Монгол гэрийн баруун урд туурганы бэлгэдэл

Өнөөгийн бидний мэддэг юм шиг хэрнээ өдөр ирэх тусам бүдгэрч буй олон ёс заншил бий. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдралаас урган гарсан, өдгөө мартагдах шахсан тэдгээр өв уламжлал, зан заншлаас бид долоо хоног бүр цувралаар хүргэж байна.


Монгол эмэгтэйчүүд дээр үед хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг түшиж амарждаг байсан түүхтэй. Энэ нь тухайн айлын гал голомт үргэлж өөдөө мандан бадарч, элбэг дүүрэн өсөн дэвжихийн зэрэгцээ төрж байгаа хүүхэд гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохыг бэлгэддэг утгатай аж. Мөн тухайн айлын хамгийн их буян хишгийг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой. Тиймээс өрх гэрийн буян хишгээ үргээчихнэ хэмээн цээрлэж, монгол гэрийн баруун урд хэсэг дэх эсгий туургыг гөвдөггүй заншилтай.

Монголчууд гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айргийн хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног хэрэгсэл гэх мэт эд зүйлсийг байрлуулдаг нь ч ийм учиртай. Мөн хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол буян заяа дууддаг гэж бэлгэшээн үздэг ёсон өнөөг хүртэл хадгалагджээ. Хоёр гурван гэрээрээ айл саахалт буусан өрхүүдийг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд хэсэгт байрлах айлд эхэлж ордог нь тухайн хот айлын хамгийн хүндтэй, ахмад настных байдаг учраас тэр юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)