 3325 га талбай бүхий 13631А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Ингээд ордын нийт нөөцөд эзэн суух эрхтэй болж гэнэ.

Гэвч санаа амарч, сатаарч суух болоогүй байж. “Алтай гоулд”-ынхан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэндээс “Кадастрын газрын дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах эрхгүй” гэсэн шийдвэр гаргасныг эх сурвалж дуулгасан. Ингээд Багануурын ордын үүцийг онилж авсан, 1200 орчим га талбайг хамарсан, 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эргээд хүчин төгөлдөр болох нь тэр. Өөрөөр хэлбэл, Багануурын ордод лицензийн давхардал үүссэн гэсэн үг.

Улмаар 2012 онд Уул уурхайн сайд Д.Ганхуяг хууль бусаар олгосон лицензийг цуцлах тушаал гаргаж, Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Г.Алтансүх түүнийг нь үндэслэн “Алтай гоулд” компани 2010 онд “Алтайн гянт”-д шилжүүлсэн, Багануурын ордод олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Багануурын ордыг ашиглах эрх бүхэлдээ “Багануур” компанийн мэдэлд шилжсэн нь дамжиггүй.

Харин хэрэг явдал хэсэг намжаад 2015 онд дахин сөхөгдөж, шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбартайгаар хэсэг завсарласан бол Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бизнесийн бүлэглэлийн “ов мэх” дахин сэргээжээ. “Алтайн гянт”-ын гүйцэтгэх захирлаар 2016 оны дөрөвдүгээр сард томилогдсон Ц.Пүрэвтүвшин “Багануур” компанийн 13631А дугаартай лицензээс үүцийг нь салгаж авахаар шүүхийн танхимд удахгүй зогсох болно.

“Багануур” компанийн нэмэлт хувьцааг олон нийтэд худалдах андеррайтераар ажиллах гэрээг Худалдаа хөгжлийн банкны охин компани “ТиДиБи капитал” 2016 оны гуравдугаар сард байгуулсан байдаг. Тэгвэл Багануурын ордоос хуудуутай байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад түүнийгээ цуцлуулж, маргаан үүсгэж явсан “Алтайн гянт” компани 2016 оны дөрөвдүгээр сард мөнөөх “алдарт хүү” Ц.Пүрэвтүвшингийн мэдэлд шилжжээ.

“ТиДиБи капитал” нэмэлт хувьцаа гаргах андеррайтераар ажиллахдаа “Хэрэв нэмж гаргасан хувьцаа зарагдах юм бол өөрийн хөрөнгөөр худалдаж авна” гэсэн үүрэг хүлээсэн юм. Эцсийн мөчид тэднийх өөрсдийн тогтоосон үнэ буюу нэмж гаргасан хувьцааг нэгжийг нь 2650 төгрөгөөр худалдан авахаас татгалзаж, “Багануур”-ынханд хямд үнэ санал болгожээ. Хоёр тал тохиролцоонд хүрээгүй учраас гэрээгээ цуцалж, нэмэлт хувьцаа гаргах ажил талаар болсон байна.

Энэ явдлын дараа буюу 2016 оны намар Ашигт малтмалын газрын даргын хууль бус гэж үзэн цуцалсан, 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эргүүлэн сэргээлгэхээр “Алтайн гянт”-ынхан шүүхэд хандаж эхэлсэн байдаг. “Багануур”-ын хувьцааг худалдахаар иргэд 80-хан сая төгрөгийн захиалга өгөөд байсан. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкинд нэмж гаргасан хувьцааг бүхэлд нь худалдан авч, “Багануур” компанийн 24 хувийг эзэмших боломж бүрдсэн гэсэн үг.

Тус компанийн хувьцааны 21 хувийг Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бүлэглэлийн эзэмшлийн “Монголиан нэшнл коал корпорэйшн” 2012 онд худалдан авсан баримт сүүлд олдсон. “Монголиан нэшнл коал корпорэйшн”-ийхтэй нийлүүлбэл “Багануур”-ын нийт хувьцааны 45 хувийг Худалдаа хөгжлийн банк гартаа атгах байлаа. Гэвч хувьцааг нь эзэмшихийн оронд ордын үүцэнд эзэн суух боломж тэдэнд харагдсан бололтой.

Зөвлөлтийн үеийн хөгшин экскаваторууд “араг ясаа” арай ядан даан ажиллах Багануурын уурхайгаас гарч явахад ядуу айлаас хөл салгаж буй мэт мэдрэмж төрүүлэв. Нүүрсний үнийг олон жил хямд барьсны улмаас тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй Багануурын уурхайн төрх дэндүү “навсгар” байлаа. Буцаж явахад чингэлэг бүрээ нүүрсээр дүүргэсэн галт тэрэг Улаанбаатарын зүг хөдөлж харагдсан. Ирээдүйд эндээс “Багануур” компани нүүрс ачуулсаар байх болов уу, эсвэл байр сууриа “Алтайн гянт”-д алдах ч юм уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)