Монгол бөхчүүдийн “түмэнд хайрлагдсан” хоч

Монгол бөхчүүд дунд сонин нэр, хочтой 200 гаруй хүн бий. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул, Монгол Улсын заан “Довцог” хэмээн алдаршсан Б.Пүрэвжавын зээ хүү Б.Жамсран өвөг эцгийнхээ тухай “Намнан Сэлэнгийн Довцог Пүрэвжав” хэмээх ном бичжээ. Тэрбээр монгол бөхтэй холбоотой сонин, сэтгүүл, ном, ховор зураг цуглуулдаг. Хобби нь өргөжсөөр судалгааны ажил руу хөтөлсөн гэдэг. Одоогоор түүнд үндэсний бөхийн холбогдолтой 150 гаруй ном бий. Монголд үндэсний бөхийн талаарх ном, сонин, зураг цуглуулдаг цуглуулагчдын клуб хүртэл байдаг аж. Түүний судалж тогтоосноор үндэсний бөхчүүдийн хоч, нэрийн санг 11 төрөлд хувааж болно. Тухайлбал, монголчууд бөхдөө хоч өгөхдөө буур, азарга, морь, жороо, хайнаг, хурган, ишгэн, тэмээ өргөдөг гэх зэргээр таван хошуу мал, эрхэлж буй аж ахуйтай нь холбох нь түгээмэл. 

Даян аварга Н.Жамъянг буур, улсын арслан Б.Жамъяндоржийг тэмээ өргөдөг, улсын начин С.Лхагвааг азарга, улсын начин О.Пүрэвийг морьт, улсын заан Ч.Дугарсүрэнг жороо хар, улсын начин С.Сугарыг уурган дэгээ, улсын начин С.Баасанг хайнаг, улсын заан Моломжамцыг буханхүү, улсын заан Дэмидийг хурган, улсын заан Чойнзонг ишгэн гэж хочилсон гэдэг. Мөн учраа бөхөө өвдөг шороодуулдаг дархан мэхээр нь дүүгүүр, бусгаа, төмөр дэгээ, гүйдэг, өмсдөг зэрэг хоч өгдөг байжээ. Хочлохдоо барилдааны мэх, өмсгөл, нүүр хувиралтай холбох нь бий. 1958, 1960, 1963, 1971 оны улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын заан Д.Лувсан тавхай хочтой. Барилдахдаа учраа бөхөө голдуу хар тавхайгаар нь суйлчихдаг байж. Улсын заан Б.Пүрэвжав довцог хочтой. Довцог хоч нь хоёр хувилбартай гэнэ.

Нэгдүгээрт, уурлаж бухимдахдаа гаргадаг нүүрний хувирал нь, хоёрдугаарт, довцогтой газар барилдаж байгаад жижгэвтэр цахилдгийг мулт хавсарсан гэдэг.

Монгол хэлэнд хар гэдэг үгийг өргөн хэрэглэхдээ олон утгаар илэрхийлдэг. Өнгө зүс, хүч тэнхээ, холч ухааны харыг илэрхийлээд зогсохгүй төрийн хар хүн ч хэмээдэг. Энэ нь монгол хүний сэтгэлгээний онцлогтой холбоотой. Улсын арслан Т.Балсанг хумбанхар, улсын арслан Дагвыг хангалын хар, улсын заан Д.Рэнцэндоржийг хадагт хар, улсын заан Ё.Ишгэнийг ишгэний хар хайч, улсын начин Д.Жавзмааг харлаг, улсын заан Бямбааг тээхийн хар гарт, улсын начин Д.Дамбадондогийг барилгын бахим хар, улсын начин И.Ламаажавыг дайрдаг хар гэх зэргээр нэрлэдэг байжээ. Түүнчлэн нэг үеийн хэдэн бөхөд хамтад нь армийн таван халуун, Увсын долоон хар, зургаан залуу заан зэргээр нэрлэх нь түгээмэл байж. Үндэсний бөхийн хоёр аваргыг хар гэж дууддаг байсантай холбоотой онигоо хүртэл бий. Бөх сонирхогч нэг хүн Х.Баянмөнх аваргаас “Д.Цэрэнтогтох, та хоёрыг хар аварга гэх юм. Ингэхэд та хоёрын хэн нь илүү хар юм бэ” гэхэд Х.Баянмөнх аварга “Би арай гилгэр байх аа” хэмээн хариулсан гэдэг.

Бэлтгэсэн: Г.Бат


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)