“Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг олгов

Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал, ямааны ноолуур хөх саарал, сарлагийн хөөвөр цайвар хөхөлбөр, тэмээний ноос цагаан шаргал өнгөтэй, ямар ч будаг хэрэглэх шаардлагагүй нь хэрэглэгчдийн сонирхлыг гойд татдаг байна. Мөнуг түүхий эдүүдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу тал бүрдүүлж буйг өчигдөр зохион байгуулсан “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг, батламж гардуулах ёслол, ноолуурын олон улсын форумд оролцогчид онцолсон.

Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Гэхдээ түүхий эдийнхээ 15-20 хувиар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бэлэн бүтээгдэхүүн буюу жилд 20 сая ноолууран цамц үйлдвэрлэх боломжтой ч одоогоор 2.8 саяыг оёж буй нь чамлахаар дүн болохыг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нь нэмэгдүүлэх, ажлын байрыг олшруулах, улмаар дэлхийн зах зээлд монгол ноос, ноолууран бүтээгдэхүүний чанар, стандартыг таниулах зорилгоор уг форумыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Аж ахуйн нэгжүүд “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг авахын тулд гарал үүсэл нь тодорхой, цэвэр ноолуур, ноос, хөөврөөр хувцас, эдлэл үйлдвэрлэх ёстой аж. Бүтээгдэхүүн нь эдэлгээний ая даан, нүх амархан үүсэхгүй байж, хэлбэр, чанараа удаан хадгалах, будгийн тогтоц сайтай, залгаас цөөн байх ёстой гэнэ. 

Эдгээр шаардлагыг боловсруулж, стандартад нь хяналт тавих мэдлэг, мэдээллийг хуримтуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” болон “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийнхөн, Монголын ноос, ноолуурын холбоо, салбарын инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, дотоод, гадаадын мэргэжилтнүүдийн баг 2-3 жил ажилласныг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлэв. Тэрбээр “Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өнгөрсөн онд 20 аж ахуйн нэгжид 188.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ингэснээр ээрэх үйлдвэрийн хүчин чадал 28.6, сүлжихийнх 42.7 хувиар өсөн, 1500 гаруй ажлын байр бий болгосон. Мөн ноолуурын салбарын борлуулалт жилийн дотор 22.2 хувиар нэмэгдэн, 1.2 их наяд төгрөгт хүрчээ. 

Ирэх жил Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр компаниудад 200 орчим тэрбум төгрөг олгох тохиролцоонд хүрсэн. Ингэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт ажлын байр одоогийнхоос 20-30, үйлдвэрлэлийн бүтээмж 25 хүртэлх хувиар өсөх тооцоо бий. Түүнчлэн төрийн бус мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрүүдтэй хамтран “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үнэ цэнийг өсгөх, дэлхий нийтэд таниулах маркетингийн ажлыг өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн” гэв. Форумын үеэр “Италийн ширхэгт боловсруулах технологи, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдал”, “Нас гүйцээгүй ямааны ноолуур, хөх сарлагийн хөөврийн тогтвортой, байгаль орчинд ээлтэй бэлтгэлийг хангах нь”, “Ноолууран бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах боломж” зэрэг илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаа “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг “Говь”, “Эвсэг кашмер”, “Ханбогд” компанид олгов. Эдгээр компани манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон экспортын 70-80 хувийг бүрдүүлдэг байна. Харин дэлхийн зах зээл дэх ноолууран бэлэн бүтээгдэхүүний 2.5-3 хувийг л монголын үйлдвэрлэгчид нийлүүлдэг бол урд хөршийнхөн 27 хувийг нь ханган, тэргүүлдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)