“Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” болно

“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д  “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар зохион байгуулах гэж байна.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулах аж.

Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, бизнес уулзалт, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 3 чиглэлээр зохион байгуулна.

Салбар хуралдаан нь дараах 6 хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:

  1. Үйлдвэрлэгчдийн оролцоо – Худалдан авалтын оновчтой тогтолцоо
  2. Мэдээллийн технологийн эрх зүйн орчин
  3. Бүтээгдэхүүний чанар – Хувийн хэвшлийн итгэлцэл
  4. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - Оюуны өмчийн менежмент
  5. Старт ап – Хөрөнгө оруулалтын ээлтэй орчин
  6. Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ

Энэ жилийн чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, зах зээл дэх програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд дотоодын програм хангамжийн компаниудыг түлхүү оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд бодлогын  дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлж, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулах юм.

Чуулганы үр дүн:

  • Хөрөнгө оруулагчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид ба програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын оролцогчид хоорондын ойлголцол, түншлэлийг нэмэгдүүлэх замаар програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх
  • Зах, зээлийн эрэлт хэрэгцээ ба шаардлагыг илүү нээлттэй,  тодорхой болгох замаар програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлох замаар Цахим Засаг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэл боловсруулах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)