Монголын хамгийн хамгийн...

Өнгөрч буй жилд Монголд болон дэлхий дахинд өрнөсөн, анхаарал татсан үйл явдлуудыг “Өнөөдөр” сонин шигшин эрэмбэлж, онцлох үйл явдлуудыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаад манай сонин 2016 оны улс төр, эдийн засаг, байгаль орчин, спорт гээд салбар бүрийн, хамгийн дуулиан шуугиантай, хамгийн бахархалтай, хамгийн эмгэнэлтэй, хамгийн дэвшилтэй ... гэх үйл явдлыг нэрлэж байна.

ОЛЗ

АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтыг Монголд болсон гэхээс илүүтэй бидний амжилттай зохион байгуулж чадсан хамгийн том арга хэмжээ хэмээн онцолмоор байна. Арга хэмжээг зохион байгуулахад оролцсон 12 мянган хүнээр тогтохгүй нийтээрээ энэ алдрыг хүртэх эрхтэй. Хэдийнээсээ зочломтгой, зориод ирсэн хэнийг ч болов зутраачихгүй юм сан гэдэг монголчуудын сэтгэлийг зочид мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна. АСЕМ-ын гишүүн 51 улс, олон улсын хоёр байгууллагын 5000 гаруй (Тэдний дунд Төрийн тэргүүний түвшний 11, Засгийн газрын тэргүүний түвшний 23, Гадаад хэргийн сайдын түвшний 23 өндөр, дээд хэмжээний төлөөлөгч байсан) зочин, төлөөлөгчийн сонжсон, сорьсон хүлээлтэд хүрсэн уулзалт зохион байгуулж чадсан, бид.

Өөрсөд дотроос маань дуугардаг өөнтөгч нэгний хэлдэгчлэн хэлбэр хөөж, хөл алдсан гэмээр арга хэмжээнүүд үнэндээ үндэсний соёл, зан заншил, үүх түүхээрээ онгирч чадсан овсгоо байсан. Дээд түвшний уулзалттай “айлссан” Францын халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлого аюулын харанга дэлдэж, дэлхий нийтийг айдаст автуулсан ч АСЕМ-ын Монголд болж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл тэр хоёр өдөрт 1.5 тэрбум хүнд хүрсэн юм.

Уг уулзалтын “автор” гэгдэж сайн, муугаар хэлүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо 2050 он гэхэд олимп зохион байгуулах мөрөөдөл нь хол биш санагдаж буйгаа нууж чадаагүй нь ч зочид, төлөөлөгчдийн сэтгэл ханамжийн илэрхийлэл байсан биз. Тэгээд ч Монгол Улс хурлыг маш сайн зохион байгуулсныг олон төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

“Цол дагаж бяр” гэдэг. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг энэ хэмжээнд зохион байгуулж чадсан бид одоо хэр баргийн арга хэмжээнд ам гарах амбийцтай болсон. Материаллаг болоод материаллаг бус нөөц энэхүү уулзалтаас үлдэж хоцорсон учраас тэр. Хэдийгээр төсөв, мөнгө хүрэлцэхгүй байхад хэдэн тэрбумаар нь зарлагадлаа гэх шүүмжлэл байсан ч уг уулзалтыг амжилттай зохион байгуулж чадсан нь монголчуудын хувьд олз гэлтэй.

Д.СУМЪЯАГИЙН АЛТЫН ҮНЭТЭЙ МӨНГӨН МЕДАЛЬ

Дэлхийн олон спортын одод нэгэн дээвэр дор чуулсан Риогийн олимпоос монгол бүсгүй мөнгөн медаль авч, эх орныхоо далбааг Бразилын тэнгэрт мандуулсан нь бидний бахархлыг төрүүлсэн үйл явдал байлаа. Найман жилийн өмнө О.Гүндэгмаа гавьяат Бээжингийн олимпоос мөнгөн медаль авснаас хойш эмэгтэй тамирчин ийм амжилтад хүрсэн хоёр дахь тохиолдол нь Д.Сумъяагийн медаль юм. Түүний хувьд энгэртээ алтан медаль гялалзуулах боломж тун ойрхон байв. Медалийн төлөөх барилдаанд Японы алдарт бөх “Чоно” хочит Каори Мацүмотог 22 секундэд цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан.

Харамсалтай нь, аваргын төлөө өрсөлдөгч Бразилын бөх Рафаэла Сильваг нутгийн дэвжээ нь түшиж, харалган шүүгчдийн хайхрамжгүй шийдвэрийн улмаас хориотой мэхээр үнэлгээ авснаар аваргын төлөөх барилдаан булхайтай болж, алтан медалиа алдсан билээ. Гэхдээ Д.Сумъяа дэлхийн бөх гэдгээ харуулж, 57 кг-д жиндээ чансаагаар тэргүүлсэн хэвээр 2016 оныг үдэж байна.

Тэрбээр олимпоос медаль зүүсэн Монголын дөрөв дэх эмэгтэй тамирчин, жүдогоор мөнгөн медаль авсан анхны эмэгтэй төлөөлөгч юм. Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс ирэх онд хийх дүрмийн өөрчлөлтөд хөлд орвол эхлээд сануулах, дараа нь хасах заалт оруулж буй. Энэ дүрмийг Д.Сумъяагийн барилдаантай холбож тайлбарлах хүмүүс ч бий.

АН-ЫН ЯЛАГДАЛ, ШИНЭЧЛЭЛ

Ард түмэн дөрвөн жилд нэг удаа, сонгуулийн өдөр төрийн эрхийг барьдаг. Ирэх дөрвөн жилд өөрийнхөө болоод улс орны хувь заяаг хэнд даатгахаа сонгосон УИХ-ын ээлжит сонгуулийг оны онцлох үйл явдлаар нэрлэж байна. УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт зохион байгуулсан. Мөн өмнө нь дагаж мөрдөж ирсэн “Сонгууль болохоос өмнөх зургаан сарын хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэдэг зарчим, хэм хэмжээнээс гажиж, санал хураах өдрөөс сар гаруйхны өмнө (2016.05.05) Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Жижиг мажоритар системээр явуулсан энэ удаагийн сонгуулийн дүн 2016 оны улс төрийн хамгийн онцлууштай үйл явдал яах аргагүй мөн. Сонгуулийн дүнгээр МАН- аас 65, АН-аас ес, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн УИХ-д сууж буй. Улс төрийн голлох хүчин АН, МАН-ын парламент дахь хүчний харьцаа 2004 оноос хойш тэнцвэртэй байж, суудлын тоогоор аль нэг нь хол тасархай ялалт байгуулалгүй 12 жилийг үдсэн. Энэ удаагийн сонгуулиас ч сонгогчид, улстөрчид ийм л үр дүн хүлээж байтал МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН навс ялагдлаа.

Эрх баригчийн зөөлөн суудлаас утаа, тоостой гудамжинд шилжсэн АН-ынхан “их” ялагдлынхаа дараа намаа шинэчлэх тухай ярьж эхлэв. Тэдэнд шинэчлэгдэж, фракцын нэгдэл төдий бус, эв нэгдэлтэй нам болох шаардлага буйг “их” ялагдал нь батлан харуулсан. Гишүүд, дэмжигчид нь ч үүнийг хүсэн хүлээж буй учраас найман жил хийгээгүй их хурлаа хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулан, даргаа сунгаагаар тодруулахаар боллоо. АН-ынхан үүнийгээ намын шинэчлэлийн эхлэл хэмээгээд, энэ нь зогсолтгүй үргэлжилнэ гэж амлаж буй.

18 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ШҮҮХ ХУРАЛ

Ардчилал буюу ард түмний засаглал Монгол Улсад бий болсны 26, үүнийг бий болгохын төлөө түүчээлэн тэмцэж явсан анхдагчдын нэг бусдын гарт амиа алдсаны 18 жилтэй хамт 2016 он улиран одож байна. С.Зориг агсныг хэн, ямар шалтгаанаар хороосныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд өнгөрсөн хугацаанд сэжигтэй хүн бүрийг саатуулан, шалгаж, түүнээс улбаалан иргэдийн дунд элдэв таамаг хөвөрч байв.

Түүний журмын нөхөр Э.Бат-Үүлийг өнөө жил хоёр дахиа сэжигтнээр татан байцаав. Уг хэргийн цорын ганц амьд гэрч болох Д.Булганыг жил орчим цагдан хорьсны эцэст “Хорьж мөрдөх шаардлагагүй” гээд суллав. Уг хэрэгт түүнийг холбоотой, эсэх талаар хэн ч, юу ч хэлээгүй.

С.Зоригийн аминд хүрсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн хорьж, 18 жил хүлээсэн “С.Зоригийн” гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөө жил болсон нь хамгийн удаан хүлээлгэсэн, дуулиант явдал байлаа. 2007 онд таксиний жолоочийг хөнөөж, шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатарын мэдүүлгийн дагуу Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг саатуулснаар ийнхүү шүүх “хүнтэй” болсон юм. Гэвч “Гэмгүй иргэдэд ял үүрүүлж, хэргийг хаах гэж байна” гэсэн хардлага олны дунд буй.

ТӨГРӨГИЙГ “ИЧЭЭСЭН” АМ.ДОЛЛАР

Төгрөгийн эсрэг түүхэн дээд түвшиндээ өнгөрсөн онд хүрч асан ам.долларын ханш энэ жил “байр суурь”- иа бататгав. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд ам.доллар 2720 төгрөгтэй тэнцсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтийн түүхэн дэх хамгийн сул ханш байв. Энэ үед банкуудын харилцагчид хадгаламжаа ам.долларынх руу шилжүүлэх нь нэмэгдэж, “Найман шарга”-ын ченжүүд “Ам.доллар орж ирэхээр хүмүүс хамж авчихаад хиймэл эрэлт үүсгээд байна” хэмээн учирлаж байлаа.

Монголбанкны ерөнхийлөгч гадаад валютын албан нөөц хасах болсон гэж мэдэгдэж, товлосон өдрөө зах зээлд ам.доллар нийлүүлээгүй нь ханшийг хазаарлахгүй, “хаячих” юм байна гэсэн мессежийг олон хүнд өгсөн нь “даарин дээр давс нэмсэн” биз. Иймээс ч төгрөгийн ханшийг хазаарлахад интервенцийн аргаар “дайрвал” валютын нөөцөө шавхах эрсдэлтэй гэж Төвбанкынхан гомдоллох эрхгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гээч болж, ханш нь тэнгэрт хадах үед л тэд ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулсан шүү дээ.

Өндрөө авсан ам.долларын ханшийг барихын тулд хэд хэдэн чиглэлээр судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Сангийн сайдад үүрэгдсэн. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл наймдугаар сарын дундуур бодлогын хүүг 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Тэр үед ам.доллартой харьцах төгрөгийн ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад найман хувиар сулраад байв.

Энэ шийдвэрээ төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад нөлөөтэй гэж тэд тайлбарласан. Тэгвэл уг шийдвэр валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалахад үр дүнгээ өгсөн гэж үзээд энэ сарын 19-нд бодлогын хүүг 14 хувьд хүргэлээ. Ингэхдээ инфляц ирэх онд зорилтот түвшнээс доогуур байх төлөвтэй бөгөөд гадаад худалдааны нөхцөл сайжирч байгааг тэмдэглэв. Өнгөрсөн сард инфляц 0.2 хувьд хүрэхээс өмнөх 2-3 сард дефляц нүүрлээд байсан билээ.

ОНЦГҮЙ ТОО

Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэх төсвийн тодотголд орлого 5.3, зарлага 9.7 их наяд төгрөг байхаар тусгасан нь алдагдлыг хамгийн өндөр түвшинд аваачсан юм. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Нийт тэнцэл нь ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байх”-ыг заасан байсан юм. Гэтэл үе үеийн эрх баригчид энэ хуульд удаа дараа “гар дүрж” амин сүнсийг нь үгүй хийсэн. Ийнхүү төсөв “манаач”- гүй болснаар сахилга бат алдагдав.

Тухайлбал, энэ оны төсөвт дөрвөн их наяд төгрөгийн цоорхой гарахад орлого нь эхний тодотголд тусгаснаас 1.6 их наядаар дутсан нь нөлөөлсөн. Ийнхүү хоёр тодотголын нийлбэрээр улирч буй оны орлогын төлөвлөгөө болон биелэлт хоёр орчим их наядаар хол зөрж байгаа. Манай улсын төсвийн зарлага сүүлийн таван жилд дунджаар 15 орчим хувь өссөн гэсэн тооцоо бий. Гэвч төсвийн орлого үүн шиг тэлээгүй. Айл өрх, аж ахуйн нэгж, улсын аль нь ч орлоготойгоо нийцсэн зарлага гаргадаг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг зарлагаа орлоготойгоо уяж, үүнийгээ хуульчлах нь төсвийн алдагдал хэт өсөхөөс сэргийлэх учиртай.

Харин манайд орлогоо эхэлж тооцох бус, зарлагын дүнгээ түрүүнд нь томоор биччихээд “Ийм мөнгө зарахын тулд тийм хэмжээний орлого олох ёстой” гэсэн тооцоог автоматаар хийж буй нь ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний онгорхой зай төсөвт үүсэх шалтгаан болсон юм. Ийнхүү төсөв дэх цоорхой тэлэх тусам өр зээлээр нөхөөс тавина. Тухайлбал, Засгийн газрын өрийн үйлчилгээний төсөвт эзлэх хувь 2011 онд ердөө дөрөвхөн байсан бол ирэх жил 90 хувь болтлоо томрох тооцоо бий. Зөвхөн ирэх онд гэхэд манай улс 2.8 их наяд төгрөгийн зээл авах шаардлагатай болж байна. Ийнхүү төсвийн алдагдал болон үүний сүүдэрт өрийн төлбөр өмнө байгаагүйгээр тэлсэн нь 2016 оны онцгүй тоо байв.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”- ИЙН ХЭЛЦЭЛ

“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн хувьцааны 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи”-оос “Монголын зэс корпорац” 400 сая ам.доллароор худалдан авсан нь энэ оны хамгийн том агаад дуулиантай хэлцэл боллоо. Монголын үндэсний аж ахуйн нэгж 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгөөр “аварга” компанийн хувьцааг худалдаж авсан түүх үгүй. Энэ хэлцэл зарим нэгэнд нь “зүүдэнд ч оромгүй явдал” байж ч мэднэ. Монгол Улсын эдийн засгийг түшиж ирсэн, цаашдаа ихээхэн хувь нэмэр оруулах том үйлдвэрийнхээ хувьцааг үндэсний компани худалдаад авчихсаныг том зургаар нь харвал буурай орон маань тамир сууж буйн илэрхийлэл юм.

“Монголын зэс корпорац”-ыг Худалдаа хөгжлийн банкны эздийн шууд оролцоотойгоор байгуулсан хийгээд санхүүжилт олгосон нь дуулиан тарих гол шалтгаан болов. “Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”- ийг луйвардаад авчихлаа”, “Эрдэнэтээ тавиад туучихлаа. Одоо өнгөрсөн”, “Эрдэнэтийг луйврын аргаар авсан” гэх үгс бидний том гэж төсөөлдөг улстөрчдийн амнаас гарсан. Магадгүй манай улстөрчид “Яах гэж “Монголын зэс корпорац”-д 49 хувиа зарсан юм, та нар” гэж оросуудыг загнасан бол зүйд нийцмээр. Гэтэл чаддагаар нь хувийн хэвшлээ баахан баалав. Нөгөөх нь улсынхаа нэрийн хуудас болсон үйлдвэрийн хувьцааг урт хугацааны хэлцлийн дүнд үнэ хөлсийг төлөөд эх орондоо авчирсан байдаг.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн менежментийг 49 хувийг нь эзэмшигч “Монголын зэс корпорац” хэрэгжүүлэхээр компанийн дүрэмд заасныг өөрчилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлыг Засгийн газраас томилохоор болов. Улмаар гүйцэтгэх захирлаар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг томилсноор дуулиан намжлаа. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хэлцлийг “шинжилж” байгаа. Улстөржсөн дүгнэлт гаргавал дуулиан дахин дэгдэж мэдэх л юм.

АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ

Улиран одож буй онд эрүүл мэндийн салбарт ололт амжилт дүүрэн байлаа. Ард иргэдийн нуруун дахь ачааг хөнгөлсөн гэгээлэг мэдээ нь Монголд эмчлэх боломжгүй таван өвчнийг эх орондоо анагаадаг болсон тухай юм. Үүнд мэдрэлийн хоёр, зүрхний гурван өвчин багтаж байна. Ингэснээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай 39 өвчин 34 болон цөөрч буй юм.

Одоо тархины судасны төрөл бүрийн эмгэгүүдийг судсан дотуур эмчилж, зүрхний хэм алдагдах (эмгэг хэм үүсгэгч төвийг нь түлэх арга) өвчтэй иргэд олон мянган доллар төлж, харь орныг зорих шаардлагагүй болсон. Мөн титэм судасны нарийсал, гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнгийн хуурал (гол судас задрах эмгэг)-ыг анагааж, гүрээний болон нурууны артерийн өөрчлөлтийг эмчилж буй нь эрүүл мэндийн салбарын түүхэнд тод бичигдэх үйл явдал мөнөөс мөн.

Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлын тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлэн, элэгний С вирусийн эмийн үнийг хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлж, жирэмсний үед уудаг аминдэмүүд, ханиадны 11 төрлийн эмийг хямдралтай үнээр авдаг боллоо. Мөн гемодиализын эмчилгээний төлбөрийг Даатгалын сангаас 100 хувь дааж, алслагдсан аймаг, сумаас шинжилгээний сорьцыг нэгдсэн журмаар тээвэрлэдэг болсон нь бас нэгэн дэвшил байв.

Цусны албаныхан өнгөрч буй онд шилдэг технологи нэвтрүүлсэн нь ховор бүлгийн улаан эсийн бүтээгдэхүүний хадгалах горимыг өөрчилсөн явдал юм. 42 хоноод мууддаг улаан эсийг глицеринжүүлээд (тос) -80 градуст 5-10 жил хадгалдаг болж байна.

ОЛИМПЫН ХААЛТЫГ ЧИМСЭН “НҮЦГЭЛЭЛТ”

Энэ оны онцлох үйл явдал бол Риогийн олимпын сүүлийн өдөр чөлөөт бөхийн 74 кг-д барилдсан Г.Мандахнаран, Узбекистаны бөх Ихтиёр Наврузов нарын барилдаан эцсийн мөчид шийдэгдэж, 1980 оны Москвагийн олимпоос хойш чөлөөтийн эрчүүд медальд хүрээгүй хар амжилтад цэг тавих дөхөв. Гэвч сүүлийн таван секундэд Г.Мандахнаранг зугтсан гэж үзэн, нэг оноогоор торгосноор ялалтаа луйвардуулсан.

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, туслах дасгалжуулагч Б.Баяраа нар дэвжээн дээр хувцсаа тайлж, энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь дэлхий нийтэд шуугиан тарьсан билээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хоёр дасгалжуулагчийн үйлдлийг нэр хүндэд халдсан хэрэг хэмээн үзэж, Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган швейцарь франкаар торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хассан юм. Гэхдээ энэ бүхэн хоёр дасгалжуулагчийн ёс зүйн асуудал төдий зүйл биш. Олон жил хоорондоо “хэмлэлдсэн” Монголын чөлөөт бөхийн холбооны бодит дүр байв. Тэдний тухай дэлхийн хэвлэлүүдээр шуугиж, “Аварга шиг барилдаж, Монгол шиг тэмц” гэх уриа моодонд орсон юм.

АДУУГАА ЗОЛИОСОЛЖ, “АЗИЙН ЧОНО” ДАВТАГДАВ

Дорнод аймгийн Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн 23 ажилчин метилийн спирт (метанол)-д хордож, дөрөв нь амиа алдсан нь энэ оны хамгийн эмгэнэлтэй явдал байв. 2007 онд “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн, метилийн спиртээр найруулсан архинд 108 хүн хордож, 13 нь нас барсан. Гэвч үүнээс сургамж аваагүй монголчууд архи л гэвэл хор уухад ч бэлэн буй нь дээрх явдлаас харагдав. Үүний хажуугаар сүлд хийморьтоо залдаг монгол адууныхаа сүр, хүчийг гутааж, амьдаар нь тарчлаасан хэрэг гарлаа.

Энэ тухай “Өнөөдөр” сонин арванхоёрдугаар сарын 5-ны дугаарт “Бичигтээр Хятад руу гаргах гэж байсан 50-иад адуу үрэгджээ” гэсэн гарчигтай нийтлэл анх гаргаснаар олон нийтийн анхааралд хүргэсэн. Маргааш нь (Арванхоёрдугаар сарын 6) Шадар сайд У.Хүрэлсүх “Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй” гээд адууг амьдаар нь хил гаргахыг бүрмөсөн таслан зогсоохоор шийдвэрлэсэн. Үүнээс өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд эрх баригчид адууг амьдаар нь экспортлохыг хориглосон тушаал гаргасан байдаг.

Гэвч үүнийг үл ойшоосон хүмүүс Бичигт боомтоор Хятад руу адуу амьдаар нь гаргах гэж байхад Шадар сайд зогсоолоо. Энэ нь нүдээ олсон шийдвэр ч тухайн үедээ адуунд ч, авч яваа хүмүүст нь ч гай тарив. Уг тушаалаас болж Бичигт боомт дээр саатсан 1200 гаруй адуу 20-иод хоног ус, өвсгүй тарчлан, эхнээсээ өлдөж, хөлдөж үхсэн. Яс арьс болтлоо турж нүд аньсан адууг шороонд булж буй зураг олон хүний өр өвтгөлөө. Эцэст нь тэдгээр адуун сүргийг “Мах маркет” руу нядалгаанд явуулах шийдвэр гаргаснаар энэ явдал түр намжив.

ТАВАН ТЭРБУМ МОД

Улирч буй онд байгаль орчны салбарын онцлох нэг гол ажил нь Олон зорилтот үндэсний ойн тооллогыг дуусгаж, үр дүнг нь Засгийн газарт хүлээлгэн өгсөн явдал байв. Манай улс ойгоо 40 жилийн дараа буюу хамгийн удаан хугацааны дараа тоолсон нь уг ажлын онцлог юм. Нийт газар нутгийн 7.85 хувийг ой бүхий талбай эзэлж байна гэснээс өөр тодорхой баримтгүй, бүрхэг байсан ойн өнөөгийн нөхцөл байдал олон нийтэд “шилэн” болов. Ойрын хэдэн жил төсөвт бараг хөрөнгө оруулаагүй, зөвхөн зарлагадаж л ирсэн ойн салбарыг урагшлуулж, үр ашгийг нь хүртэх боломж бүрдүүлснээрээ уг ажил ихээхэн ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо.

Монгол орны ойг анх 1956 онд тоолж, нийт нөөцийг нь тогтоож байжээ. Мөн 1976 онд эдийн засгийн эргэлтэд оруулах буюу ашиглахын тулд нэгдсэн тооллого явуулсан аж. Түүнээс хойш үндэсний хэмжээний тооцоо судалгаа хийсэнгүй, тодорхой хэсэг газарт бага сага ажил хийх төдийхнөөр хязгаарлагдаж ирсэн байв. Ийм хойрго байдал нь манай орны ой доройтож, хөгшрөхөд хүргэжээ.

БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн хамтран, ХБНГУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар уг ажлыг гурван жилийн өмнөөс эхлээд, энэ онд дуусгалаа. Үр дүнд нь манай орны ойд өдгөө таван тэрбум мод ургаж байгааг тогтоожээ. Энэ нь 40 жилийн өмнөхөөс гурав дахин өссөн үзүүлэлт боловч 70 гаруй хувь нь хөгширсөн, 30 орчим хувь нь хатсан, унасан, нэг га талбай тутмаас нэг шоо метр нь хортон шавьжид баригдсан зэрэг олон сөрөг баримт ил болов. Гэсэн ч манай орны ой нөхөн сэргэх чадвар сайтайг тогтоосон тул цаашид “Ой бүхий талбайгаа нэмэгдүүлэхийн тулд мод тарья” гэж цэцэрхэлгүй, байгалийнхаа жамаар нөхөн сэргэх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг тооллогын дүнд тодорхойлсон юм.

МОНГОЛД ӨДӨР ТУТМЫН ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ ҮҮССЭНИЙ 20 ЖИЛ

Монголд 1996.09.20-нд хамгийн анх өдөр тутмын чөлөөт хэвлэл мэндэлж, 1996.09.27-ны 19.00 цагаас хамгийн анхны хувийн чөлөөт телевиз цэнхэр дэлгэцээр монголчуудтай мэндчилснээс хойш түүхийн хуудас 20 жил эргэсний ой энэ жил тохиов. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевизээр дамжуулан шинэ шан татсаныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нотлон, “Өнөөдөр” сонины хамт олонд 2012.03.06-нд “Анхны өдөр тутмын сонин”, “25 дугаар суваг” телевизэд “Анхны чөлөөт телевиз” гэсэн батламж гардуулсан юм.

Дэргэдээ вэб сайт (mon­golnews.mn)-тай хамгийн анхны сонин, өнгөтөөр хэвлэгдсэн (2004.09.15) анхны өдөр тутмын сонин, гадаадад монгол хэлээр хэвлэгдсэн анх (2006.02.28, “Өнөөдөр” Америкт”)-ны сонин, евро стандарт нэвтрүүлсэн анх (2008.11.26)-ны сонин, анхны цахим (2008.10.10) сонин... гээд хамгийн хамгийн... тодотголтой “Өнөөдөр” сонин 20 жилийн турш уншигч, захиалагчидтайгаа хамт байж, Монголын хэвлэлийн салбарт хамгийн удаан оршин тогтнож буй өдөр тутмын хэвлэл болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)