Монголын сонгуулийн гажуудсан тогтолцоо

Германы Христийн ардчилсан холбооны Эдийн засгийн зөвлөлийн (Wirtschafts¬rat der CDU) Өсөлт, инновацын газрын даргаар ажиллаж байсан Иоханн Фурманн, Конрад Аденауэр сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын бодлогын ахлах шинжээч, Билефельдийн их сургуулийн магистр (M.A) Макс Дакстей нар Монголд өрнөсөн сонгуулийн үйл явцыг ажиглаж, дараах нийтлэлийг бичжээ.

Монголд УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дараа зарим бие даан нэр дэвшигч саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж эхлэв. Мөн жижиг намууд, АН-ын зарим гишүүн эдгээр шаардлагад нэгдлээ. Олон нийтэд ойлгомжгүй таслал, санал өгөх хүний тоо хэдэн зуугаараа илүү гарсан гээд эргэлзээ төрүүлсэн мэдээлэл борооны дараах мөөг адил их байсан боловч хэн ч хэрэгсэхгүй өнгөрөх нь.

Монголын сонгуулийн өнөөгийн тогтолцоонд томоохон гажуудал байгаа нь энэ мэт хууль бус үйлдлээс тодорхой байна. Эдгээр гажуудлыг засах нь нэн шаардлагатай бөгөөд бэрхшээлтэй асуудал. Нэг хэсэг нь Монголын улс төрийн хүч, түүний бүтэц, ерөнхий төлөв байдлыг хүлээн зөвшөөрөх замаар, зарим нь Сонгуулийн тухай хууль, ялангуяа намын санхүүжилтийг өөрчлөх аргаар шинэчлэл хийх боломжтой гэж үзэж байна.

Шилжүүлэх боломжгүй олон тооны санал нь одоогийн сонгуулийн тогтолцооны дагуу хүчтэй бүтэц болсон МАН (мөн бага хэмжээгээр АН)-д давуу тал авчирснаар жижиг нам, бие даан нэр дэвшигчдийг үнэн хэрэгтээ хасахад хүргэсэн нь илт байна. МАН-ын 220 000 орчим гишүүн нь бүх саналаа өөрсдийн нэр дэвшигчдэд өгдөг гэж ойлгож болно. Ойролцоогоор 2 000 000 сонгогчтой бөгөөд энэ нь 11 хувийн саналыг бүрдүүлж буй юм. Үүнийг хүлээн зөвшөөрч, тус нам сонгуулийн өмнө хүчин чармайлтынхаа тодорхой хэсгийг биет болон нийгмийн сүлжээг ашиглан, үндсэн дэмжлэг үзүүлэх энэхүү бүлгийг дайчлахад зарцууллаа.

Сөрөг хүчний үүргийг хүчтэй гүйцэтгэх үүрэгтэй АН бол дор хаяж 180 000 орчим гишүүнтэй юм. Гэхдээ АН-ын бүтэц, зохион байгуулалт муу, дотооддоо зөрчилтэй, үзэл бодол нь зангидсан гар шиг байж чадаагүйгаас гадна үндсэн бие бүрэлдэхүүн, гол цөмөө МАН-тай адил дайчлаагүй. Энэ сонгуулийн үеэр томоохон намуудад давуу тал байгааг харуулж, одоогийн сонгуулийн тогтолцооны дагуу тэд улс төрийн шинэ хүчинд хаалт хийлээ. Эрх баригч намын нэр хүндийг харгалзан гишүүн бус сонгогчдын гуравны нэгээс илүү нь МАН-аас өрсөлдөгчдийг сонгосон байна. Бие даасан, эсвэл жижиг намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх гэж байсан сонгогчдыг хүртэл хүнд сонголт хийхэд хүргэв. Хоёр том намд тодорхой нэг хагарал, хуваагдмал байдал үүсээгүй, сонгогчдын дийлэнх нь МАН, АН-аас нэр дэвшигчдийг сонгосон, ялангуяа намын төвлөрсөн сүлжээ нь сонгогчдын дунд өөрсдийгөө таниулах боломжийг нэр дэвшигчдийнхээ олонход олгосон юм. Монголын сонгогчид хоёр том намын төлөө санал өгөхөөс зайлсхийсэн ч тэдний саналыг бусад жижиг нам болон бие даан нэр дэвшигчид хувааж байв. 42 нэр дэвшигчээс бүрдсэн бие даагчдын нэгдэл сонгуулийн хөтөлбөрөө амжилттай танилцуулж чадсан ч улс төрийн идэвх сул хүмүүсийн дунд бусад нам, эвслийн адил нэр хүнд нь танигдаагүй байсан нь сонгуулийн томсгосон тойргийн тогтолцоотой холбоотой. Том тойрогт нэр дэвшигчид илүү өргөн, зардал ихтэй кампанит ажил явуулах шаардлагатай, сонгогчидтой биечлэн уулзах, тэдэнтэй нүүр тулан ярилцах нь “Ковид-19”-ийн хязгаарлалттай үед улам л хэцүүхэн нөхцөл байдлыг үүсгэж байв. Энэ нь гишүүдийн өргөн хүрээтэй суурь бааз, төвлөрсөн сүлжээ, их хэмжээний хөрөнгөтэй намуудыг дахин дэмжих боломжийг олгосон юм.

Сонгуулийн сурталчилгааны ажлыг санал өгөхөөс гурван долоо хоногийн өмнө эхлүүлсэн нь эдгээр хязгаарлалтыг улам бүр эрчимжүүлэв. МАН-ын авсан саналын хувь (44.8) ба парламент дахь суудал (81.6) хоёрын хоорондын зөрүү нь өмнөх сонгуулийн дүнгээс ч өндөр байна. Энэ нь Монголыг хоёр намын системтэй гэж үзэх нь өрөөсгөл гэдгийг харуулж, сонгогчдын 30 орчим хувь нь хоёр том намд харьяалалгүй нэр дэвшигчдэд саналаа өгсөн нь илт. УИХ дахь АН-ын авсан суудал түүний тоон гажуудал нь, мөн (нийт саналын 24.5, суудлын 14.5 хувь) жижиг нам, бие даагчдын төлөөлөл байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү 600 000 (30 орчим хувь) сонгогчийг бүрэн төлөөлдөггүй сонгуулийн тогтолцоо нь цаашид явцгүй, удаан оршин тогтнохгүй байх магадлалтай. Пропорционал төлөөлөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгаа гэдгийг Цэцийн 2016 оны тогтоолоор тодорхой болгосон авч статус-квогоор хангагдаагүй тойргийн өсөн нэмэгдэж буй хэсгийг ардчилсан байдлаар төлөөлөх арга замыг олох нь нэн тэргүүний асуудал болно.

Шударга өрсөлдөөн бүхий ардчилсан сонгуулийн орчныг бүрдүүлэх нэг элемент бол жижиг намуудад тогтвортой санхүүжилт бий болгох явдал юм. Одоогийн байдлаар санхүүжилтийн нэг хэлбэр болох олон нийтийн татаасын хэлбэр зонхилж буй ч энэ нь сурталчилгааны бодит зардалтай харьцуулахад харьцангуй бага аж. Зөвхөн парламентад суудалтай намууд 1 000 000 төгрөг хүртэлх бага хэмжээний төлбөр авах боломжтой. Нэг суудал авсан тохиолдолд нам тус бүр жилд 10 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг. Энэ нь нэг талаас харахад өндөр сонсогдож магадгүй ч одоогийн сонгуулийн мөчлөгт нийцүүлбэл 1 сая еврод хүрч байна. Нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардал хэдэн зуун мянган еврогийн өртөгтэй ч байж болно. Энэ нь шударга бус, авлигажсан сонгуулийн тогтолцоог улам бэхжүүлж байна. Улсын төсвийн тодорхой хэсгийг хоёр том намд хуваарилах, татаас өгөх нь ихэвчлэн хардлага дагуулдаг нь ойлгомжтой. Энэ нь ч Монголын ардчилалд алсдаа маш их хортой. Өнөөдөр улс төрийн албан тушаалд өрсөлдөх нь иргэний идэвх, оролцооноос гадна эдийн засгийн хувьд ноцтой эрсдэл учруулж байна. Жижиг болон хоёр том намд төсвийн татаасыг санал болгож, улмаар хувийн санхүүжилтгүй орчин бүрдүүлэх нь одоогийн тогтолцоог шинэчлэх хууль ёсны арга зам болж өгнө. Мэдээж үнийг хатуу хяналттай зохицуулалтаар тодорхой болгох ёстой. Харамсалтай нь, парламент дахь үнэмлэхүй олонх МАН намын санхүүжилтийн хуулийг хэрэгжүүлэх сонирхол тун бага байгаа. Ерөнхийлөгчийн санаачилгаар Э.Гэрэлт-Од, О.Чулуунбилэг нараар ахлуулсан хуульч, судлаачдаас бүрдсэн баг 2016 онд Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан бөгөөд үүнд намуудад үзүүлэх төрийн татаасын зохицуулалтыг Германы хуульд үндэслэн танилцуулсан ч тухайн үеийн УИХ энэ асуудлыг харамсалтай нь хэлэлцээгүй.

Түүнээс гадна бас нэг асуудал бол хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөл. Хэвлэлийн өмчлөл нь намын санхүүжилтийн ихээхэн хэсэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь томоохон намуудад хамааралтай байдаг нь санаа зовох асуудал мөнөөс мөн гэдэг нь анзаарагдлаа. МАН дийлэнхийг нь эзэмшдэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн ноёрхолд ашиглах нь анхаарал татаж буй төдийгүй цаад өмчлөл болоод ил тод бүтэц байхгүй нь улс төрийн өрсөлдөөн, тухайн салбарын орчныг тодорхойгүй байдалд хүргэж байна. Хэдий нөхцөл байдал сүүлийн жилүүдэд доройтсон ч Монголын хэвлэлийн хүрээлэн гэх мэт байгууллага тэдгээрийн өмчлөл, сонирхлын бүлэглэл, түүний сүлжээг ил болгох талаар сайн ажиллаж байгаа.

Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай энэ мэт гаж тогтолцоо, шударга бус байдал нэг шөнийн дотор шийдэгдэхгүй. Гэсэн хэдий ч Монголын ардчиллын төлөө байнга хаяглагдаж байх ёстой учир яаралтай засаж залруулах нь чухал. Үндсэн хууль нь төлөөллийн ардчиллын боломжийг хязгаарлаж байгаа боловч улс төр дэх хоёр том намаас өөр хувилбар хүсэх сонгогчдын тоо өсөн нэмэгдэж буйг заавал харгалзан үзэх шаардлагатай бөгөөд намын шударга, тогтвортой санхүүжилт л энэхүү хүчин чармайлтын үндэс болно. Эцэст нь хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэт улстөржсөн байдал нь улс төрийн тавцанд шинэ санаа бодлоо идэвхтэй солилцоход саад болсоор буй юм. Өнөөдрийн улс төрийн орчинд бүтцийн өргөн цар хүрээтэй шинэчлэл хийх боломжгүй юм шиг санагдаж байна. Эдийн засаг хүндэрч буй энэ үед, ирэх саруудад эдгээр асуудал улс төрийн хүрээнд нэн тэргүүнд тавигдахгүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)