Монгол, Алжирын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Алжир хотноо боллоо. Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Алжирын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Рашид Бладехане нар тус тусын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Уулзалтаар Монгол,  Алжирын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааг хөгжүүлж болохуйц салбар, чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн хоёр тал НҮБ болоод олон улсын бусад  байгууллагын хүрээнд хамтран ажиллах, олон улсад болон бүс нутагт өрнөж буй тулгамдсан асуудлуудаар ярилцав.

Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц боломжоо ашиглахын чухлыг тэмдэглэж, хоёр талд болох олон улсын хурал, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээнд төлөөлөгчдөө  харилцан урьж оролцуулах, Засгийн газрын болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, хэлхээ холбоо тогтооход дэмжиж ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр монголын талаас Алжирт уул уурхайн инженер, араб хэлний мэргэжилтэн бэлтгэх, ялангуяа Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг ойрын жилүүдэд ашиглалтад оруулах гэж байгаатай холбогдуулан Алжир улсын газрын тосны салбар дахь туршлагаас суралцах, газрын тосны “Сонатрак” компанид мэргэжилтэн бэлтгэх, дадлага сургалт хийлгэх санал тавьсныг алжирын тал хүлээн авч, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуйн, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай зэрэг хэлэлцээрийг байгуулахаар тохиролцов.

Манай тал 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форум, Залуучуудын ногоон наадамд Алжираас төлөөлөгч оролцуулахыг урихад айлын тал дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч төлөөлөгч оролцуулахаа мэдэгдэв.

Монгол Улс, Алжир Улсын хооронд 1961 оны 6 дугаар сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс Арабын орнууд дотроос хамгийн түрүүнд  Алжиртай ийнхүү албан ёсны харилцаа тогтоож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)