Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ таван жил гаруйнхаа дээд түвшинд хүрэв

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ өчигдөр хоёр их наяд төгрөг (2.027.180.739.127) давлаа. Энэ нь 2012 оны гуравдугаар сарын 30-наас хойших хамгийн өндөр дүнд тооцогдох юм. Тус биржид өчигдөр 645.8 сая төгрөгийн үнэт цаас борлуулжээ. Нийт 28 компанийн хувьцаа арилжсанаас 21-ийнх нь дээшлэв.

Энэ талаар marketinfo.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Ганболд “Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 2011 онд гурван их наяд төгрөгт хүрч байсан. АПУ, “Тавантолгой”, “Сүү” зэрэг зарим том компанийн хувьцааны ханш өсөж буй нь зах зээлийн үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа” гэв. Ер нь энэ сар гарснаас хойш дээрх компаниудын хувьцаа эрэлт ихтэй байгаа аж. Тэр дундаа АПУ компанийн хувьцааг гуравдугаар сараас хойш хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож буй гэнэ.

Монголын хөрөнгийн биржийн MSE ALL индекс өнгөрсөн баасан гаригт 1000 нэгж давсан бөгөөд өчигдөр 2.2 хувиар өсөж, 1050.23-т хүрэв. Тэгвэл Топ-20 индекс 2.78 хувиар дээшлэн, 18229 нэгжид хүрлээ. Энэ нь 2013 оны нэгдүгээр сараас хойш 18000 нэгжид эргэн хүрч буй гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)