Монголын 33 зураач Бусанд үзэсгэлэн гаргана

Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа консулын газраас санаачлан Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч энэ сарын 12-17-ны өдрүүдэд “Шинэ давалгаа” үзэсгэлэнг тус хотод гаргахаар болжээ. 33 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл багтсан энэ үзэсгэлэн хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотуудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж тус Монголын консулын газар байгуулагдаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сард “Эйр Бусан” компани Улаанбаатар хотруу нислэг хийж эхэлсэн бөгөөд наймдугаар сард Бусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж “Найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагаа эрчимжсэнээр соёл, боловсрол, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотуудын цаашдын хөгжил цэцэглэлд үүрэг гүйцэтгэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын салбарт эерэг, шинэлэг нөхцөл байдал бий болж байна.

2016 онд хамтын хүчээр бий болгосон ололт амжилтыг бататган тэмдэглэх, мөн манай улсын соёл урлагийг Бусан хотод сурталчлан таниулах, манай уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа тэлэх, олон улсад танигдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Консулын газар энэ үзэсгэлэнд санаачилсан аж.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран БНСУ-ын Бусан хотын захиргаа, AIR BUSAN, SUNG GEON, Монголын Урчуудын Эвлэл зэрэг байгууллагууд оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Бусан хотод суугаа Консул Д.Бямбадорж, дэд консул П.Нансалмаа болон бусад байгууллагуудад МУЭ-ийн ЗУБН-ийнхэн талархаж буйгаа илэрхийлсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)