“Монголын нууц товчоо”-гоороо монголчууд дэлгэцийн бүтээл хийлээ

“Монголын нууц товчоо” номыг анх удаа бүрэн эхээр нь зурагжуулж, дуу, дүрс, хөдөлгөөн бүхий дэлгэцийн бүтээл болгожээ, монгол залуус. Дэлхийн түгээмэл хэл гэгддэг анимэйшний нэг төрлөөр бүтээсэн “Монголын нууц товчоо түгээмэл эх” киноны нээлт өчигдөр “Тэнгис”-т болов. “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн 10 жилийн ойгоор энэхүү бүтээл мэндлэхэд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгө, цаг зав орсон учраас нээлтийн ёслол тэр хэрээрээ зочин олонтой байлаа.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон нь Монголын түүх соёлын нэвтэрхий толь болох “Монголын нууц товчоо”-г хүн төрөлхтөнд түгээж, монгол өв соёлыг дэлхийд таниулах зорилготой уг төслийг тэрбээр 2008 оноос хойш дэмжиж ирсэнтэй холбоотой аж. “Монголын нууц товчоо”-гоор дэлгэцийн бүтээл хийнэ гэдэг бол зөвхөн гоё зураг зурахын нэр биш, судалгаа, шинжилгээний нөр их ажил, бас авьяас, билгийн нийлбэр гэдгийг Төрийн тэргүүн энэ үеэр онцолсон.

“Монголын түүх, соёлын нэвтэрхий толь болсон “Монголын нууц товчоо”-г дэлхий дахинд түгээж, таниулах эрхэм зорилгоор 2008 онд ажлаа эхэлсэн ч үнэндээ ийм хол явна гэдэг итгэл бидэнд байгаагүй. Учир нь түүх, соёлын иймэрхүү контент бэлтгэх ажил олон шалтгааны улмаас замхрах нь элбэг байдаг. Харин бид өнгөрсөн хугацаанд “Монголын нууц товчоо”-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол гэсэн долоон хэлээр хэвлүүлж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчлахад бодит хувь нэмэр орууллаа. Эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг байгууллагуудынхаа дэмжлэгээр бид төслийн дараагийн шатаа амжилттай эхлүүлж, түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан шинэ киногоо өнөөдөр нээж байна” хэмээн зураач Р.Батцэнгэл ярилаа.

“Иймэрхүү ажил тун ярвигтай. Залуу хүн байж хүсэл мөрөөдөл, зорилгодоо яасан үнэнч тууштай юм бэ” гээд эхэндээ түүнд эргэлзэж байсан тухайгаа археологич Д.Эрдэнэбаатар нээлтийн үеэр нуулгүй хэлсэн. Ардын жүжигчин П.Цэрэндагва “Монголын нууц товчоо”-г радиогийн болон дэлгэцийн бүтээлд зориулж гурван удаа уншиж, бичүүлсэн боловч аль нь ч олон нийтийн хүртээл бололгүй замхарсан гэдэг.

Харин энэ удаа тэрбээр “Монголын нууц товчоо түгээмэл эх” киноны өгүүлэгчээр ажиллаж, олон жил “хяссан” хүслээ биелүүлсэн гэхээр урлаг, соёлын бүтээлд хөрөнгө санхүү ямар чухал байдгийн жишээ биз. Энэхүү бүтээлийг ивээн тэтгэж, олон нийтийн хүртээл болгоход “Рио тинто Монголиа”, “Түмэн хишигтэн”, “Женко тур бюро”, “Скайтел” компани хамтран ажиллажээ.

“Энэ сайхан бүтээлийн нээлтэд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. “Рио тинто” групп Монгол Улстай урт удаан хугацааны түншийн хувьд монголчуудын өв соёлыг сэргээн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ямагт хамтарч ажиллахдаа таатай байдаг. 2012 онд “Оюутолгой” ХХК “Монголын нууц товчоо” судрыг аудио хэлбэрээр бичүүлж, зохиогчийн эрхтэйгээр олон нийтэд түгээх ажлыг ивээн тэтгэж, энэ том үйлсэд хувь нэмэрээ оруулж байсан билээ.

Энэ удаа бас нэгэн түүхийг бүтээхэд хувь нэмэр болсондоо баяртай байна. “Монголын нууц товчоо” хэмээх агуу бүтээлээс дэлхий дахинд үлгэрлэх, бахдах зүйл маш олон гэж би боддог. Миний хувьд “Алунгоо эхийн сургаал” дахь эв эеийн тухай домгийг үргэлж санаж явдаг” хэмээн “Рио тинто” группийн харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Симон Нийвэн ярилаа.

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн хамт олон бүх насныханд зориулсан гурван бүлэг цуврал хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөснөөс эхний 25 ангийг ийнхүү бэлэн болгосон байна. Нээлтийн өдөрлөгийн хүрээнд өчигдрөөс эхлэн гурван өдөр “Тэнгис” кино театрт уг бүтээлийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Мөн “Sky мedia IPTV” энэ сарын 23 хүртэл үнэгүй үзүүлэх аж. Бас нэг сайхан мэдээ дуулгахад, уран бүтээлчид цуврал киноноос олох орлогоо хоёрдугаар бүлгийн 28 ангийг бүтээхэд зориулах бөгөөд энэ санаачилгыг нь дэмжин, хамтарч ажиллах тухайгаа ч “Рио тинто Монголиа”, “Скайтел” компанийн төлөөлөгчид мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)