Монголын мэргэжлийн циркчид нэгдлээ

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо байгуулагдаж, өнөөдөр анхдугаар хурлаа хийлээ. 75 жилийн тэртээ Монголын циркийн урлагийн гал бадамлан ассан өргөөндөө тэд анхны хурлаа хийж, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, тэргүүнээ танилцуулсан юм. Энэ холбооны тэргүүнээр Н.Батмөнх сонгогджээ. Тэрбээр циркийн акробатын жүжигчин мэргэжилтэй, нэг үе Улсын циркийн дарга, Соёл урлаг хөгжүүлэх сангийн даргаар ажиллаж байсан билээ. Харин гүйцэтгэх захирлаар “X roses” сутдийн захирал, уран нугараач Т.Буд томилогджээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн шавь төдийгүй багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн шавь нараа бэлтгэж буй түүний хувьд анхдугаар чуулганаа өндөрлүүлээд БНХАУ-д олон улсын циркчдийн тэмцээнд хүүхдүүдээ оролцуулахаар явсан юм.

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд эдүгээ үйл ажиллагаа явуулж, циркийн манежинд уран бүтээлээ туурвиж буй 15 студи, продакшн, холбоо, төрийн бус байгууллага нэгдээд буй юм. Үүнд А.Энхтөр тэргүүнтэй Монголын залуу циркчдийн холбоо, Н.Эрдэнэ захиралтай Монгол циркийн хөгжлийн төв, Д.Зоригт захиралтай “Шинэ цирк” төв, Б.Ариунболдын “Монгол циркус энтертайнмент”, Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje and guys”, Б.Түмэндэлгэрийн “Гайхамшигт урлаг цирк”, Н.Доржнамжил даргатай “Монголын циркийн зүтгэлтэнгүүдийн ахмадын холбоо”, Т.Будын “X roses” студи, Б.Золбаяр ахлагтай “Zola Bro’s circus”, А.Энхтөр ахлагчтай “Enkhee boys group”, Б.Дэлгэрбаяр ахлагчтай “Монгол харцага” хамтлаг, Б.Рэнцэндорж тэргүүнтэй  “Дорнод монгол цирк, Х.Анхбаатар ахлагчтай “Талын морьтон”, Х.Ганболд  багштай “Циркус-21”, Ц.Цогт-Очир  тэргүүнтэй “Уламжлалт цирк” багтжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)