МОНГОЛЫН хатиг, бэтэгтэй СЭТГҮҮЛ ЗҮЙ

Монголын сэтгүүл зүй маш их бохирджээ. Яг үнэндээ БОХИРДСОН гэхээсээ БУЗАРТСАН гэвэл илүү оновчтой баймаар ч, ийн хэлж үл зүрхлэв. Хэн нэгнээс айсандаа бус өөрийн эрхгүй харамсан гутравч, өмөөрөх сэтгэлийг бас яалтай билээ.

Би юунд ч ингэтлээ гутаж, шаналж, нервтэж явсангүй ээ! Монголын сэтгүүл зүй аймшигтай бохирдсоныг, сэтгүүлч хэмээн өөрийгөө нэрлэсэн энэ олон зуун "найзууд" ямар ичгүүргүй болсныг хэлэхгүйгээр цааш удаан тэвчиж явж чадашгүй нь ээ!

Ичиж үхэхэд ч багадмаар заримдаа санагддагийг нуух юун. Бусдын өмнөөс ичих шиг, шаналах шиг там байдаггүй ажээ. Монголын сэтгүүл зүйн гал тогоонд анх орж ирснээс минь хойш яг 14 жил өнгөрч байна. Төрийн төв хэвлэл, "Ардын эрх"-ийн босгыг давж, түүнээс салаалан "Өнөөдөр" сонин гал голомтоо асаах тэр цаг үед Ц.Балдорж, Б.Лигдэн, Б.Пүрэвдаш нарын жинхэнэ ясны, жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчдийг бараадан дагах хувь тохиосныг насан турш үл мартан, омогшиж явах болно. Энэ бол миний юутай ч зүйрлэмгүй нэгэн бахархал. Тэр үед сэтгүүлч, сэтгүүл зүйн хэн хэн нь одоогийнх шиг байгаагүй юм. "Сэтгүүлч" гэдэг миний хувьд ямар эрхэм үг болохыг энэ цаг үед тайлбарлаад ойлгох нэгэн ховор биз ээ. Шуудхан хэлэхэд одоо ч би өөрийгөө сэтгүүлч гэж тодотгохоосоо эмээдэг. Миний хэмжүүрээр энэ эрхэм алдар тэртээ өндөрт оршдог болохоор тэр. Тэр хэмжээнд хүрч чадсан гэж бодож зүрхэлдэггүй. Учир нь жинхэнэ сэтгүүлч гэж миний боддог тун цөөхөн хүн байдаг юм. Тэдний хэмжээнд, тэдний энтэй болж байж сэтгүүлч гэж өөрийгөө тоож, сэтгэлээ амраана гэж зорьдог. Хэсэг хугацаанд амьдралын зам мөрөө даган сэтгүүл зүйгээс хөндийрсөөн.

Эргээд ирэхэд миний хүсэл, мөрөөдөл, итгэл үнэмшил, бахархал оргүй арчигдсан байхыг харлаа.

Би сэтгүүлчийн хөдөл­мөр ямар хүндийг гадарлана. Ямар бахархалтайг мэднэ. Сэтгүүлчдийн эдийн засаг, нийгмийн баталгаа ямар ядруу болохыг ч мэддэг. Монголд хамгийн бага цалинтай хүмүүс сэтгүүлчид гэдгийг зөвшөөрнө. Тэгэх­дээ хамгийн өөдрөг, гэгээ­лэг, бусдыг, нийгмийг гэгээрүүлэх, ухааруулахын төлөө ямар ч гуниггүй, шуналгүй, хоёргүй сэтгэлээр жигүүрлэн дэрвэлзсэн хүмүүс гагцхүү сэтгүүлчид байсныг санагалздаг. Тийм л байсан юм.

Одоо бол би ингэж хэлж чадахгүй ээ. Дөнгөж сургууль төгссөн, (их, дээд сургууль гээд байгаа юм шүү дээ) нусгай юмнууд сонинд ганц мөр тавьж үзээгүй байж, өөрсдийгөө сэтгүүлч гэж ямар ч ичгүүргүйгээр нэрлэж чадаж байна. Аль ч сонины редакц  мэргэжлийн гэж хэлж болох боловсон хүчний гамшигт нэрвэгдээд байгаа. Зөвхөн сонин гэлтгүй мэдээллийн бүхий л салбарт жинхэнэ толгой өвтгөсөн зовлон энэ юм.

Гайхалтай юм шүү. Монголд сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй сургууль байдаг, жил бүр 400-500 "сэтгүүлчийг" "үйлдвэрлэж"  байдаг ч хэдхэн тоотой редакцууд жинхэнэ боловсон хүчнээр хомсодсон хэвээр.

Спортын сэтгүүлчээр мэргэшиж төгслөө хэмээн том, том ярьсан хэдэн залуу манай редакцид ирсэн юм. Чөлөөт бөх, жүдо хоёрыг тэд ялгахгүй байсан гэвэл баргийн хүн итгэхгүй дээ. Тэгсэн хэрнээ монголоос өөр хэл мэдэхгүй гэж нэрэлхэхгүй ярьж чадаж байв. Хэл мэдэхгүй бол спортын сэдвээр юу бичих болж байна вэ гэхэд "үндэсний бөх, морь, сур бичнэ ээ" гэж туудаг байгаа.

Онц төгссөн, гялгар нь дэндсэн диплом барьсан охид, хөвгүүд энэ хугацаанд манай сонины редакцид хэчнээн олон ирэв ээ!

Тэднээс манай шалгуурт тэнцсэн хүн тун цөөн, тоолбол гарын таван хуруу ч олдох ганц, нэг л байдаг юм.  Сэтгүүлч  бол бусдаас түрүүлж сэтгэдэг, сэтгэсэн нь ямагт нийгмийг гэрэл гэгээ, хөгжил дэвшил, танин мэдэхүй, гэгээрэлд уриалан дуудсан хүчин зүйл болдог байх ёстой гэж би боддог юм.

Монгол хэл, бичгээрээ ч зөв ярьж, бичиж чадахгүй, шуудхан хэлэхэд зургаа, долдугаар ангийн л боловсролтой нөхөд сэтгүүлч хэмээн давхиж явах юм. Ямар аймшиггүйгээр сэтгүүлч гэж нэрлэж, бичиж чадна вэ?

Энэ цаг үед өгүүллийн эхэнд дурдсан эрхэм хүмүүсийг өөрийн эрхгүй үгүйлдэг юм.

Саяхан даа, цагдаад ажилладаг миний нэг танил надад "Танай сэтгүүлчид ядуу, зүдүү, цалин бага л гээд байдаг. Та нар шиг баян хүмүүс байдаггүй юм билээ шүү дээ. Хадгаламж, зээлийн хоршоонууд ээлж дараалан дампуурч байхад зуу, зуун саяар нь мөнгөө алдсан хохирогчдын ихэнх нь сэтгүүлчид байсан" хэмээн надад хэлсэн юм.

Миний гайхшийг хамгийн их бардаг асуудлын нэг энэ үнэхээр мөн л дөө.  Одоо цагийн сэтгүүлчид дотор цалингаараа хаус бариулаад, 70-80 мянган долларын машин худалдаж аван, хөлөглөөд давхиж явах хүн бий гэж үү.

Магадлал бараг үгүй ээ! Тэгвэл сонин хэвлэлд үсрээд 10-аад жил ажиллаж байгаа "найзууд" яаж ингэж хөлжиж чадаад байна вэ? Би хэн нэгэнд атаархаж, хордоод, өөрөө арчаагүй нэгэн болоод ийн бичиж буй юм биш ээ! Миний хамгийн айж, хардаж, сэжиглэж, цэрвэж байгаа зүйл энэ юм. Сэтгүүл зүйн үндэс болсон шударга, бодитой, идэвхтэй байх зарчим Монголын сэтгүүл зүйд байхгүй болж байгаад, үүнийг мэдсээр байж өөгшүүлээд буйд эмзэглэж байна.

Рекэтлэх буюу бусдыг дарамтлах, сүрдүүлэх, бусдын захиалгаар бичих, санасандаа хүрэхийн тулд бусдыг гүтгэх, доромжлох явдал нийтлэг болсон нь эмзэглүүлж байна. Тэр ч бүү хэл зохион байгуулалттайгаар мэдээлэл бэлтгэн цацаж, мөнгө олдог сүлжээ сэтгүүл зүйд үүссэнийг бид бүгдээрээ мэддэг атлаа юунд дуугүй байцгаадаг юм бэ?

Сэтгүүлчид бид өөрсдөө ийм байж яаж бусдыг шударга бай, үнэнч бай, боловсрооч, гэгээрээч гэж бичих юм бэ? Бид ийм байж, яаж ардчилал, шударга ёс, нийгмийн үнэ цэнэтэй болгоныг өмгөөлөн хамгаалсан үнэнч хоточ нохой байж чадах юм бэ? Яг өнөөдөр нийгмийг хамгийн муухайгаар хордуулж, ард түмний тархийг угааж байгаа бүлгийг сэтгүүлчид оройлон тэргүүлж байгаа гэвэл хэтрүүлэг биш. Би ингэж хэлж чадна. Заргалдах нэг нь заргалдаг.

Сэтгүүлчид бид ямар их авлигад дуртай болоо вэ? Сэтгүүлчид бид ямар увайгүй болоо вэ?

Төрийн өмчит байгууллага, харьяа газруудын талаарх факт, баримтыг тэвхийтэл нь цуглуулж ширээн дээрээ өрчихөөд "Манай сониныг захиал", "Реклам сурталчилгаагаа өг" хэмээн тэдгээр байгууллагын дарга нарыг дуудан дарамталж байгаа "найзуудын" тухай  чих халууцуулам мэдээ дуулдаж байна. Энэ бол сэтгүүл зүй биш ээ. Энэ бол сэтгүүлчдийн хийдэг ажил, арга барил, ёс зүй биш. Монголын сэтгүүл зүйд бүрэлдсэн тэр их эрх чөлөө, тэр их боломж ийм танхай балмад, увайгүй, ёс зүйгүй болж байгааг хэн маань хэлж, ямар нь засаж залруулах ёстой юм бэ?

Бусдын хөдөлмөрийг хулгайлан, ямар ч санаа зовсон шинжгүй нэрээ тавьчихаад сэтгүүлч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг болсон энэ цаг үеийг бид хэдий болтол тэвчих вэ?

"dandaa.mn" гэдэг сайтыг энд би бусдын хөдөлмөрийг хувалз мэт сорон, амь зуудаг хулгайч нарыг төлөөлүүлэн дурдмаар байна. "Өнөөдөр" сониныг бүтээж буй хамт олны минь хөлс, хөдөлмөрийг энэ сайт олон удаа хулгайллаа. Тэд манай сонины дугаарыг гарсан өдөр нь тэр чигээр нь хуулаад сайтдаа тавьчихдаг юм.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө хэмээн учирлаж, хэлж үзлээ. Өмнөөс бараг "салаавч" үзүүлж байна шүү дээ. Бүх л сайт ийм аргаар амьдардаг юм чинь хэмээн манартал өмнөөс туудаг байгаа.

Монголын сэтгүүл зүй нэг иймэрхүү булингартай болжээ. Бид одоо л хамтран тэмцэж, ёс зүйгүй, увайгүй, айлган сүрдүүлсэн, захиалгатай бичлэг, гүтгэлэг хийж мөнгө өгч авалцсан энэ заваан сүлжээг эвдэж, шахан зайлуулахгүй бол нийгэмд ямар их хор хохирол учруулахыг төсөөлшгүй ээ!

Өнөөдөр "Би сэтгүүлч" гэж бардам хэлэх хүн тун цөөхөн бий шүү дээ. Ингэж хашгирахаасаа бусад нь ичих ёстой. Хаана болох, бүтэхгүй хуйвалдаан, заваан махинаци болно тэнд "сэтгүүлч" хэмээн цээжээ дэлдсэн нөхөд хутгалдаад явж байдаг болж. Бид тийм юманд хутгалдах ёсгүй. Харин тэр бүхнийг илчлэх, зөв мэдээлэхийн тулд бас хоцрохгүй байх ёстой гэж ойлгодог. Бид нийгмийг ардчилал, гэгээрэлд хүргэх үүргээ л шударга гүйцэтгэж баймаар байна.

"LIMITATION OF HARM" буюу муу муухай бүхнийг хязгаарлах нь бидний үүрэг. Бид нийгмийн сайн сайхны төлөө хуцдаг хоточ ноход болохоос биш, хээрийн чонотой нийлэн хутгалдаж, хотондоо халддаг золбин байж болохгүй ээ!

Бид бие биенээ хэн нь хэн бэ гэдгээ дэндүү сайн мэднэ. Ингэж бичсэний төлөө магадгүй өчнөөн дайралт, дарамтыг сэтгүүлч биш "сэтгүүлчдээс" ирэхийг би мэдэж байна. Монголын сэтгүүл зүйд маш муухай хатиг, бэтэг үүсчээ. Үүнийг томруулах аваас нэн аюултай. Олгой дотроо хагарахаар яадаг билээ. Энэ идээ бээрийг эртхэн хагалж, шахах хэрэгтэй байна. Юутай ч энэ хатигийг хагалахыг хүсч, зүслээ. Бүгдээрээ хамтдаа улам томруулан зүсэж, идээ бээрийг нь шахаад зогсохгүй бүр гэрийг нь гаргах хэрэгтэй байна. Ингэж байж л сая бохирдож, бузартсан сэтгүүл зүйн салбар эрүүлжих найдвартай, эмчилгээ авах боломжтой болох буй за.

Ш.ДАВААДОРЖ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)