Монголын үзэгчидийн сонгодог урлагийн мэдрэмж дэлхийн шилдэг бүжигчидэд таалагдсан

Сонгодог урлагт дуртай хүн бүрийн хувьд өнгөрсөн долоо хоног мартагдахааргүй үйл явдлаар дүүрэн байлаа. Дэлхийн шилдэг балетчдыг Монголын тайзнаа бүжиглүүлсэн “Night оf вallet” наадмыг “Монголын балетийн хөгжил” сангийн тэргүүн Д.Алтанхуяг зохион байгуулж, олон хүний урлагийн цангааг тайлсан. Эх орондоо ийм сайхан тоглолтыг дахин үзэх боломжийг монголчууд тэсэн ядан хүлээх болно. Энэ талаар тодруулахаар Д.Алтанхуягтай утсаар холбогдлоо.

 -Энэ өдрийн мэнд хүргээд “Night оf вallet” наадмыг амжилттай зохион байгуулсан танд баярлалаа. Дэлхийн шилдгүүдийг монгол үзэгчдэд ойртуулсан ийм тоглолтыг дахин зохион байгуулах уу?

-Баярлалаа. Энэ арга хэмжээг зохион байгуулж, амжилттай болоход манай эрх мэдэл бүхий хүмүүс болон жирийн үзэгчийн хувь нэмэр их байсныг дурдах хэрэгтэй. Дэлхийд данстай олон бүжигчнийг “Night оf вallet” наадамд хамруулахад тэд санхүүгийн болон сэтгэлийн тус дэм үзүүлсэн. Цаашид ч хамтран ажиллахаа мэдэгдсэн болохоор ийм боломж дахин олдох байх аа. Одооноос энэ талаар ярьж байна. Хугацааны хувьд одоогоор тодорхой тов хэлэх боломжгүй л дээ.

-Монголын тайзнаа анх бүжиглэсэн дэлхийн шилдгүүдийн сэтгэгдэл ямар байгаа бол. Манай үзэгчид болон уран бүтээлчдийн тухай тэд юу гэж байна вэ?

-Энэ наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор явуулж, Улаанбаатарын Мээр тэднийг хүлээн авч уулзсан зэрэг нь эл арга хэмжээнд их ач холбогдол өгснийх. Тиймээс миний хамтрагч нарын сэтгэл өндөр байгаа. Дээрээс нь манай үзэгчдийн мэдрэмж, тоглолтыг хүлээж авсан байдал нь тэдний сэтгэлд хүрсэн гэж байна билээ. Дэлхийн алдартай театруудын тайзнаа бүжиглэж байсан тэд сонгодог урлагийг ойлгож, мэдэрч байгаа манай үзэгчдийн соёлыг их үнэлсэн шүү. Монголчууд балетийн урлагийг ийм сайхан хүлээж авч байгаа нь гайхалтай байна гэсэн.

-Монголын хөдөөгүүр аялсан бүжигчдийн сэтгэгдэл ямар байх шиг байна.

-“Монголын байгаль үнэхээр алмайрам сайхан юм. Ийм сайхан газарт байхад цаг хугацааны эргэлт уртассан мэт санагдаж байна. Уг нь цаг хугацаа секунд, минутаар урагшилдаг даа. Энд өөр мэдрэмж төрж байна” гэх мэтээр ярьсан. Үнэхээр манай байгалийн сайханд “цохиулах” шиг болсон шүү.

-Та Наадмын хүндэтгэлийн тоглолтод оролцоод буцна гэл үү?

-Тийм төлөвлөгөөтэй байгаа. Ямар бүтээлд тоглохоо одоогоор мэдэхгүй байна. Өнөөдөр техникийн хурал хийж, тодорхой болно.

Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)