Монголын Элчин сайд Ленинградын бүслэлтийн 75 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо.

Энэ өдрүүдэд ОХУ-д Аугаа эх орны дайны хамгийн эмгэнэлт, баатарлаг үйл явдлуудын нэг Ленинградын бүслэлтийг санан дурсаж байна. 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт фашистын бүслэлтийг сэтэлжээ.

Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолбор дахь “Эх орон – ээж” хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Санкт-Петербург хотын гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концертыг тус тус үзэж сонирхлоо.

Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газрыг хүндэтгэлийн цогцолбор болгон нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаажээ. 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахалаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй. Цогцолборын музейн архивт амь үрэгдэгсдийн нэг нэгэндээ бичиж байсан захидал, тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс, зүсэм хар талхыг хүртэл тавьжээ. Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэн эдгээр тэмдэглэлүүд түүх болон хадгалагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)