Монголын хилчид, хил хамгаалалт дэлхийн жишигт ойртжээ

ХИЛИЙН ТУСГАЙГИЙНХАН

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж зарлигдсан Галдан хааны үг, “Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян” хэмээн шүлэглэсэн яруу найрагч З.Доржийн шүлгийн мөрийг монголчууд хилийн тухай ярих бүртээ эшлэх дуртай. Энэ хэдэн мөрийг хэлснээрээ өөрийгөө эх оронч гэх нь холгүй ойлгодог хүн ч цөөнгүй.

Хил гэж юу сан билээ, хилчид гэж хэн сэн билээ. Буу үүрч, морь унан, хилийн зурвас даган өдөр, шөнөгүй явдаг хүмүүс гэж олонх нь төсөөлдөг. Тэгвэл бидний мэддэг хилийн цэрэг, хил хамгаалалт орчин үеийн техникийн ололтод тулгуурлаж, танигдахын аргагүй болжээ. Дорнодын хилээр явж, энэ бүхнийг нүдээр үзэв. Бид нийслэлээс холгүй байрладаг хилийн цэргийн 303 дугаар тусгай ангитай танилцсан юм. Үзээгүй хүн бол итгэмээргүй. Барууны киноноос л харж байсан 5000 метр хүртэл тусгалтай, мэргэн буудагчийн винтов наад захын зэвсэг нь. Өндөр хөгжилтэй орнуудын хил хамгаалалт, тусгай хүчинд ашигладаг зэвсэг, техник энд бүгд байна. Дрон унагагч, машины хөдөлгүүр эвдэгч гээд хэд хэдэн төрлийн сумтай автомат, лазерийн чиглүүлэгчтэй бууг энэ ангид ирээд барьж үзэв шүү дээ. Тэр бүхнийг манай хилчид эзэмшжээ. Үүрэг гүйцэтгэх бүс нутгийнхаа байгаль, цаг уурт тохирсон өнгөлөн далдлалтын болон тусгай ажиллагааны хувцас гэхэд хэдэн янзаараа. Туулах чадвар, хурд, хүч сайтай машин, техникээр бүрэн хангагджээ. Хил дээр ямар нэг асуудал болох, хил зөрчигчийг эрэн хайхад хүрвэл энэ ангийн бие бүрэлдэхүүн уул хад, говь, цөл, тал, хээрийн алинд нь ч хийх ажиллагаанд ямагт бэлэн байх аж. 

Ангийн захирагчаасаа эхлээд цэргээ хүртэл шижигнэсэн залуус. Уул нурааж, ус эргүүлэх нас, хүч ийм л эрчүүдэд байдаг байх даа гэж тэднээр бахархсан. Өвч зэвсэглэсэн байхыг нь харвал ямар ч улсын тусгай хүчнээс дутах юм алга. Өндөр уул, хад асганд эрэн хайх, үүрэг гүйцэтгэх чадвартай тусгай хүчин манай улсад эдний бие бүрэлдэхүүнээс өөр үгүй гэсэн. Сургалтын тийм орчин, хүн нэг бүрийн тоноглол зөвхөн эднийд л байна. Энэ ангид алба хаасан хилчид, ахлагч нарыг хүчний бусад байгууллагынхан авч ажиллуулах дуртай нь манай хилчид орчин үеийн зэвсэг, техникийг чадмаг эзэмшсэн байдгаас гадна тэдний ур чадвар, хариуцлагыг үнэлдэгтэй холбоотой гэсэн. Хилчид үеийн үед ийм л байсан. Өнөө цагт орчин үеийн зэвсэг, техник ашиглах болсноор үүрэг гүйцэтгэх чадвар нь бүр ч нэмэгджээ. Бэлтгэл сургуулилалт бол эдний өдөр тутмын ажил, тийм байж л ур чадвар нь өсөж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдаг биз ээ. Энэ ангийн нэг бахархал бол ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай бие бүрэлдэхүүн нь. Нэр цуутай олон тамирчин, шилдэг офицер, ахлагч эндээс төржээ. “Өндөр хөгжилтэй орнуудын хил хамгаалалтын жишиг, орчин үеийн гадаад, дотоод нөхцөл байдлыг харгазан, тусгай үүрэг гүйцэтгэх салбар байгуулах нь зүйтэй” гэж ХХЕГ-ын удирдлага үзэж, Хилийн цэргийн командлагчийн бэлтгэл хүчин болгон 2011 онд байгуулсан байна. Энэ ангийн үйл ажиллагаатай танилцаж явахад болдог бол залуусыг энд л алба хаалгамаар санагдсан. Хугацаат цэргийн алба хаах олон хэлбэр бий болсонтой холбоотойгоор залуусыг элдвээр гоочлох нь бий. Тэгвэл хилийн цэрэгт, тэр тусмаа тусгай бүлэгт алба хаасан хэн ч, хаана ч гологдохооргүй жинхэнэ эр хүн, мэргэжлийн өндөр ур чадвартай болоод харьж байна.

ДОЛООН ГЕНЕРАЛ ТӨРҮҮЛСЭН ОТРЯД

Жийпээр өдөржин довтолгож, наран мандах зүгийн нутаг Дорнодод хүрч хонов. Өглөө босоод харахуйд, Зөвлөлтийн нэрт найрагч Е.Евтушенкогийн шүлэглэснээр “Монгол идээний зэс таваг шиг улаан наран” өргөн талаас урган гарах нь нэг их том галт бөмбөлгийг тэнгэрээс дүүжилсэн мэт нэн үзэсгэлэнтэй. Хилийн 0132 дугаар ангийн тогооч бүсгүйчүүдийн хийсэн өглөөний хоолыг амтархан идээд отрядын захирагч, хурандаа О.Батгэрэлтэй Хавиргын боомт руу явлаа. Түүний орлогчоор дэд хурандаа Н.Наранцэцэг хэмээх бүсгүй ажилладаг. Манай бүсгүйчүүдэд чадахгүй юм гэж алга болжээ. Хилийн отряд, цэрэг, офицеруудыг удирдана гэдэг хэн дуртай аавын хүүгийн хийдэг ажил биш. Өндөр мэдлэг, боловсролтой, чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл болсон энэ дэд хурандаагаар бахархахгүй байхын аргагүй. Энэ ангиас Д.Базарсад, Л.Баябазар, Ч.Сандр, Ж.Ишдорж, Ц.Сэргэлэн нарын долоон хошууч генерал төржээ. Бахархах гавьяатай ийм анги цөөхөн биз ээ.

Дорнод Монголын их талд өвөл цас нэлээд орсноос багагүй хүйтэрсэн гэнэ. Зам дагуу зээрийн сүрэг байсхийгээд таарч, хотын бид дуу алдан явсан ч “Цөөхөн байна, ид сүрэглэхээрээ газар давлагаалав уу гэлтэй харагддаг” хэмээн О.Батгэрэл хурандаа ярьж явлаа. Их талын дунд алсад сүүмэлзэх уулыг тэрбээр зааж “Халхын таван уул гэдэг чинь тэр шүү дээ” гэхийг сонсоод яруу найрагч, сэтгүүлч Н.Лутбаяр анд маань үүгээр явж, “Халхын таван уул” гэдэг дууны шүлгээ бичсэн байх нь гэж бодохуйд Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү тэрхүү дууг бидэнд дуулж өгч байсан нь санаанд буув. Ийн явсаар Хавиргын боомтод хүрлээ. Хилийн энэ боомтыг иргэд сайн мэддэг. БНХАУ-ын Манжуур хот руу манайхан олноороо зорчдог тул энэ боомт олны хөлд дарагдах болсон байна. Монголчууд л болсон хойно байшин барилгаас нь эхлээд Хятадын боомттой харьцуулан ихэд шүүмжилдэг байж. Одоо өөр болжээ. Зорчигчдын ая тухыг хангасан боомтын байгууламж, хяналтын орчин үеийн төхөөрөмж бүгд байна. Энэ бүхнийг ХХЕГ-ынхан барьж байгуулжээ. Иргэд ч ам сайтай болсон гэсэн. Бидний олзуурхсан зүйл бол хил хамгаалалт. Хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан хилчид энд үүрэг гүйцэтгэж байна. Хил зөрчигч битгий хэл шувуу орж ирсэн ч тэр болгоныг алдалгүй хянаж суух аж. Боомтын эргэн тойрныг камер, дроноор хянаж, хилийн дагуу хэт ягаан туяаны төхөөрөмж суурилуулжээ. Хамгийн олзуурхууштай нь эдгээр төхөөрөмжийг хилийн цэргийнхэн өөрсдөө санаачлан хийж, техникийн туршилт, тохируулгыг нь гүйцэтгэжээ. Өмнө өгүүлсэн 303 дугаар салбарын багасгасан хувилбар болох тусгай бүлэг энд бас байна. Ганц энд ч биш, хилийн отряд болгон ийм бүлэгтэй болсныг бидний орсон гурван ангийнхан танилцуулсан билээ. Тэдний хувцас, зэвсэг, техник яг ижил. Ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай.

ГЭРЭЭТ ХИЛЧИД ХИЛИЙН АЛБАНЫ ИРЭЭДҮЙ

Энэхүү тэмдэглэлийнхээ эхэнд хилийн цэрэг танигдахын аргагүй болжээ, нүдээрээ үзээгүй бол үнэмшихгүй байсан хэмээн өгүүлсэн нь 20 шахам жилийн дараа хилээрээ яваад сэтгэл хөдөлсөндөө хэлсэн юм биш. Бидний алба хааж байх үеэс өөр болсонд тийнхүү дуу алдсан хэрэг. ХХЕГ-ынхан 2007 онд Гэрээт хилчний албыг санаачлан байгуулжээ. Хилийн албаны ирээдүй бол гэрээт хилчид гэдгийг тэд олж харсан аж. Үүнийгээ ажил хэрэг болгохоор тухайн үед Улаан уулын хилийн отрядын Үзүүр усны, Сэлэнгийн отрядын Хутаг-Өндөрийн заставыг гэрээт хилчдээр бүрдүүлжээ. Гэрээт хилчдийг хугацаат цэргийн алба хаагчдаас саналаар нь сонгон, үргэлжлүүлэн алба хаалгасан байна. Тэд хоёр жил алба хаадаг. Энэ хугацаанд мэдээж цалинтай. Цалингийнх нь 70 хувийг нэрийнх нь дансанд хийж, 30 хувийг олгодог юм билээ. Хоёр жил гэрээгээр алба хаагаад халагдахдаа дансандаа чамгүй хэдэн сая төгрөгтэй болдог. Мэдээж албаа сайн хааж, хил хамгаалалтад санаачилгатай, үлгэр жишээ ажилласан бол нэмэгдэлтэй. 

Гэрээт хилчид байрандаа

Хариуцлага алдвал авдаг хэдээсээ хасуулна. Туршилтын явцад гэрээт хилчидтэй заставын хил хамгаалалт, сахилга хариуцлага илт сайжирсан байна. Тиймээс энэ албыг цаашид өргөжүүлэхээр болж, өнөөдөр хилийн бүх отряд гэрээт хилчдээс бүрдсэн заставтай болсон төдийгүй хилийн хоёр ч анги хугацаат цэргийн алба хаагчгүй, дан гэрээт хилчидтэй болжээ. Тухайлбал, бидний орсон Хавиргын боомтын бүх алба хаагч нь гэрээт хилчин. Тэд яг л гэртээ байгаа юм шиг тав тухтай байртай. Дөрөв дөрвөөрөө нэг өрөөнд амьдарна. Байранд нь халуун усны өрөөнөөс эхлээд дутуу юм алга. Хоолных нь цэсэд 25 төрлийн зоог харагдсан. Тэд дуртай хоолоо захиалж болно. Хоол унд, байр, ахуй хангамж нь бүгд төлбөргүй. Алба хаах бүх нөхцөл бүрдсэн байна лээ. Бидний уулзсан дэслэгч А.Ганбаяр гэрээт хилчин байжээ. Тэрбээр ШУТИС-ийн геологи, уул уурхайн ангийг маркшейдер мэргэжлээр төгссөн. Хилийн цэрэгт алба хааж байгаад гэрээт хилчин болсон түүнийг офицерын албанд томилж, дэслэгч цолоор 2018 оны наймдугаар сард шагнаж, хилийн боомтын баримт бичгийн шалгагчаар томилсон аж. А.Ганбаярын аав, ээж нь хилийн цэрэгт алба хааж байсан тул удам дагасан хилчин офицер болсондоо ихэд баяртай явдгаа бидэнд ярив. Гэрээт хилчний албанд түүнтэй хамт алба хааж байсан цөөнгүй нөхөр нь хилчин офицер болохоор ОХУ-ын Курганы цэргийн дээд сургууль, Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж буй гэнэ.

Хилийн цэргийн тухайн үеийн удирдлага Гэрээт хилчний алба байгуулснаас гадна хилээ бүсчлэн хамгаалах болжээ. “Энэ нь хил хамгаалалтыг эрс сайжруулсан томоохон өөрчлөлт болсон” гэж хилчид ярьж байна билээ. Тэдний хийсэн өөрчлөлтөөр хил хамгаалалтыг уулын, ой тайгын, тал хээрийн, говь цөлийн, төвийн гэсэн бүсэд хуваасан байна. Хилийн бүс бүрт ажиллаж буй цэрэг, офицеруудын цалин, хилийн нэмэгдэл, хангамж өөр өөр төдийгүй, зэвсэг, техник, хувцас нь ч газар орондоо тохирсон өнгөтэй. Жишээ нь, говь цөлийн бүсэд шаргалдуу, ой тайгын бүсэд ногоон алаг хувцас өмсөнө. Бүсчилсэн хамгаалалтыг бие бүрэлдэхүүн нь ихэд дэмжиж байдаг нь уулзсан хүн бүрийн ярианаас мэдэгдсэн. Хилийн заставаас отряд руу, отрядаас төв рүү зүтгэдэг байсан алба хаагчид одоо болж л өгвөл хил дээр алба хаахыг илүүд үзэх болжээ. Учир нь, цалин, хоол хүнс, хувцас болон бүх төрлийн хангалт нь төвөөс хил рүү ойртох тусам нэмэгддэг системтэй тул алба хаагчид нь заставт үүрэг гүйцэтгэе гэх болсон аж. Дээрээс нь эхнэрийг нь ахлагч болгож, хилийн нэмэгдэл, бусад хангамжийг мөн адил эдлүүлэх тул өрхийн орлого нь эрс өсжээ.

“Саяхныг болтол хилийн застав, харуулынхан өөхөн дэнлүү, лаатайгаа байсан. Гэтэл сүүлийн гурван жилийн дотор хилчдийн амьдрал илт сайжирч, үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдлээ. Хилийн байнгын харуулын байрыг та сая харлаа. Хэдхэн жилийн өмнө утаа тортог болсон белендаж (нүхэнд) дотор үүрэг гүйцэтгэдэг байв. Гэтэл одоо тохилог байртай, байнгын цахилгаантай, харуулд гараагүй үедээ зурагт үзэж, сонин уншсан шигээ сууж байгаа биз дээ” хэмээн хилийн 0306 дугаар ангийн захирагчийн орлогч, хошууч Б.Түвшинтулга ярив. Ийм орчин, цалин, хангамжтай газар хүн урамтай ажиллахаас өөр яах билээ.

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)