Монгол бүтээлүүд морин хуурын хөгөөр Макаогийн ууланд цуурайтна

Монгол Улсын Морин хуурын чуулга дэлхийн шилдэг найрал хөгжмүүдийг нэгтгэсэн “Гайхамшигт 30” наадамд уригджээ. Макаод жил бүр олон улсын хөгжмийн наадам зохион байгуулж дэлхийд алдартай найрал хөгжмүүдийг урьдаг аж. Энэ удаа 30 дахь удаагийн наадам болж буй учраас бүтэн сарын турш онцгой авьяастай уран бүтээлчдийг сонирхолтой байдлаа тоглуулж байгаа гэнэ. Тухайлбал Берлиний симфони оркестр наадмыг нээж тоглосон бол аравдугаар сарын 24-нд Мариинский театрын хөгжимчид удирдаач В.Гергиевийн хамт Макаогийн наадмыг хаах юм байна.

Харин манай Морин хуурын чуулгын 30 хөгжимчин, удирдаачийн хамт өнөө шөнө Макаог зорино. Тэд аравдугаар сарын 8-нд уулан дээр тусгайлан зассан тайзнаа очиж тоглох бөгөөд зөвхөн үндэсний шилдэг хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг тоглох аж. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нараас эхлээд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл ийнхүү хуурын хөгөөр амилж, Макаогийн ууланд цуурайлах нь.

Дашрамд дуулгахад, 1987 оноос хойш зохион байгуулагдаж буй Макаогийн хөгжмийн наадамд энэ жил БНХАУ, Португаль, Герман, ОХУ зэрэг олон орны авьяастнууд оролцож, уран бүтээлээ толилуулахаас гадна харилцан туршлага солилцох форум, мастер класс сургалтын хөтөлбөр ч байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)