“Монголын тухай баримтат киноны нэвтэрхий толь”

Тэртээ 100 жилийн өмнө, 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд айлын отгон хүү болж мэндэлсэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээний Зандраа бол Монголын кино урлаг хэмээх өнөр айлын эцэг шиг түшигтэй, уул шиг нөмөртэй явсан эрхэм хүний нэг ээ. Миний бие энэ сайхан ухаалаг бууралтай ойр дотно харилцаж, кино урлагийн талаар санал бодлоо хуваалцаж явсан тул хүнийх нь хувьд, уран бүтээлчийнх нь хувьд ч бага сага мэдэх юм.

Эрдэмт хүн номхон, их мөрөн дөлгөөн гэх ардын маань онч мэргэн үг бий. Чухамдаа тэрбээр эрдэмт биеийг олсон гайхалтай даруухан атлаа ер бусын өргөн мэдлэг, боловсролтой, туйлын оюунлаг, өндөр соёлтой, гэгээрсэн хүн байлаа. Юуны өмнө Ц.Зандраа гуай зөвхөн кино урлаг төдийгүй ХХ зууны 30-аад оны Монголын томоохон сэхээтэн, соён гэгээрүүлэгч, хөдөө нутгаар шинэ үеийн соёлын үрийг түгээгч багш байсныг дурдах нь зүйтэй. 1936 онд Багшийн сургуулийг төгсөөд хөдөө орон нутгийн хүүхэд, залууст эрдэм ном заах ариун үйлсээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, дараа нь тухайн үеийн нэр хүндтэй сургуулийн нэг Санхүү, эдийн засгийн техникумд багшаар ажилласан байна.

Мөн 1930-аад онд идэрхэн 20-иод насандаа уран зохиол сонирхож, багш нарыг бэлтгэх сургуульд сурч байхдаа ангийн найз нөхөд Д.Сэнгээ, Цэнд-Очир, М.Чимид нарын хамт их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийн яриа, уулзалтад оролцож, Монголын ард түмний оюуны сор болсон С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Д.Наваан-Юндэн, Ц.Дамдинсүрэн, Бямбын Ринчен нарын сэхээтэнтэй нэгэн үед мөр зэрэгцэн шүлэг, өгүүллэг бичиж, ”Шинэ толь” сэтгүүл, “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд уран бүтээлээ нийтлүүлж явсан манай ууган зохиолчийн нэг. Түүний туурвисан “Монгол орон”, “Салхин дундах зул” зэрэг шүлэг, өгүүлэл нь “Соёлын зам” сэтгүүлийн 1935 оны ¹ 6-12-т нийтлэгдэж байжээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн ширүүн шуурганд эдгээр сэхээтний олонх нь өртөж, Монголын соёл гүнзгий хямралд орсон хэцүү цагт шинэ үеийн утга зохиол, урлагийн гал голомтын дөлийг бөхөөлгүй цаашид улам бадраасан сэхээтнүүдийн нэг нь Ц.Зандраа гуай байлаа. Тэрбээр Монголын утга зохиолын ам бүлээс өрх тусгаарлаж, 1941 онд үндэсний кино урлагтай ирээдүйн хувь заяагаа холбоод, дэлгэцийн урлагийг хөгжүүлэх үйлсэд ур чадвар, авьяас билгээ зориулан өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан ховорхон хүний нэг юм. Монголын кино урлаг үүсээд удаагүй, долоохон ойдоо хүрч байх үе буюу 1943 онд Ц.Зандраа гуай дэлхийн хамгийн анхны киноны дээд сургууль буюу ВГИК (ЗХУ-ын Бүх Холбоотын киноны дээд сургууль)-т суралцахаар хилийн дээс давж, тэндхийн анхны монгол оюутан болсон азтай нэгэн. Тэрбээр хүний нутгаас эрдэм өвөрлөн, Монголдоо анхны дээд боловсролтой кино зохиолч болж ирсээн. Түүний боловсрол, мэдлэгийн өргөн цар хүрээ нь зөвхөн кино зохиол бичсэнээр хязгаарлагдсангүй, баримтат, уран сайхны киноны аль ч төрөлд үр бүтээлтэй ажиллах чадварлаг зохиолч, найруулагчийн авьяас билгийнх нь боломжийг нээсэн юм.

Түүний анхны бүтээл нь Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан “Монгол Улс” хэмээх баримтат кино байв. Уг киноны зохиолыг Ц.Зандраа гуай бичиж, найруулагчаар нь Зөвлөлтийн мэргэжилтэн М.Трояновский ажиллажээ. ХХ зууны Монгол Улсын шинэ өнгө төрх, ард түмний ахуй, оюуны амьдралд гарсан өөрчлөлт, ялангуяа хувьсгалаас өмнө Монголд байгаагүй орчин цагийн холбоо, зам, тээвэр, аж үйлдвэрийн хөгжлийн тухай хүүрнэн өгүүлэхдээ баримт дүрсээс ургуулан бичих түүний ур чадвар энэ бүтээлд тод томруун илэрсэн байдаг. Баримтат кино зохиолын бичлэгийн онцлог нь “Орчин цагийн бодит ахуйн цаад учрыг нээн таниулах бүтээлч хандлага юм” хэмээн Английн нэрт найруулагч Жон Грирсон тэмдэглэсэн бөгөөд энэ нь интерпретация буюу аливаа баримтын мөн чанарыг зохиогч нээн таниулахдаа өөрийн үзэл бодлын байр сууринаас тайлбарлан хүүрнэхийг онцолсон хэрэг. “Монгол Улс” баримтат кинонд, Ардын хувьсгалын дараа 30-аадхан жилийн хооронд манай орны нүүр царай болоод ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хараад бахархах зохиолчийн үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Нөгөө талаас Монголын нийгэм, эдийн засаг, соёл, оюун санааны амьдралд гарсан хувьсал, үсрэнгүй хөгжлийг цэгнэн, түүхийн өргөн дэвсгэр дээр өнгөрсөн, одоо цаг үетэй нь харьцуулсан дүрслэлийн хэлээр хүүрнэн өгүүлснээрээ уг бүтээл нь кино нийтлэл хэмээх шинэ төрөл зүйн анхдагч болсон гэж би үздэг. Энэ бүтээл нь бас Монголын анхны өнгөт баримтат кино байснаараа онцлогтой бөгөөд киноны гэгээлэг, өөдрөг өнгө аяст гайхалтай нийцсэн, ончтой шийдэл байлаа.

Ц.Зандраа гуай хилийн чанадад дээд сургуулиа төгсөөд ирэхэд 1939, 1945 оны дайны түгшүүрт жилүүд ард хоцорч, 1950-иад онд Монгол орны энх амгалан амьдрал, энхийн бүтээн байгуулалтын нэгэн шинэ үе эхлээд байлаа. Энэ нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, оюун санааны амьдралд зохих нөлөөгөө үзүүлсэн нь мэдээж. Тэрбээр угийн өөдрөг сайхан сэтгэлтэй хүн. Иймд түүний бүтээл бүр амьдралын баяр баясал, аз жаргал, сайн сайханд тэмүүлэх гэгээлэг, өөдрөг үзлийг нэвт шингээсэн байдгаараа онцлог. 1954 онд зохиолоо бичиж, найруулсан түүний уран сайхны анхны кино “Шинэ жил” хэмээх бүтээлээс нь үүнийг харж болно. Хэдийгээр уг бүтээл социалист уралдаан, үйлдвэрийн тухай өгүүлсэн, ажил хэргийн сэдэвтэй авч киноныхоо өгүүлэмжийг инээдмийн өнгө аясаар чимсэн нь үзэгчдэд баяр баясал бэлэглэдэг. Тухайлбал, киноны гол баатар, үйлдвэрийн ажилчин Пунцаг социалист уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлээд, дараа оныхоо ажилд орсон баярт мэдээгээ ээждээ дуулгахдаа “Өнөө орой найз нөхөдтэйгөө шинэ жилээ тэмдэглэнэ” гэж хэлдэг. Гэвч хавар цагт ямар юмных нь шинэ жил тэмдэглэх билээ гэж ээж нь гайхан, хөрш айлын авгайд энэ тухай сониучирхан ярихад нөгөөдөх нь “Хуримаа л хийх гэж байхгүй юу” гэхэд нь түүний үгэнд итгэдэг. Ингээд хоёр хөгшин хуримынхаа бэлэг сэлт, идээ будаанд бэлтгэж эхэлнэ. Буурлуудын энэ андуурал киноны өвөрмөц зангилаа болж, өгүүлэмж, үйл явдлыг нь улам өрнүүлж, сонирхолтой болгодог. Зохиолчийн энэ уран шийдэл нь үзэгчдийг баясгаж, чухамдаа үр хүүхдийнхээ төлөө цаг ямагт санаа тавьж, аз жаргалыг бэлгэдэж явдаг ээжүүдийн сэтгэлийн сайхныг нээсэн нь уг киноны хүмүүнлэг, гэгээлэг үзлийн нэг хэсэг байлаа. 1950-иад оны ажилчин залуучуудын бүтээлч хөдөлмөр, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн бүтээл нь Монголын уран сайхны кинонд орчин цагийн сэдэвт бүтээлүүдийг түүчээлж, салхийг нь хагалсан юм. Учир нь 1940-50-иад оны хооронд Монголын кино урлагт улс орны аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахтай холбоотой буюу түүхэн сэдэвт бүтээлүүд давамгайлж байсан үед шинэ үеийнхний тухай сэдэв рүү уран бүтээлээ анх хандуулсан хүн бол Ц.Зандраа гуай юм.

“Шинэ жил” киноныхоо дараа 1956 онд эрдэмтэн, зохиолч Э.Оюун ахайтны хамт орчин үеийн сэдэвтэй “Гэм нь урдаа”, “Манай аялгуу” хэмээх хоёр бүтээлийн зохиолыг бичиж, найруулагчаар ажиллажээ. “Гэм нь урдаа” кино нь улс орны хөгжил цэцэглэлтээс хоцрогдсон малчны тухай өгүүлдэг. Зөвхөн хувийн цэнгэл, биеийн амрыг харж, зун, намрын сайхан цагаар өвс хадлангаа авч амжаагүй Сандаг хахир өвлөөр хэдэн мал нь өл алдаж үхэхэд хүрэхэд хүн, амьтнаас уут, хормойгоор өвс гуйх, эцэс сүүлдээ саахалт айлынхаа өвсийг хулгайлахад хүрч буйг энэ кинонд хошин өнгө аясаар өгүүлдэг. Ялангуяа “Манай аялгуу” кино нь Монголын дэлгэцийн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх бусдаас содон бүтээл юм. Өнгөц харваас “кино концерт” мэт санагдавч чухамдаа тодорхой өгүүлэмжээс урган гарсан үйл явдал бүхий хөгжимт уран сайхны бүрэн хэмжээний анхны бөгөөд сүүлчийн өвөрмөц бүтээл байлаа. Хөгжимт уран сайхны киног Ц.Зандраа гуайгаас өөр ахин хэн ч бүтээгээгүй юм. Энэ утгаараа тус кино нь Монголын дэлгэцийн урлагийг хөгжимт уран сайхны шинэ нэгэн жанраар баяжуулсан төдийгүй үндэсний киноны сан хөмрөгийн дахин давтагдашгүй, ховор нандин бүтээл болсон билээ. “Манай аялгуу” хэмээх нэр нь хүртэл уг бүтээлийн агуулга санаа, жанрыг товч атлаа тодорхой илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын хайр сэтгэл, аз жаргалтай амьдралын өнгө, нүүр царай хөгжмийн яруу эгшиг “Манай аялгуу”-д шингэсэн хэрэг. Тухайн цаг үеийн нийтэд түгсэн дуунуудын агуулгаас ургуулж, үйл явдлыг тун чадварлаг зангидан, өрнүүлж, улмаар киноны гол баатар Чимгээ, Бадрал хоёрын хайр сэтгэлийн ойлголцлоор тайлал болгож, тэдний хурим найраар киногоо төгсгөсөн байдаг. Энэ киноны зохиомж, өгүүлэмж нь эгэл, энгийн атлаа найруулагчийн нарийн бодож боловсруулсан деталь, үйл явдлын агуулгыг тодруулсан сонирхолтой уран шийдлүүдээр элбэг юм. Тухайлбал, киноны экспозици буюу оршил хэсэгт Монгол орны байгаль, говь нутгийн үзэсгэлэн, уудам тал нутгийн дүр төрхийг дүрслэхдээ Гавьяат жүжигчин Долгоржав гуайн дуулсан “Хүрэн толгойн сүүдэр” уртын дууны дэвсгэр хийсэн нь тун нийцсэн уран шигтгээ болсон байдаг. Дуугаа дуулаад малчин маань охиноо нийслэл хот руу сургуульд үдэн мордуулж байгаагаар киноны үйл явдал өрнөж эхэлдэг.

Ер нь Ц.Зандраа гуай дөрвөн улирлыг киноныхоо өгүүлэмжийн эхлэл, өрнөл, туйл, тайлал болгож, нийтэд түгсэн дуунуудын агуулгатай хослуулан, урнаар шийдсэн нь тун сонирхол татдаг. Намар болоход залуус сургуульд мордоцгоож, заримынх нь эх, эцэг, ах дүүс нь харийн газар суралцахаар яваа хүүхдүүдээ үдэн гаргаж буйг Хайдав гуайн дуулсан “Ээждээ” дуугаар харуулдаг. Гол баатрууд болох Чимгээ, Бадрал хоёр ч бие биетэйгээ танилцсанаар киноныхоо үйл явдлыг зангидаж байна. Хахир өвлийн улирлын цагт сайхан танилцсан хосын маань харилцаа хүйтэрч, бие биеэсээ хөндийрч эхэлснээр үйл явдал өрнөж, туйлдаа хүрдэг. Урин хавар өнгөрч, олон сар уулзаагүй хос дэлгэр сайхан зуны улиралд санаандгүй уулзаж, учир зүйгээ ойлголцсоноор киноны үйл явдал тайлагддаг. Чимгээ, Бадрал хоёр учирч, сэтгэлээ уудлан бие биенээ ойлголцож байгаа хэсэгт “Учиртай гурван толгой” дуурийн

“Хайлаас модны мөчир дээр

Харцага шувуу жиргээд байна аа хө

Хайраар ханилсан бидэн хоёр

Хамтрахын үгээ ярих уу”,

”Эцэг, эхдээ хэлье дээ

Өмч хөрөнгөө аваад

Хот газар очоод

Хуримынхаа юмыг төхөөрье дөө” хэмээн өгүүлэх Юндэн, Нансалмаагийн харилцаа дууг найруулагч уран шигтгээ болгож ашигласан нь тун ончтой зохицсон байдаг. Ингээд намрын адаг, өвлийн эхэн сард хос залуус хуримаа хийж, кино төгсдөг. “Манай аялгуу” киноны бас нэг нь тэмдэглүүштэй зүйл бол Ц.Зандраа гуай баримтыг уран сайхны үйл явдалтай чадварлаг хослуулан, холбож шийдсэн нь киног онцгой үнэ цэнтэй болгосон юм. Тухайлбал, уг бүтээлийн баримтат шинж чанар нь энэ киноны үйл явдалд оролцож буй хүмүүс юм. Тэд Монголын нэрд гарсан дуучид, хөгжимчид, жүжигчид, бүжигчид бөгөөд тэдний үзүүлсэн дуу, хөгжим, бүжгүүд нь үндэсний урлагийн сор болсон сонгодог, шалгарсан бүтээлүүд байлаа. Урлагийн энэ алдартай мастеруудын дахин давтагдашгүй дүр төрх, гайхамшигтай тоглолтуудыг кинондоо үүрд мөнхлөн үлдээсэн нь түүний үнэлж баршгүй гавьяа юм. Тэгээд ч “Манай аялгуу” киноны баримтат шинж чанар нь цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болж байна. Эдүгээ XXI зууны өндөрлөгөөс “Манай аялгуу”-г үзэхэд өөрийн эрхгүй гойд сонирхол татна. Ганц жишээг дурдахад л Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн гоо үзэсгэлэн, дуулах намба төрх, түүний ид гялалзаж явсан залуу үеийг харахад үнэхээр бахархалтай. За тэгээд, алдарт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа симфони найрал хөгжмийг удирдаж, Ардын жүжигчин Чулуун гуай хийлээр гоцлон хөгжимдөж буй маш ховорхон агшин, амьд дүрүүдийг харахад үнэхээр гайхалтай. Ер нь Ц.Зандраа гуай цаг ямагт уран бүтээлийн эрэл хайгуул хийж, үндэсний дэлгэцийн урлагаа хөгжүүлэх, төрөл зүйлийг нь баяжуулахад үргэлж санаа тавин, санаачилгатай ажилладаг уран бүтээлч байлаа.

1963 онд “Хоёр найз” хэмээх хүүхэд, багачуулд зориулсан киног туршиж бүтээсэн нь Монголын анхны хүүхэлдэйн кино болсон юм. Үүгээрээ Монголын кино урлагт нэгэн шинэ мөр гаргаж, хүүхэлдэйн кино үүсэж хөгжих замыг нь нээж байлаа. Ялангуяа эх орноо дэлхийд сурталчлах, таван тивд Монголыг таниулахад Ц.Зандраа гуайн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл асар их ээ. Тиймээс ч түүний баримтат бүтээлүүдийн дийлэнх нь улс орныхоо түүхэн замнал, хөгжил цэцэглэлтийг тал бүрээс нь харуулахыг зорьсон байдаг. 1951 онд орос, англи хэлээр гарсан “Монгол Улс” киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, хожим “Орчин үеийн Монгол Улс” (1957), “Эртний нутгийн солонго” (1966), “Миний Монгол” (1971), “Номин хөх тэнгэр” (1981) гээд баримтат цуврал олон бүтээлдээ Mонголоо гэх зүрх сэтгэлээ шингээж, эх орныхоо эрт, эдүгээ үеийн түүхийн он дараалсан өвөрмөц судар бичгийг киноны хэлээр туурвиж үлдээсэн мөнхийн гавьяатай хүн.

Ц.Зандраа гуай Монголын тухай баримтат киногоороо 1959 онд Чехословакийн Карловы Вары хотод болсон олон улсын кино наадам, тэрчлэн “Манай оронд” хэмээх баримтат киногоороо 1964 онд Индонез улсад болсон Ази, Африкийн олон улсын III кино их наадмын гран при шагнал хүртэж, ертөнцийн чихнээ Монгол гэх нэрийг дуурсгаж явлаа. Ер нь түүнийг Монголын тухай баримтат киноны нэвтэрхий толь гэж хэмээн хүндэлдэг нь аргагүй юм. Өргөн мэдлэг, кино бүтээх асар их туршлага, өндөр ур чадварыг нь хилийн чанадад ч өндрөөр үнэлдэг байв. Тэгээд ч Ц.Зандраа гуай Москвагийн олон улсын XIII кино наадмын шүүгчээр уригдан ажилласан нь түүний нэр хүндийн хэрэг байлаа. Монголоо төлөөлж олон улсын шүүгчээр уригдан ажиллах гэдэг тун ховор тохиолдол юм. Ц.Зандраа гуай орос хэлийг төгс эзэмшсэн тул оросоор ярьж, сэтгэж бичихдээ тун чадварлаг, Оросын уран зохиол, соёлын өргөн мэдлэг, боловсролтой сэхээтэн байлаа. Түүний орос хэлнээс орчуулсан Зөвлөлтийн олон арван кино бий. Оросын уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн кино хийхдээ уран бүтээлийн эрэл хайгуул, олз омогтой ирсэн билээ. 1966 онд “Эртний нутгийн солонго” киногоо бүтээх явцдаа Оросын баримтат киноны төв архивын сан хөмрөгөөс жанжин Д.Сүхбаатарын сэрүүн тунгалаг байх үеийн ховор нандин дүрийг буулгасан кино хальс олж, өөрийн бүтээлдээ оруулсан юм. Энэ нь Монголын ард түмэн анх удаа жанжин Д.Сүхбаатарынхаа жинхэнэ дүрийг харах гайхалтай үйл явдлын нэг болсон төдийгүй Монголын баримтат киноны түүхэнд тэмдэглэгдэх ховорхон нээлт байлаа. Ер нь Ц.Зандраа гуайн оюуны тэнхээ, авьяас чадварын цар хүрээ өргөн бөгөөд олон талтай юм.

Тэрбээр зохиолч, найруулагч, бас жүжиглэх ур чадварын хувьд ч содон уран бүтээлч байлаа. Б.Сумхүүгийн “Хань”, Г.Жигжидсүрэнгийн “Хүний амь” кинонд гол бус, туслах дүрүүдэд тоглосон юм. Жинхэнэ авьяастай жүжигчинд дүр жижигддэггүй, харин ч гол дүрээсээ ч дутуугүй үзэгчдийн сэтгэлд хоногшин үлддэг. “Хань” киноны гол баатар Нарангийн эцэгт Ц.Зандраа гуай тоглосон байдаг. Энэ киноны төгсгөл хэсэгт ганцхан удаа л харагддаг дүр юм. Гэхдээ л охиныхоо анхны хүүхэд төрүүлэх мөчийг хүлээж ядан, гүн бодолд автсан эцэг хүний сэтгэлийн эмзэглэл, дотоод зовиурыг гаднах төрхөөрөө тэрбээр гайхалтай илэрхийлсэн байдаг. Нэг ч үг дуугарахгүй атлаа түүний ухаалаг том харцнаа далд түгшүүр, айдас тодорч, нэг газраа тогтож ядан, ийш тийшээ алхах, тэгснээ нэг хэсэгтээ шанаагаа тулан сууснаа ахиад л босоод явах нь охиныхоо төлөө санаа зовж, дотор нь бачимдан байгаа эцгийн дүрийг чадварлаг бүтээсэн юм.

Ц.Зандраа гуай хоёр сайхан охины аав билээ. Г.Жигжидсүрэнгийн “Хүний амь” киноны бас л төгсгөл хэсэгт, шүүх хурал дээр Ц.Зандраа гуай зурвасхан харагддаг. Гэхдээ л ардын төлөөлөгч, шүүгч хүний ноён нуруу, зарчимч буурь суурь, түүний нухацтай харцнаас тод илэрч байдаг. Сэтгэлд хормын зуурт ингэж хоногших дүр бүтээнэ гэдэг нь тун ховор авьяас юм. Ер нь Ц.Зандраа гуай өөрөө оюуны өндөр соёлтой, бусдын төлөө гэх өгөөмөр сайхан сэтгэлтэй, эрхэм хүн байлаа. Иймээс уран бүтээлийнхээ хажуугаар олон нийтийн ажил, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улаанбаатар хотын иргэний хувьд нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд санаа тавьж, хичээл зүтгэл гаргаж явжээ. 1957, 1975 онд Улаанбаатар хотын депутатаар олны итгэл хүлээн, хоёр удаа сонгогдож байв. Ингэж явахдаа киногоо бүтээж, бас уран зохиолоо ч хаяагүй юм. Тэрбээр өөрийн бичсэн зохиолуудаа эмхэтгэж, 1962 онд “Гэм нь урдаа”, 1975 онд “Согоо хар” хэмээх номуудаа хэвлүүлэн, уншигчдын хүртээл болгож байв. Ц.Зандраа гуай бас соён гэгээрүүлэгч, урлаг судлаач хүн юм. Дэлхийн дэлгэцийн урлагийн түүх, онолыг нягтлан судалж, хуримтлуулсан мэдлэгийнхээ сууринд түшиглэн “Кино урлагийн үндэс” номоо 1999 онд бичиж, хойч үедээ үлдээжээ. Энэ ном эдүгээ урлагийн чиглэлийн дээд сургуулиудын багш, оюутан, кино урлаг сонирхогч уншигчдын гарын авлага болсоор байна. ХХ зууны Монголын утга зохиол, соёлын томоохон сэхээтэн, соён гэгээрүүлэгч, ууган зохиолч, үндэсний киноны нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээний Зандраа буурал маань өөрийн гавьяа зүтгэл, туурвисан бүтээлүүдээрээ Монголын урлагийн түүхэнд алсаас сүмбэрлэн харагдах уулсын ноён оргил адил үеийн үед үлдэх эрхэм хүн юм аа.

Дэмчигдоржийн МЯГМАРСҮРЭН: Урлаг судлаач, профессор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)