Монголын нийт 59 мянга гаруй иргэн Казакстан Улсын иргэн болжээ


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийв. Хуралдаанд Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

    Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нар тус тус танилцуулав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Монгол Улсад” гэснийг, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус хасах  Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг; ” гэж,   9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг  “тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

    Хуралдааны төгсгөлд  Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төслийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

    “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төслийг Казакстаны талтай тохироод байна. 

    Уг төсөлд, гэрээний 4 дүгээр зүйлд заасан Казахстаны талын харилцах төв байгууллага гэдэгт БНКаз.У-ын Хууль зүйн яам, БНКаз.У-ын Ерөнхий прокурорын газрыг ойлгоно" гэсэн хэсэгт БНКаз.У-ын Дээд шүүхийг нэмж тусгах, эдгээр гурван байгууллага тус бүрийн хүлээн авах эрх зүйн туслалцааны хүсэлтийн ангиллыг нэмж оруулах, Төв байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд талууд энэ тухайгаа дипломат сувгаар бичгээр мэдэгдэх заалт нэмэхээр тусгагдсан. 

    Мөн дээрх гэрээний “Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага нь эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ энэ гэрээний 4 дүгээр зүйлд заасан байгууллагаар дамжуулан харилцах бөгөөд түүнчлэн Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Дотоод явдлын яамаар дамжуулан харилцана." гэсэн 27 дугаар зүйлийг хасах, гэрээний казах хэлээрх нэрэнд “харилцан туслалцаа" гэснийг "эрх зүйн харилцан туслалцаа" гэснээр солихоор тусгагдсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдлаа. 

    Гэрээний төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Монгол Улсаас хэчнээн иргэн тус улсын иргэн болсон талаар тодруулахын зэрэгцээ давхар харьяаллын асуудалтай иргэдийн тоог лавласан. 

    Ажлын хэсгийн зүгээс, 1994-2019 онд нийт 61904 иргэн харьяатаас гарсан бөгөөд үүний 59,812 нь Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн болсон. Мөн хугацаанд тус улсын харьяатаас гарч  Монгол Улсын харьяаллаа сэргээсэн 1811 хүн байгаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар хоёрдмол харьяалалтай буюу харьяаллын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай 11 гишүүн байна гэсэн хариулт өгсөн. 

    Ингээд “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)