Монголын түүх, хэл, соёл, зан заншил, өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй гэв

Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг. Сурагчдын ерөнхий боловсролын сургуульдаа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын залгамж, уялдаа холбоо оновчтой болно. Энэ нь Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хасаж байгаа зүйл огт биш юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам монгол хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролоор монгол хүн болгон төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дээд боловсролоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх зорилгоор бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгаа сайжруулах бодлогыг баримталж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжинэ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4-т “Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж батлуулсан.
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудаа монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх чиглэлээр хийж буй Засгийн газар, салбарын яамны бодлого үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, улстөржүүлж, хөрш орны бодлого мэтээр тайлбарлаж байгаа нь туйлшрал болж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, түүний дотор БШУЯ-ны үүрэг бөгөөд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дараах тогтоол, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

• Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөр нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, чанарыг дээшлүүлэх суурь үндэс болно гэж заасан. Хөтөлбөрийг БШУЯ, БХЯ хамтран 2020-2024 онд хэрэгжүүлж байна.

• Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлав. Үндэсний хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжинэ.

• Сайдын 2020 оны А/390 дүгээр тогтоолоор “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталж, 1-12 дугаар ангид заавал судлуулахаар шийдвэрлэсэн. Мөн 1-5 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиолгож, “Монгол ёс, хүмүүжил” нэртэйгээр хэвлүүлэн сургалтад ашиглаж байна.

• Сайдын 2020 оны А/144 тоот тушаалаар батлагдсан “Монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлого”-д монгол хэлний сургалтын талаар авах арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тусгасан.

• Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 дүгээр тушаалаар ерөнхий суурь хичээлийн чиглэлийг баталсан. Үүнд иргэний боловсролын агуулгыг чиглэлд монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 дугаар тушаалаар бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалтад Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэл бичиг найруулга зүй, Хүний хөгжлийн харилцааны ёс зүй, эрх зүй, Философийн хичээлүүдийг оруулсан. Эдгээр хичээлүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургууль, коллежид судлагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)