Монголын найдвар болж буй жүдоч М.Уранцэцэг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.
Энэхүү тэмцээн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн юм. Одоогоор Монголын гурван жудоч барилдсанаас дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгажээ.

Монголын найдвар болох ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украины Дария Белодидэд ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй хүч сорьж цэвэр ялав. Ингэснээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны жудоч болж байна. Харин гурван медальтай хоёр дахь (Түүнээс өмнө Д.Сумъяа) жүдоч болж байна.

Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-31 хүртэл үргэлжилнэ. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний дасгалжуулагчаар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Т.Томоо, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, Л.Лувсандэмбэрэл нар ажиллаж байна.

Эрэгтэй
• 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
• 66 кг: ОУХМ Ё.Басхүү
• 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
• 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
• 90 кг: ОУХМ Г.Алтанбагана
• -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
• +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй
• 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
• 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
• 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
• 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
• 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
• -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг нар энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн барилдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)