Монгол бүтээлүүдийг НҮБ-ын төв байранд заллаа

Уран барималч А.Очирболд болон ХБНГУ-д уран бүтээл туурвидаг зураач Ц.Ган-Эрдэнэ нарын хамтарсан үзэсгэлэн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд өчигдөр нээгджээ. Тэдний уран бүтээлийн “Энэ мөчид” нэртэй үзэсгэлэнд бүтээлүүдийг уламжлал ёсоор хананд бус, харин танхим дунд тавьжээ. Ингэснээр үзэгчид орчных нь нэгээхэн хэсэг болж таашаал авах боломжтойгоороо онцлог ажээ.

Уран зургийг барималтай хослуулан объект хэлбэрээр байрлуулснаар бүтээлүүд нэгэн орчин бүрдүүлж байгаа тул орон зай, цаг хугацааг мэдэрч үзэх боломжтой бөгөөд уран бүтээлчид тухайн агшныг киноны кадр зогсоох мэтээр үзүүлэхийг зорьсныг нь ойлгоно.

Уран барималч А.Очирболдын “Ухамсар” хөшөө НҮБ-ын төв байрны гадаах талбайд сүндэрлэжээ. “Уг бүтээл хүний оюун санаа ба нийгмийн харилцааг харуулсан нэгэн цогц болсноор онцлог” хэмээн ХБНГУ дахь Монголын соёлын элч Ц.Гэрлээ хэлжээ. Уран бүтээлчид өөрсдөө үзэсгэлэнгийнхээ талаар “Хүн бүр улс төр, байгаль орчин, тэр дундаа нийгмийн хөгжлийг дагасан материаллаг хүчин зүйлсийн нөлөөгөөр үргэлж өөрчлөгдөж байдаг. Бидний амьдрал тоосонцор мэт боловч ухамсар тасралтгүй үргэлжлэх болно. Хүйсийн ялгаанаас үл хамааран хүн гэдэг амьтан оюун санаа болон нийгмийн хамаарал дунд оршин байдгийг харуулсан үзэсгэлэн” гэж онцолжээ.

Барималч А.Очирболдын урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотод заларсан билээ.

Зураач Ц.Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер хотын Соёлын академи төгссөн. Зэрэгцээ ертөнцөд оршиж байгаа хүмүүсийг усны тусгалаар дамжуулж үзүүлэх өөрийн гэсэн арга барилаараа Баруунд танигдсан уран бүтээлч. Тэрбээр бие даасан 10 гаруй үзэсгэлэн гаргасан. Бүтээл туурвилаа Монголыг мэдэхгүй хүмүүст эх орныхоо тухай тайлбарлахад зориулдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)