МОНГОЛ ГЕНЕРАЛ НҮБ-ЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧААР ТОМИЛОГДЛОВ

Монгол Улсын Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн НҮБ-ын хүчний командлагчаар томилогдсон БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайханы шинэ албанд өнөөдөр амжилт хүсч, хүндэтгэл үзүүллээ.

2004 оны хоёрдугаар сарын 18-нд Ирак дахь олон үндэстний хангалтын төв хэмээх найман орны 2000 цэрэг байрласан “Чарли” бааз руу амиа золиослогчийн хийсэн халдлагыг таслан зогсоосон Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн захирагчаар ажиллаж байсан Д.Баярсайхан Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэх ажлыг анхнаас нь зохион байгуулж байсан юм.

Олон арван жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтнож, төр, засгаа эмхлэн байгуулсан ч дотоодын улс төрийн зөрчил, мөргөлдөөн намжаагүй байна. Тус улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор UNMISS ажиллагааг өргөжүүлж, үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгожээ.

Тогтоолын дагуу БНХАУ, Гана, Балба, Этиоп улсууд тус бүр 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг Өмнөд Судан Улс руу нэмж илгээгээд байна. UNMISS ажиллагааны цэргийн хүчнийг бүсийн командлалд хуваарилан зохион байгуулсан бөгөөд “Хойд” бүсийн олон улсын хүчний командлагчаар ийнхүү Монгол Улсын иргэн, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайханыг томилох шийдвэрийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан байна. Тэрээр аравдугаар сарын 19-нд ажиллагааны газар оронд очиж үүргээ гүйцэтгэж эхлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)