Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглав

АНУ-д айлчилж буй Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Дональд Трамп угтан мэндчилж, ажлын өрөөндөө урьсан байна. Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийжээ. Энэ нь уулзалт төлөвлөснөөс нэлээд удаан үргэлжилсэн хэрэг болохыг Төрийн тэргүүнийг дагалдан яваа албаны зарим хүн нийгмийн сүлжээнд хуваалцсан байсан юм.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Дональд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс гэж боддог” гээд “Ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн. Холбогдох хүмүүстээ үүрэг, чиглэл өгч, энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана” хэмээсэн байна. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилготой Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг Конгресст 40 гаруй гишүүн нь өргөн барьсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг бүрэн дэмжиж байгаа, хоёр талын Төрийн тэргүүн түлхэц үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа бататгажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж. Эдийн засгийн харилцааны асуудлуудын талаар талууд үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол, АНУ-ын дипломат харилцааны түүхийн тухай халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Стратегийн түншлэлийн тунхаглал гаргасан байна.

Уулзалтын үеэр тус улсын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш бөгөөд Зэвсэгт хүчин нь Афганистанд энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаад явдалд онцгойлон талархал илэрхийлжээ.

МОНГОЛ, АНУ-ЫН ТУНХАГЛАЛ

  • Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны тунхаглал, Монгол, АНУ-ын 2004, 2005, 2011 болон 2018 оны хамтарсан мэдэгдлээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;
  • Монгол, АНУ-ын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;
  • 2018 оны есдүгээр сарын 20-нд Вашингтон хотноо байгуулсан хамтарсан мэдэгдэл болон Монгол, АНУ-ын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;
  • Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;
  • Монгол, АНУ нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;
  • Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;
  • Монгол болон АНУ нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;
  • Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол, АНУ ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.

Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацын шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act) хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.

Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.

Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.

Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчныг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

Дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

Ташрамд дурдахад, манай Төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүүд морь бэлэглэснийг олон улсын эх сурвалжууд онцолсон. Цаашлаад тэд морио “Ялалт” гэж нэрлэснийг нь ч дурдсан байна.

МОНГОЛ ИРГЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон дахь Элчин сайдын яамны байранд тус улсад амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод амьдарч буй бөгөөд тэдний санаачилгаар 58 холбоо, төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж. Уулзалтад 180 орчим иргэн оролцсон байна. Энэ үеэр Чикаго хотоос ирсэн Н.Батзандан “Чикаго хотын Монгол төв”- ийг үүсгэн байгуулсан. Албан бус тоогоор тус хотын эргэн тойронд 10 мянга орчим монгол иргэн амьдардаг. Тиймээс Консулын хэлтэс жилдээ 1-2 удаа тэнд очдог. Ийм өндөр ачаалалтай ажилладаг тул бид сүүлийн таван жилд Чикагод Консулын хэлтэс байгуулах санал гаргаж байгаа” гээд анхааралдаа авахыг хүссэн бол цөөнгүй нь албан тушаалтнуудын оффшор данс, байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой асуудлыг хөнджээ. Оффшор дансны тухайд мөнгийг нь Монголдоо оруулж ирэхээр тууштай ажиллаж буйгаа Төрийн тэргүүн илэрхийлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч Монгол, Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзжээ. АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултдаа хариулт авч, илэн далангүй ярилцсан байна. Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгааг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгов. Уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, “Монсүүн блокчайн”, “Вүүд капитал партнерс”, “Рио тинто”, “Боинг” зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцжээ.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)