Монголын соёл монгол эрдэнэ

СУИС-ийнхан энэ хичээлийн жилд хийсэн бүтээлүүдээсээ сорчлон “Монгол эрдэнэ” нэрээр нэгдсэн тайлан тоглолт зохион байгуулав. СТӨ-нд болсон уг тоглолтыг уртын дууны ангийн оюутнууд “Дөрвөн цаг”-аа шуранхайлан эхлүүлсэн бол үндэсний их найрал хөгжмийн шилдэг бүтээлээр үргэлжлүүлсэн. Бүжгийн урлагийн ангийн оюутнууд “Айзамт торгууд” биелгээ бүжсэн нь энэ бүхэн эцэг өвгөдөөс минь эхтэй гэдгийг эрхгүй сануулсан юм. Ф.Шопены төгөлдөр хуурт зориулсан “Хувьсгалын этюд”, Хөгжмийн урлагийн сургуулийн дуурийн дуулаачийн ангийн оюутан О.Урангоогийн дуулсан Н.Жацанноровын “Аз жаргалын бороо” романс, Бүжгийн урлагийн сургуулийн гоцлоочдын “Уран хас” бүжгэн жүжгийн “Адажио” зэрэг нь Монголын урлагт дэлхийн сонгодог урлаг хэдийнэ биеллээ олсны илрэл байлаа. СУИС төгсөгчдөөс Монголынхоо нэрийг дэлхийд таниулж яваа дуурийн дуулаач олон. Тэдний залгамж болох оюутнууд хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав, ээж хоёр минь”, Ж.Россинийн “Мяу мяу” зэрэг бүтээлийг дуулсан нь мэргэжлийн дуучдаас ялгарахааргүй байсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй.

СУИС зургаан салбар сургуульдаа 40 орчим төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Орчин үеийн нийгэм хөрвөх чадвартай мэргэжилтэн шаардах болсон. Театр болон Хөгжим, Бүжгийн урлагийн сургуулийн оюутнууд У.Эрдэнэбаярын “Дурлалын гудамж” мюзиклээр энэ шаардлагад нийцэхээ харуулсан. Мөн тус сургууль соёл, урлаг судлаачдыг бэлтгэдэг. Судлаачид “Хурган чих” хэмээх алганд багтам эртний үлээвэр хөгжмийг олж, судлан, үйлдвэрлэж, өвлөн уламжлуулж байгаа юм байна. Энэ хөгжмөөр Хөгжмийн урлагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, судлаач, доктор Ц.Цэвэгсүрэн 78 дугаар сургуулийн сурагчдын цөөхүүлтэй хамтран “Бүүвэйн дуу”-г тоглосон нь үзэгчдийг гайхшируулав.

СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогосын хэлснээр “Монгол эрдэнэ” тоглолтын тайлал болсон гурав дахь хэсэгт Хөгжмийн зохиолч С.Соронзонболд, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг нарын “Туульсын хатад” үндэсний хөгжимт гоцлол бүжиг, “Өнчин сохрын ари” хөөмэйн гоцлол, тус сургуулийн инновацын бүтээл хадны зургийг бүжгээр амилуулсан “Хөмөргөн гурвалжин” бүжгийн хэсэг, эртний монгол хөгжмийн аялгуу “Ертөнцийн анир” ятгын гоцлол зэрэг бол хүмүүн хийгээд байгаль дэлхийн гарал үүслийг эрхгүй бодуулж, хүн байхын учир утгыг сануулам бүтээлүүд байлаа. Тайлан тоглолтын төгсгөлд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын “Өнө мөнхийн орон” дууг энэ сарын 9-нд Мосвагийн Улаан талбайд дуулсан СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг, Хөгжмийн урлагийн сургуулийн нэгдсэн найрал дуучидтай хамтран дуулсан нь санаа алдам, сэтгэл татам сайхан байлаа. Энэ бол СУИС Монгол соёл, монгол эрдэнээ хойч үедээ түгээж, дэлгэрүүлж буйн илэрхийлэл болов.

Нийт 400 хүн оролцсон тус тоглолтын үеэр оюутнуудын уран болон гэрэл зургийн үзэсгэлэн, судлаач багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд, инновацын төсөл зэргийг дэлгэн үзүүлж, залууст мэргэжлийн баримжаа олгох үүднээс зөвлөгөө, мэдээлэл өгч байлаа. Энэ бол тус сургуулиас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй ажил юм.

Д.Мөнгөншагай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)