МОНГОЛЫН ХОЙМОР ДАРААЛАЛД ДАРАГДАХ ЦАГ ИРЖЭЭ

 Дэлхий дахиныг цочролд оруулсан аймшигт цунами Японы зүүн бүс нутгийг айдсаар хучиж, байгалийн гамшгийн асар том хар хүчний өмнө хүчин мөхөсдөж буй эгэл жирийн япончуудыг өрөвдөн хайрлах, дэмжин туслах сэтгэл Монгол орон даяар давалгаалж байсан өдрөөс хойш нэгэн жил өнгөрсөн өдөр бид Японд хөл тавилаа. Манай есдүгээр сарын сүүл үе шиг шар наран тааламжтай ээж, оройдоо жаахан сэрүү татах авч, хөр цастай хүйтэн өвлийг дөнгөж гэтэлж буй бидэнд аятай ажээ. Өнөөх л түм түжигнэж, бум сүлжилдсэн, өөдөө уруугаа тасралтгүй урсах хүн, техникийн их урсгал хэвээрээ, зөвхөн Японоос л үнэртдэг ёс дэг чанд хэрнээ эгэл гэнэн, тэгсэн атлаа цэмцгэр эрхэмсэг байдал янзаараа аж.

Гуравдугаар сарын 11. Хөгжүүн, найрсаг япончуудын нүдэнд энэ өдөр гуниг харуусал хуржээ. Телевизийнх нь сувгаар болж өнгөрсөн аймшигт сүйрлийн мартагдаж амжаагүй дүрс бичлэг хөвөрч, сураггүй алга бологчдын дансанд бичигдсэн ч амьд үлдсэн байж магадгүй хэмээх итгэл тээсэн хүмүүс хайртай тэднийхээ нэр ус, нас зүсийг бичсэн хуудас цаас барин зогсох нь харагдана. Газар хөдлөлт, цунамигийн догшин хөлд 16.000 хүн цаг бусаар амь насаа алдаж, 3000 нь сураггүй болсон гэсэн тоо баримт бий. Тэдгээр 3000-аас нэг нь ч болов хаа нэгтээгээс олдож, энэ цөхрөл, шаналалд нэвт норсон хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацуулаасай билээ хэмээн сүслэхээс өөр арга даанч олдсонгүй. Жимслэн цэцэглэх, урган төлжих амь амьдралаа эгнэгт алдаад нүцгэн мөчрөө сарвайсан өгөр мод, хажууд нь өвдөг сөгдөн суугаад булцгар хөөрхөн алгаа хавсран наманчилсан жаал хүү. Мартаж боломгүй дүр зураг. Гэхдээ ирээдүйд итгэх итгэлээ япон чууд гээсэнгүй. Байсхийгээд сэгсрэн шилгээж, хагацал сүйрэл авчирдаг ч эх болсон газар нутгаа сүслэн хайрласаар, түүн дээр дэлхийд дээгүүр зиндаатай төр улс, аж ахуйгаа бүтээн босгосоор байна. Хөөрхөн жаахан хүү ч энэ нутагтаа эгнэгт эзэн нь болж үлдэнэ, эх түүхийнхээ үргэлжлэл нь болно.

Японы газар нутагт амьдрал төгсөхгүй, үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэдэнд бас зовох цагт дэмнэж түших сайн нөхөд олон бий. Тэдний нэг нь монголчууд. Хар дарсан зүүд шиг тэр өдрүүдэд чин сэтгэлийн халуун гараа сунгасан бидний тухай тэнд хүн бүхэн ярьж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал чухамхүү гуравдугаар сарын 11-нээс эхэлсэн нь ч учиртай аж. Уг нь 12-ноос эхлэх байсан ч нэг өдрөөр урагшлуулан зориуд энэ өдрийг сонгосон гэсэн. Аймшигт өдрүүдийг эргэн санаж, амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэх цуглаанд нь Засгийн газрын тэргүүн маань оролцсон. “Монголчууд бидний хамгийн эрхэм дотно нөхдийн нэг гарцаагүй мөн гэдгийг бид мэднэ, цаашид ч хэвээр байна гэдэгт эргэлздэггүй. Та энэ өдөр ирж, бидний гуниг зовлонг хуваалцсан нь үүний нэгэн баталгаа” гэж Ерөнхий сайд Ё.Нодагаасаа авахуулаад хүн бүхэн хэлж байгаа дуулдсан. Ядарч ягтсан 90-ээд оны эхэн, дунд үед бидэнд хамгийн их тусалж дэмжсэн нь япончууд гэдгийг монгол хүн бүр мэднэ.

Ийнхүү илтэд өөриймсөх, дээдлэн хүндэтгэх, ач буяныг санах сэтгэл монгол, япон хүмүүсийн зүрхэнд баттай байртай болсон нь илүүтэй анзаарагдлаа. Иргэд хоорондын харилцааны энэ сай хан суурь хөрсөн дээр сайн үр юуг ч тарьж, юу ч ургуулан хурааж авч болох цаг ирсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал, энэ хүрээнд хийсэн уулзалт, хэлэлцээний үеэр бүр ч тод мэдрэгдсэн. Тэр бүхэн хоёр орны Засгийн газ рын Хамтарсан мэдэгдэлд тусгагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт нийтлэгдсэн тул нуршихаа азная. Монгол Улс дэлхийн хаана ч, хэнийд ч очсон бүтэн бүрэн олбог суудалтай болж, тэднээр уриулан залуулж, эн тэгш яриа хэлэлцээ өрнүүлэх боломж нөхцөл бүрдсэнийг мэдрэн нэгэнтээ бахархав. Хаяа хатавч хавиар сууж, бусдын ярианд үг дайх төдий, ихэвчлэн зээл тусламж гуйж явдаг Монгол Улс эрийн цээнд хүрснийг дэлхий нийт тод мэдэрч эхэлсэн байна.

Эдийн засгийн өсөлт нь 17.3 хувьд хүрч, нэг жилийн дотор экспортын түвшин нь 65 хувиар өссөн, гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн улс орныг тэд Хүндэт зочны ёсоор угтдаг ажээ. Энэ бүхнийг илтгэх цөөн хэдэн баримт дурдъя. Манай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) хооронд экспортын зээлийн шинэ шугам нээж, дэд бүтэц, тухайлбал төмөр замын төслийг санхүүжүүлэхэд зориулах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол тав арван жилийн өмнө алга тосон гуйдаг байсан 50, 60 саяын зээлийн асуудал биш, хэдэн зуун сая, тэрбумаар яригдах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нэн томоохон төслийн тухай яриа юм. “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд Япон улсын Засгийн газрын “Самурай” бондыг ашиглах асуудлаар санал солилцож, Японы тал нааштай хүлээж авлаа.

Япончууд манай бүтээн байгуулалтад зориулж өөрсдийнхөө бондоор өөртөө хөрөнгө босгосноо манайх руу цутгана гэсэн үг л дээ. Бас Монгол Улсын Хөгжлийн банк, Японы “Сүмитомо Мицүй банкинг” корпорацийн хооронд Санамж бичиг байгууллаа. Энд бас л маш том тоо, асар их хөрөнгийн асуудал яригдана. “Мицүй” компани манай “ЭрдэнэсТавантолгой”-той Санамж бичиг үзэглэж, Тавантолгойн одоо ашиглаж буй Зүүн Цанхиас коксжих нүүрс худалдан авахаар боллоо. “Мицүй” БНХАУ-ын “Шэньхуа”-тай хамтран ажилладаг. Манайх 250 саяын урьдчилгаа авч, “Шэньхуа”-д нүүрсээ зарж байгаа. Энэ наймааны ашгаас “Мицүй” хүртэж байгаа нь тодорхой. Гэхдээ үүнээс гадна дангаар нүүрс авах гэрээ байгуулсандаа япончууд сэтгэл нэн ханамжтай үлдэв. Ерөөс баялгаа ганцхан оронд хэлсэн үнээр нь худалдаад байвал олигтой ашиг олз орохгүйг захын наймаачин ойлгоно. Тэгэхээр худалдан авагчид олон байх тусмаа бидэнд сайн. Тэдний өрсөлдөөн дундаас бид түүхий эд, бүтээгдэхүүнээ арай ахиу үнээр худалдах нөхцөл бүрдэнэ. Эхний ийм айл нь Японы “Мицүй” болов. Энэ Санамж бичигт гарын үсэг зурсны дараагаас л гаднын хэвлэлээр “Монгол Улс Тавантолгойнхоо орд газрыг ашиглах тендерт Японыг оролцуулах нь гарцаагүй болов” гэсэн мэдээ мэдээлэл гарч эхэлсэн. Энэ уг нь тусдаа асуудал л даа.

Гаднын том компаниудын эрхийг нь олж авах гэж зүсэн бүрийн арга хэрэглэн зүтгээд байгаа цэг бол Тавантолгойн Баруун Цанхи билээ. Удааширч байгаа нь үнэн ч удахгүй ажил хэрэг болох нь дамжиггүй энэ томоохон үйл хэрэгт япончуудыг оролцуулна гэж манай Ерөнхий сайд ам өгөөгүй ч төр, засгийн дээд хэмжээний айлчлалын үеэр нүүрс худалдах, худалдан авах Санамж бичигт гарын үсэг зурсан нь Япон ямар нэг хэмжээгээр оролцох нь үндсэндээ баталгаатай болж буй хэрэг биз ээ. Энэ зүгт Японы хэд хэдэн томоохон компани сунгаа хийж байгаа. Тэдний нэг нь Хятадын “Шэньхуа”-тай хүчээ нэгтгэсэн “Мицүй” билээ. Монголын “Ньюком” компани Японы “Софт банк” компанитай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо. Зөвх өн улс нь биш, аж ахуйн нэгж, бизнесийнхэн ч эрийн цээнд хүрч, олон улсын хэмжээний томоохон төсөл дээр хамтран ажиллаж чадаж буйн жишээ энэ мөн. “Ньюком”- ийнхон Улаанбаатараас холгүй Салхит хэмээх газар 50 мегаваттын салхин цахилгаан станц байгуулах гэж байгаа тухай та лав сонссон байх. Гэтэл дэлхийд дээрээсээ хоёрт ордог эдийн засагтай Япон улс 30 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний анхны станцаа барихаар одоо ярьж байна. Тэднийх 30, манайх 50. Тэр нь Япон, энэ нь Монгол. Бид тэднээс дутахааргүй болсны нэгэн жишээ энэ.

Ерөөс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон юм байна. “Өнөөгийн Японы эрчим хүчний нийт үйлдвэрлэлийг 12-оор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөц Монголд байгаа” гэж сайд Д.Зоригт ярьсан. Яваандаа энэ их нөөцийг хамтран ашиглаж, нэгэнт явуургүй болоод байгаа цөмийн эрчим хүчний хэрэглээгээ Япон багасгах, улмаар манайхаас Япон, цаашлаад Солонгос, Хятад, Орост гэх мэтээр эрчим хүчээ экспортолж, бүс нутгийн хэмжээний “Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах амбийц Монгол, Япон хоёрт байгаа юм байна. “Ньюком” бол манай технологийн манлай компани. Тэд япон технологийг Монголд нутагшуулна. Ер нь хоёр орны хооронд яригдаж, төлөвлөж буй том төслүүд хөрөнгө оруулалт+технологи+боловсон хүчин гэсэн схемээр урагшлах ёстой ажээ. Өөрөөр хэлбэл япончууд манайд томоохон хөрөнгө оруулж ахиухан ашиг хүртэх, монголчууд Японы байгаль орчинд ээлтэй, тэргүүний техник технологи, ноу-хауг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээх, үүний тулд хүнээ сурган бэлтгэх гэсэн харилцан ашигтай, шударга, эрх тэгш харилцааны хөрс суурь бүрэлдэж байна гэсэн үг.

Гуравдагч гэж бидний нэрлэдэг орнуудаас Японтой анх тогтоосноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр зарласан “Стратегийн түншлэл” хэмээх нэр томъёоны агуулга ийм зүйлээс эхэлдэг аж. Айлчлалын цөөхөн хоногт нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дугаар ээлжийн хөнгөлөлттэй зээлийн төсөл, Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх техник хэрэгсэл, Соёлын өвийн төвийн шинжилгээний тоног төхөөрөмжийг сайж руулах буцалтгүй тусламж болон Төс лийн бус буцалтгүй тусламжийн Ноот бичиг гэх мэт олон баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй. Ойн жилийн хүрээнд хүүхэд залуучуудын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын 180 хүүхэд залуучуудыг өөрийн оронд урихаар Ерөнхий сайд Ё.Нода амлалаа. Хөтөлбөртөө “Бат бөх барилдлага” хэмээх сайхан нэр өгчихөж. Монгол Улс Японы иргэдийг нутагтаа визгүй зорчуулдаг болсон. Хариуд нь Японы тал визний асуудлыг хөнгөвчлөх талаар дорвитой алхам хийнэ гэж амлалаа. Тэр нь чухам юу байхыг одоо таах аргагүй. Гэхдээ тун удахгүй бололтой. Энэ мэтээр Ерөнхий сайд С.Батболдын Японоос ганзагалж ирсэн богцыг нээвэл тун чанартай, нүд сэтгэл баясгасан эд гарна. Уут сав барьж, юм гуйхаар алсыг зорьдог байсан цаг ард үлдэх цаг ирж.

Харин хөгжил дэвшлээ тэтгэсэн хамтын ажиллагаа, том хөрөнгө оруулалт, их зорилго тээж ирдэг үе айлсжээ. Японы хамгийн том компани “Мицүбиши” эхлээд, хоёрт ор дог “Мицүй” удаалаад, араас нь “Сүмитомо”, “Иточү”, “АНА”-гийн Ерөнхий захирлууд дараалан Монголын Ерөнхий сайдтай уулзахаар дугаарлах аж. Завсар зайгаар нь “Эн Эйч Кей”, “Никкей”, “Майничи”-гийн сурвалжлагчид гүйлдэнэ. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода зочноо өрөөнийхөө үүдэнд угтаж авав. Монголын хоймор оочир, дараалалд дарагдах цаг эхэлжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)