Монголын театрын Брехт

Х.ЧОЙДОГЖАМЦ

СУИС-ийн багш, урлаг судлаач

НАЙРУУЛАГЧ Б.БААТАРЫН “МОНГОЛ АРДЫН СУУТ”

ЖҮЖГИЙГ Б.БРЕХТИЙН ОНОЛООР ШИНЖЛЭХ НЬ

2016 онд анх найруулан, олны хүртээл болгосон “Монгол ардын суут” жүжиг ердөө долоохон дүр, дөрвөн бэсрэг үзэгдэлтэй энэ жүжгийн тайз ч ганцхан модон тэрэгнээс бүрдэнэ. Арт чиглэлийн киноны хэлийг санагдуулах өгүүлэмж, найруулгатай эл жүжигт сэтгэл зүйн триллер, далд бэлгэдэл, нөхцөлт өгүүлэмж, абсурд төрлийн элемент ч элбэг. Найруулагч Б.Баатарын энэхүү содон бүтээлийн хэлийг бид Германы нэрт найруулагч, зохиолч, сэтгэгч Б.Брехтийн театрын урлагийн шинэлэг онол, арга зүйгээр задлан ярихыг зорилоо.

Б.БРЕХТИЙН ШИНЭЧЛЭЛ, ЦАГ ҮЕ, ЭКСПРЕССИОНИЗМ

Б.Брехтийн өсөн өндийж, урлан бүтээж асан он цаг дэлхийн I, II дайны үетэй давхацдаг. Энэ үед илэрхийлэл гэсэн латин хэлний үгээс гаралтай нэр томьёогоор нэрийдсэн экспрессонизм хэмээх урсгал өрнө, дахины зарим орнуудын урлагт үүсэн дэлгэрчээ. Гол хандлага нь “ертөнц дээрх дарамтад орсон хүмүүсийн тухай үзүүлэхийг зорихдоо дүрсний хэлбэр, харьцааг гажуудуулах, хашхирсан өнгөөр тоглох, зохицолгүй өнгүүдийг нэгтгэх, ерөнхийлөн тоймлох, орон зай болон гэрэл, сүүдрээс татгалзан хавтгай дүрслэх зэрэг уран сайхны аргыг ашиглаж байлаа” .

ТУУЛЬСЫН (EPIC) ТЕАТР, ЭКСПРЕССИОНИЗМ, Д.НАЦАГДОРЖ

Б.Брехтийн уран бүтээлд, ялангуяа туульсын театрын системээ боловсруулахад нь экспрессионизм онцгой нөлөөлсөн нь мэдэгддэг. Анхны жүжгийнхээ гол дүрийг экспрессионист зураачаар сонгосон байх жишээтэй. Энэ тухайд Л.Н.Смирнова нарын “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номд:

“Германы театрт XX зууны 10-40 онд сүрхий ахиц гарсан... Энэ бүхнийг дагаад тайзны урлагийн хөгжилд уран сайхны экспрессионизмын чиглэл орж ирсэн. Мөн энэ үед жүжиг урлахуйн ухаанд Б.Брехт эргэлт хийсэн гэж болно” гэжээ.

Энд нэгэн сонирхолтой баримт дурдахад өгүүлэн буй “Монгол ардын суут” жүжгийн гол баатар зохиолч Д.Нацагдорж маань Герман улсад дээр өгүүлсэн цаг үед суралцаж таарсан байдаг. Түүний уран бүтээл, онцлон “Харанхуй хад” өгүүллэгийг нь судлаач Ч.Болдбаатар, Э.Тогтуун нар шинжлэн үзээд:

“Их зохиолчийг сурч байх үед “Гүүр”(Die Bruche)”, “Хөх морьтон”(Der Blaue Reiter) гэхчилэн зураачдын бүлэглэл ид гаарч, умард Европыг дагуулсан төдийгүй утга зохиолын хэл хэллэгийг сэргэгээр өөрчилж шуугиан тариад байсан. Тодруулж хэлбэл, Мункийн зураг үе үеийн олон үзэгч, зураач зохиолчдод экспрессионизмыг тунхаглан ойлгуулах гол төлөөлөл нь болоод байсан тэр эрин үетэй давхцаж байв. Мункийн “Хашхираан”, Д.Нацагдоржийн “Харанхуй хад” гэсэн бүтээлийн аль алинд аюумшигийг зөгнөн сэрэх, биелээгүй өнийн мөрөөдөл хоёрын зөрчил яах аргагүй бий гэдгийг хэлэхэд илүүдэхгүй” гэсэн байна. Цаашлаад зохиолд бичвэрийн нарийн судалгаа хийн мөшгөж үзээд,

“Харанхуй хад” бол тэмдэг (илэрхийлэл), зөн (түлхэц) төдийгүй субъектын тааламжтай бус сэтгэл зүйн харилцаанд тохирсон өөр өөр тохиолдол. Тэгэхдээ илэрхийлэх төсөө ба шинжийн (болзолт) аль алинд буй тусгаар тусгаар үзэгдлүүд гэдгийг хэлэх нь зүйтэй” гэжээ.

Б.БААТАР, Б.БРЕХТ, “МОНГОЛ АРДЫН СУУТ”

Дээр дурдагдан буй “өөр өөр тохиолдол”, “тусгаар, тусгаар үзэгдлүүд” хэмээх санаа Б.Брехтийн туульсын театрын онолын гол аргачлал болох үзэгдэл бүр өөрийн дүр зурагтай (Each scene for itself), заавал дараалалтай байх албагүй гэсэн үзэл, зарчмыг яв цав баталж байх юм. Мөн профессор Д.Галбаатар “Харанхуй хад” зохиолыг бэлгэдэлт аргаар бүтсэн гэж үзэхийн сацуу “эрдэмтдийн олж тогтоосон эл зохиолын ‘далд утга’ (өгүүлэмж) нь бэлгэдлийг өргөн ашигласан төдий бус харин бэлгэдлийн бүхэл бүтэн тогтолцоо буй болгож чадсанаар тайлагдаж байна” гэж тодотгосон нь бидний өгүүлэн буй санаатай мөн утгын шижим нийлэх шиг санагдана.

Ямартай ч энэ бүгдээс Б.Брехтийн театрын цогц систем, Д.Нацагдоржийн уран бүтээлийн гоц өөрчлөлт, экспрессионизм гурав үзэл санаа, чиг хандлагын хувьд холбогдож буй нь мэдрэгдэнэ. Тэгтэл найруулагч Б.Баатар Д.Нацагдоржийн тухайд “Монгол ардын суут” жүжигтээ дээрх онцлогуудыг бүрнээ шингээн бэлгэдлийн цогцолбор гэлтэй дэглэн бүтээсэн байх нь бүр ч анхаарал татна.

Б.БААТАРЫН НАЙРУУЛГАД ИЛЭРЧ БУЙ Б.БРЕХТИЙН ОНОЛ, ТУРШЛАГУУД

1. Логик бус буюу эс дуурайсан шийдэл

Жүжиг эхлэхэд модон тэргийг гэдрэг харуулан байршуулж, 1930-аад оны нацист террор, улаан террорын хөгжим нүргэлэхэд төмөр, хаймран дугуйнууд эцэсгүй мэт галзууран эргэх нь цаанаа цөвүүн цагийн тухай үзэгчидтэй ярьж буй өвөрмөц “хэл”, өвөрмөц ритмтэй шийдэл даруй мэдрэгдэнэ. Найруулагч Б.Баатарын энэхүү “гоёмсог” хэрнээ хачин жигтэй илэрхийлэл, хэм хэмнэлийн онцлог Б.Брехтийн онолтой хэрхэн авцалдаж буйг профессор Н.Ганхуягийн тайлбарыг дуудан ярихыг хүслээ. Тэрбээр,

“Брехт хэлэхдээ “миний систем Станиславскийнхаас онц өөр юм байхгүй. Станиславский реалист (бодит) нөхцөл, дүр, дүрслэлийг шаарддаг бол минийх условность (болзолт) дүрслэлээрээ өөр юм” хэмээсэн байдаг. ‘Иймд бид хэмнэл, үнэн амьдралын хэмнэлийг тоглох хэрэгтэй’ гэж зөвлөжээ. Үнэн амьдралыг тоглох хэрэггүй гээгүй, үнэн амьдралын хэмнэлийг тоглох гэсэн юм” гэж маш тодорхой тайлбарлан хэлжээ. Үнэхээр л энэ жүжиг бол тэр чигтээ хэм хэмнэл, тэр чигтээ жинхэнэ театр байж чадсан юм.

2. Бэлгэдэлт илэрхийлэл

Модон тэрэг гэмээнэ дөрвөн өөр дугуйтай бөгөөд нэг нь л дотно мэдрэмж төрүүлэх аж. Нийтдээ жүжгийн турш модон дугуй болон Д.Нацагдоржийн хоршил дүрслэл таван удаа гардаг(Модон дугуй тэврэн хэвтэх Д.Нацагдорж, Модон дугуй эргэхэд гарч ирэх Д.Нацагдорж, Согтон унахад толгойн тушаах модон тэрэг, Модон дугуйны дэргэд зохиолоо бичих Д.Нацагдорж, Модон тэрэгний дугуй тэврэн үхэх Д.Нацагдорж).

3. Туульсын өгүүлэмж

Брехтийн туульсын театрын өгүүлэмж нь туульсын бүтээл дэх өнгөрсөн цагт болсон зүйлсийг нөхөн сануулж, нэхэн хүүрнэх буюу нэгийг нөгөөгөөр дам дамаан илэрхийлэх уран сайхныг чөлөөтэй ашиглахыг хэлж байна. Үзэгчдэд жүжгийн бүтэц, тайзны тавилт , жүжиглэх аргууд цөм зориуд, “хэвийн бус” мэт байдлаар дамжин хүрч, шинэ ойлголт, шинэ санаа сэдлийг өдөөн хөтөлдөг аж. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд, эртний Грекийн цуут яруу найрагч Хомерын “Илиад” туульсыг судалсан эрдэмтэд,

“Хомер үйл явдлуудыг болсон дарааллаар нь энгийн байдлаар хүүрнэхээс илүүтэй тууль бүтээлд түгээмэл ажиглагддаг арга барилыг ашиглан уншигчдын анхаарлыг эзэмдэхээр оролджээ. Энд уншигчийг үйл явдлын гүнд шууд татан оруулах арга буюу Ромын яруу найрагч Горацийн тодорхойлсоноор in media res (лат. “яг голд нь аваачих”) арга ашигласан байдаг. Хомерын хүүрнэл есөн жилийн дайны сүүлчийн онд эхэлнэ” гэжээ.

Уг жүжигт Д.Нацагдоржийн амьдралыг нэхэн өгүүлэхдээ амьдралынх нь нэгхэн шөнийн явдалд зангидсан. Үргэлжийн харанхуй орчин, хүйтэн борооны тасралтгүй чимээ, барьцгүй хоосон оройн зайн нөхцөлүүд нь жүжгийн гол санааг маш содоноор адилшаан харуулна.

4. “Хүнийсэх” зарчим буюу дүрслэлийн цогц хэл

“Хүнийсэх” зарчмыг бид зөвхөн жүжигчиний тоглолт дээр голчлон ярьдаг, ойлгодог. Гэвч угтаа тэр жүжгийн бүхий л утга санааг илэрхийлж буй дуу, шүлгээс авхуулаад тайз, найруулга, үзэгч гээд цөм уран сайхны дүрслэлийн нэгэн хэл болж оршихыг, тэгж гэнэт өөр өнцгөөс харах, өвөрмөц шийдлүүд ашиглахыг өгүүлсэн хэрэг юм.

“Жүжигчин дүрдээ орон шингэх нь түүнийг зүгээр илэрхийлэгч, эсвэл дүрийн өмгөөлөгч болгож байна гэж үзээд жүжгийн дүрүүдийн хооронд бус, зохиолч хийгээд дүрүүдийн хооронд зөрчил байдаг тул жүжигчин хүн дүрд хандахдаа зохиолчийн юм уу, эсвэл өөрийн үзэл бодлыг илэрхийлэх ёстой гэсэн санал тавьжээ” гэсэн байдаг. 

Үүнийг Б.Баатар найруулагч Ц.Хулангийн зохиолд буй “Хар хүн” хэмээх муу ёр, мөхлийн ёр зөн мэт нууцлаг дүрээр, Д.Нацагдорж тэр хоёрын харилцан яриа, этгээд хачин тоглолтоор бий болгосон байдаг. Энэ бүхнийг үзэгч жүжгийн эцсийн цэг хүртэл эргэцүүлэн бясалгаж, өөртөө бодож дүгнэнэ гэдэг сая жүжиг гэмээнэ жүжиг болж буйн шинж буй заа. Жүжиг бол амьдрал биш, театр байх ёстой билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)