Монголын хөрөнгийн бирж 402.5 сая төгрөгийн алдагдал хүлээв

Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилд анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 164.9 сая ширхэг хувьцааг 23.5 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.8 мянган ширхэг үнэт цаасыг 586.9 сая, анхдагч зах зээлийн арилжаагаар компанийн 50 мянган ширхэг бондыг таван тэрбум төгрөгөөр худалдсан байна. Түүнчлэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар компанийн 11 ширхэг бондыг 1.1 саяар худалдаж, нийт 29.1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн аж.

Тус компани 2020 оны эхний хагас жилд 596.9 саяын орлого олж, 694.5 сая төгрөгийн зардал гаргажээ. Ингэснээр 97.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. “Миллениум АйТи” цогц системийн элэгдэл, хорогдлын зардлыг хуримтлуулж тооцсоноор санхүүгийн тайланд нийт 402.5 сая төгрөгийн татварын өмнөх алдагдал хүлээсэн гэнэ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ оны эхний хагас жилд арилжааны идэвх ихээхэн буурсан ч Монголын хөрөнгийн бирж “Бодь даатгал” компанийн 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шинэ хувьцаа, “ЛэндМН ББСБ”-ын таван тэрбумын өрийн хэрэгслийн арилжааг зохион байгуулжээ. Үүнээс гадна үнэт цаасны төлбөр тооцооны T+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт хийх зарчимд гуравдугаар сарын 31-нээс шилжсэнтэй холбогдуулан арилжааны хэлцлийг баталгаажуулах болон алдаатай хэлцлийг цуцлах талаар Арилжааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журмыг шинээр боловсруулж, батлуулснаар банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн санал болгох боломжийг нээжээ. Дээрх хугацаанд Топ-20 индексийг болон үнэт цаасны бүртгэлийн ангиллыг шинэчилж, “Райнос инвестмент” үнэт цаасны компанийг гишүүнээр элсүүлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)